Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч нэгэнтээ суларчээ. Урин хавар ирж гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Энэ жил хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан нялх балчир, идэр залуу, настан буурал гэлтгүй гэртээ байгаа. Гэтэл сүүлийн дөрвөн хоногт буюу 2021оны дөрөвдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд 1-3 насны зургаан хүүхэд гол, тогтоол усанд живж нас барсан байна. Тодруулбал, Завхан аймгийн Цагаан-Хайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгдлээ.
Үүний хамгийн том шалтгаан нөхцөл нь эцэг эхийн буруутай үйл ажиллагаа буюу хүүхдүүдээ тавих хараа хяналтаа сулруулсантай салшгүй холбоотой юм. Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж эрсдэл бүү дагуулаарай хэмээн цагдаагийн байгууллага анхааруулж байна. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн хараа хяналт хамгийн чухал билээ.