Зураач, БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Урлагийн төв академид урлагийн бизнесийн менежмент мэргэжлээр суралцаж буй Э.Тэмүгэтэй ярилцлаа. Урлагийнхан, дүрслэх урлаг сонирхдог хүмүүс түүнийг “Blue moon” галерейн захирал байсан гэдгээр нь мэддэг. 2012 онд СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн монументаль урлалын ангийг төгссөн даруйдаа галерей ажиллуулж, уран бүтээлчид, үзэгчидтэй харилцаж, хамтарч ажиллаж эхэлснээс хойш таван жилийн дараа өмнөд хөршид ахисан түвшинд суралцахаар одсон түүнийг урлагийн менежмент чиглэлийн чамбай мэргэжилтэн болно хэмээн хардаг. Зураач аав, ээжийн охин тэрбээр сурч боловсрохын сацуу амьдралын хамгийн том, ээж хэмээх албан тушаал хашиж явна. Эднийх ойролцоо насны хоёр хүүхэдтэй. Гэсэн ч тун хөдөлмөрч тэрбээр санаж сэдсэн ажлуудаа огтхон ч хойш тавилгүй урагшлуулсаар байгаа аж. Зураач, урчуудад хандан бичдэг нийтлэлүүд нь биднийг өөд өөдөөсөө харж суухад хүргэсэн юм.
-Бээжин дэх Урлагийн төв академи нь Азид томоохонд тооцогддог сургууль санагдана. Өмнө нь монгол оюутан төгссөн үү?
-Тийм ээ. Манай сургууль Ази, төдийгүй Европт ч нэр хүндтэй. Олон орноос оюутан суралцдаг, дэлхийн урлаг, соёлын нэгэн чухал төв. Монголчууд тун цөөхөн төгссөн юм билээ. Одоо бол гурвуул сурдаг. Нэлээд олон даваа давж, сорилтуудыг туулж суралцах болсон.
-Зорьж очсон байх нь ээ?
-Би бүр дунд сургуульд байхын яг энэ сургуульд сурах юм шүү гэж боддог байсан юм. Аав минь зураач Б.Эрдэнэбат, ээж минь зураач З.Уянга. Эцэг, эх минь ажил, амьдрал, амжилт, магадгүй алдаа, оноогоороо ч охиныхоо сэтгэл зүйг урлагийн менежмент чиглэлд бэлтгээд өгчихсөн юм билээ. Аливаа ажлыг хийхэд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал шүү дээ. Аав, ээж хоёр бага байхаас минь урлагаар хүмүүжүүлснээр, том болоод ийм ажил хийдэг хүн болох юм шүү гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго бий болсон гэж боддог. Ийм мэдрэмж галерей ажиллуулж байхад төрсөн л дөө. Урлагийн менежментээр суралцахын тулд зураач болсон. Боломжийн хөрс, суурь болсон санагддаг. Хэрвээ би зураач болоогүй бол менежментэд хэдий дуртай ч төдийлөн амжилт олохгүй болов уу. Манай улсын чадварлаг, чансаатай зураачид бүтээлээ яагаад олон улсын зах зээлд гаргаж чадахгүй байна вэ, тэд ийм гоёор туурвидаг гэдгийг дэлхийн урлаг судлаачдад, урлагийн бүтээлийн худалдаачдад, өнөө алдартай дуудлага худалдаа явуулдаг газруудад хэрхэн хүргэх вэ гэх зэрэг бодол улам бүр эзэмдэх болсноор менежментийг амьдралаа болгохоор шийдсэн. Бодоод, мөрөөдөөд суух нэг хэрэг. Харин бодит ажил болгож хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдгээс бүх зүйл хамаарна. Би сэтгэл шулуудсан. Багаас хүссэн сургуульдаа суралцах эрхтэй болох гэж бартаатай зам туулсан л даа. Яривал урт түүх болно (инээв).
