Архангайн Тариат сумд 25 см урттай могойн хадны зураг олдсон гэх мэдээлэл сарын өмнө цахим орчинд түгсэн. Эл олдворыг соёлын өвд бүртгэсэн эсэхийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очироос тодрууллаа.
-Сарын өмнө могойн хадны зургийг нутгийн иргэн цахим сүлжээнд байршуулсан. Танай хүрээлэнгийн судлаачид тус олдворыг судалж, баталгаажуулсан уу?
-Архайнгайн Тариат сумд 10 км гаруй үргэлжилсэн өвөрмөц, ховор олон хадны зураг байдаг. Үүнийг судлахын тулд тусдаа төсөл хэрэгжүүлэх шаардлагатай юм. Түүхийн олон үнэт дурсгал байгаа учраас хэсэгчлэн судалж, баталгаажуулна. Тухайн хадны зургийг байгаа гэдгийг мэдсэн даруйдаа очоод, дангаар нь судлах боломжгүй. Түүхийн дурсгалт зүйлс устах аюулд өртөж, манай хүрээлэнд мэдээлсэн тохиолдол бид судлаачийн баг яаралтай томилж, гаргадаг юм. Энэ хадны зураг устах аюулд ороогүй учраас бид ажлын төлөвлөгөөндөө оруулж, товлосон хугацаанд судлах болно.
-Улсын хил хааснаар олон улсын судлаач нартай хамтарч ажиллах боломжгүй болсон. Тэгвэл ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн жил Улсын төсвөөр хэр судалгаа хийсэн бэ?
-Бид 10 орны 20 гаруй төсөлд хамтарч ажиллаж байсан. Цар тахлын улмаас эдгээр төслүүд үйл ажиллагаагаа түр зогсоосон учраас 2020 онд дорвитой ажил хийгээгүй. Одоогоор гадаадынхантай хамтарсан хоёр суурь судалгааг хийж байгаа. Мөн дотоодын хоёр суурь судалгааг хэрэгжүүлэхээр Соёлын яамд батлуулсан хэдий ч төсөв, санхүүжилт байхгүйн улмаас түр зогссон. Ирэх зургаан сард цаг үеийн байдлыг харгалзаж зарим хээрийн судалгааг хийхээр төлөвлөж байна. Хөл хорио тавигдаж, олон улс хилээ нээвэл дээрх 20 гаруй төсөл хэвийн үргэлжлэх болно.
Бэлтгэсэн О.Алуунгуа