-Тэгэхээр дотоодод бүрэлдэж бий болсон оюуны хүчийг Монголынхоо дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэхэд зориулахаар шийджээ хэмээн дүгнэж болох уу?
-Болно оо. Дүрслэх урлаг хөгжих, хөгжүүлэх замыг нээхийн тулд экосистем бүрдүүлэх ёстой. Үүний тулд урлаг судлаач, шүүмжлэгч, урлагийн менежер, цуглуулагч, куратор аль болох олноор ажиллавал орчин бүрдэж, зам сайжирна. Би хэд хэдэн чиглэлээр ажиллахаар судалгаа хийж байгаа. Юуны өмнө сургуулиа төгсөнө. Ер нь багахан хугацаа үлдсэн.
-Таны байс хийгээд хүргэдэг нийтлэлүүдийг уншдаг зураачид талархал илэрхийлдэг. “Чи минь л бидэндээ зүг чиг гаргаж өг” гэсэн утгатай зурвас ч байсан. Дүрслэх урлагийн уран бүтээлчдээ өнөөдрийнхөөс илүү амжилтад хүрээсэй гэсэндээ бичиж, зөвлөдөг үү?
-Ажлаа хийж байна үзэж ч болно. Урлагийн менежмент, бизнес, бүтээл худалдах ч тэр бат бөх ойлголтод суурилна. Урлагийн менежмент манайд өнөө хэр шинэ ойлголт хэвээр байна. Тийм болохоор юуны өмнө хүмүүсээ бэлдэх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй оронд суралцаж, мэргэжил эзэмшсэн зарим судлаач бичдэг л дээ. Гэтэл гадаадынхны нүдээр хардаг гэх үү, тэр өнцгөөс хандахаар хөрсөн дээр буух нь тааруу байдаг. Тэгэхээр уран бүтээлчдийнхээ дунд өсөж, өндийсөн, бүтээл туурвилыг нь үзэгчдэд хүргэх гэж хамтдаа зүтгэдэг, зовлон, жаргал хаана байдгийг нь сайн мэдэх тул бүтээн туурвигчдад аль болох ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээдэг юм.
-Зураачдын өмнө олон асуудал тулгамддаг. Эдгээрийн нэг нь бүтээлийн үнэлгээ. Энэ нь бас тэдний бүтээлийг худалдаж авахыг хүсдэг хүмүүст ч хамаатай байх. Бүтээлийг хэрхэн, тодруулбал хэн үнэлдэг юм бэ?
-Энэ асуулт бусад салбарын танил, найз нөхөд, үйлчлүүлэгчдийн зүгээс ч ирдэг. Бүтээлийг хэрхэн үнэлдэг талаар товчхон дурдъя. Тухайн бүтээлийг туурвисан хүний ур чадвар, бүтээлийн агуулга, санаа, туурвисан хугацаа, амжилт, ашигласан техник, материал зэрэг олон зүйлийг харгалзаж үнэлгээг тогтоодог.
-Хэмжээ хамаатай юу?
-Хамаатай. Гэхдээ тийм ч их биш. Харин бүтээлч нь энх тунх байгаа, эсвэл нас барсан хоёрын хоорондох үнэлгээ өөр. Урлагийн менежмент өндөр хөгжсөн, бүтээлийн үнэлгээний систем аль хэдийн тогтсон Англи, Америк, Франц гэх зэрэг оронд “Art аppraiser” буюу урлагийн бүтээлийн үнэлгээ тогтоодог мэргэжил байдаг. Энэ нь бүр тусгай мэргэжилд тооцогддог. Мөн дэлхий дээр энэ чиглэлээр мэргэшсэн хүн маш цөөн. Тэд бүтээлийн үнэлгээ хийх албан ёсны эрхтэй. Олон улсад алдартай музейнүүд, дуудлага худалдаа, өндөр түвшний галерейнууд, цуглуулагчид эдгээр үнэлгээ хийдэг мэргэжилтэнтэй хамтран ажилладаг. Урлаг ба урлагийн менежмент өндөр хөгжсөн оронд ямар түвшний дуудлага худалдаанд оролцож бүтээл нь хэрхэн үнэлэгдсэнээр тухайн уран бүтээлчийн бүтээлийн үнэлгээг тогтоодог жишиг бас бий. Гэхдээ энэ нь зөвхөн хоёрдогч зах зээлтэй орнуудад хамаарна. Манайх шиг урлагийн зөвхөн анхдагч зах зээлтэй улсын хувьд энэ тухай ярих боломжгүй юм. Өөрийн орны зураачдын бүтээлийг дотооддоо хэрхэн үнэлж ойлгон, хүртэж, хүлээж авах талаар ярих нь зүйтэй ч шулуухан хэлэхэд манайд бүтээлийн үнэлгээний систем огт байхгүй. Суурь нь ч тавигдаагүй. Учир нь түрүүнд хэлсэнчлэн манай оронд урлагийн менежмент гэх ойлголт шинээрээ шахам байна. Энэ чиглэлийн мэргэжлийн хүн маш цөөн. Харин чадварлаг, олон улсад өрсөлдөхүйц зураач, уран бүтээлчид бол бий.
-Үнэлгээний системийг яаж бий болгох вэ?
-Зөв суурьтай менежмент хэрэгтэй. Мөн бүтээлийн даатгалын асуудал гарч ирнэ. Манайд одоогоор урлагийн бүтээлийн даатгалын систем бас л байхгүй. Даатгахын тулд үнэлүүлэх, үнэлэх хэрэгтэй. Гэтэл зах зээлийн үнэлгээ хийх мэргэжлийн шинжээч байхгүй гэхэд хилсдэхгүй.
-Уран бүтээлчид хийснээ даатгуулдаг болбол ямар ямар шинэ боломж нээгдэх бол?
-Наад зах нь эдийн засгийн чадамж шат шатаар ахина. Бас олон улсын үзэсгэлэн, биенналь зэрэгт оролцоход даатгалынхаа асуудлыг эх орноосоо шийднэ. Өөрт байгаа бүтээлүүдээ үнэлүүлээд, оюуны өмчийн байгууллагаар батлуулж, даатган, эдийн засгийн эргэлтэд оруулж болох гээд өч төчнөөн шинэ боломж нээгдэнэ. Ийм нөхцөлд урлагийн бүтээл цуглуулагчид нэмэгдэх давуу талтай бөгөөд дотоодод урлагийн бүтээлийн эрэлт нэмэгдэнэ. Бүтээл худалдан авах гэдэг нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр.
-Түрүүн хэлсэнчлэн уран бүтээлчдийн өмнө шийдвэл зохих олон асуудал байдаг. Нэг удаагийн ярилцлагад бүгдийг нь багтаах аргагүй юм. Өдгөө манай улсад галерей нэлээд хэд бий. Зураачид бүтээлийн үзэсгэлэнгээ идэвхтэй гаргадаг болсон. Тэдний нийгэмд үзүүлж буй нөлөөг хэрхэн үнэлэх вэ?
-Товчхондоо, энэ хүмүүс ер ажилладаггүй гээд бодоод үзье. Улсын хэмжээнд музей, галерей, үзэсгэлэн байдаггүй гэж сэтгэе. Олон нийт ямар харанхуй байх бол. Үр дүн нь эхний ээлжид үүгээр хэмжигдэх болов уу. Үнэнийг хэлэхэд уран бүтээлчид өөрсдийнхөө хүүхдийн олон талын хэрэгцээг хойш тавьж байгаад нийгмийн соён гэгээрэлд зүтгэдэг хүмүүс. Мэргэжил, авьяас, бүтээн туурвих их хүсэл нь аяндаа шаардаад байдаг. Тэгэхээр тэдний оюун ухаан, гараас гарсан бүтээл бүрийг хайрламаар, үнэлмээр байгаа биз.