Олон улсын жүдо бөхийн холбоо (ОУЖБХ)- ноос олимпын тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийг сонгож баталсан билээ. Тэднээс манай улсын шүүгч Т.Энхцэцэг 2017 оноос хойш олон улсын жүдо бөхийн 34 тэмцээнийг дэнсэлж, сүүлийн гурван жил чансаагаараа тэргүүлэн тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч болсон юм. Тэрбээр дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019”-ийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг шүүж, өндөр үнэлгээ авсан. “Бөртэ чоно 2018” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж, Монголын спортын түүхэнд олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх анхны эмэгтэй шүүгчээр шалгарсан түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-Узбекистаны Ташкентад “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ. Сэтгэл тань хэр догдолж байна даа?
-Би жил гаруй хугацаанд тэмцээн шүүгээгүй болохоор дэвжээгээ их санажээ. Сэтгэл догдлохоос илүү тайван байж, анхаарлаа төвлөрүүлэн, алдаагүй шүүхийг хичээж байна. Хамгийн сүүлд Германы Дюссельдорфод болсон “Их дуулга”-ыг шүүчихээд ирж байснаа санахад цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Шүүчийн ажил амаргүй, ур чадвар, мэдрэмж, үүрэг хариуцлага өндөртэй байхыг шаарддаг. Тиймээс маш няхуур, хянамгай байх ёстой. Анхаарал ялимгүй сарнихад л алдаа гаргах магадлал өндөр. Шүүгчид дэвжээнд хатуу зарчим баримталдаг юм. Тэмцээнийг дэнслэх үед гар, хөлөө хөдөлгөж, олон үйлдэл хийхийг хориглодог. Барилдаан дөрвөн минут үргэлжилдэг ч маш богино хугацаанд олон мэх өрнөдөг болохоор тамирчдаас ч хурдан сэтгэх учиртай. Тамирчны амжилтын ард олон хүний хүч хөдөлмөр, итгэл найдвар байдаг тул алдаатай шүүх эрхгүй. Тиймээс сэтгэл зүйгээ сайтар бэлдэх ёстой. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс өөрийнхөө нэрийг нэгт байхыг харчихаад баярласан ч сүүлийн хэдэн тэмцээнийг шүүгээгүй болохоор бага зэрэг түгшиж байлаа. Тэмцээнийг амжилттай дэнсэлж, дэвжээнээс буусны дараа л сэтгэл тайвширдаг. Манайхан “Их дуулга”-ын тэмцээнүүдэд амжилттай оролцвол 10 гаруй эрх авах болов уу гэж найдаж байгаа. Би өмнө нь энэ хотод 2019 онд ирж гран при тэмцээн шүүсэн. Энд бөхийн тэмцээнийг маш сайн зохион байгуулдаг нь өмнөх шүүлтээс харагдсан. Тамирчид нь ч хүчтэй, тэр хэрээр тэмцээн өрсөлдөөнтэй болдог.
-Гэрээсээ цүнхээ аваад гарахад танд ямар мэдрэмж төрдөг бол?
-Сонин мэдрэмж төрдөг. Аялалд явах бус дэвжээн дээрх барилдааны алдаа, оноог шүүх гэж байгаа болохоор заримдаа амаргүй санагдах үе бий. Би гэр амьтай. Гадагшаа явахаараа аав, ээж, хань, хүүхдүүдээ их санадаг. Энэ удаа 50 гаруй хоног гэрээсээ хол байх нь.
-Өөрт тань олон улсын эмэгтэйчүүдийн баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэсэн удаа ховор байх аа?
-Тийм шүү, сүүлийн гурван жил Цагаан сар, эмэгтэйчүүдийн баяраар тамирчидтайгаа гадаадад байж таарсан. Харин энэ жил сар шинийг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Айлын эзэгтэй болохоор баяр ёслолоор гэртээ тухалж, хоол, цайгаа өөрөө бэлдэхийг хүсдэг. Би хүүхдүүдээсээ илүү шавь нартаа санаа их тавьдаг. Тэмцээн шүүхээр явахдаа ч шавь нараа бэлтгэл сургуулилалтаа цалгардуулах вий, барилдаж байгаад бэртэж, гэмтчих вий гэж зовнидог. Тэмцээн шүүсний дараа медаль хүртэж буй тамирчдыг хараад “Миний шавь нар ч гэсэн эдэн шиг амжилт гаргаад хэзээ нэгэн цагт шагналын тавцанд зогсоно” гэж боддог. Шавь нараа амжилт гаргахыг хараад өөрөө шагнал хүртсэнээс дутуугүй баярладгийг багш болоод ойлгосон.
-“Тэмүүжин” спорт сургалтын төвд багшаар олон жил ажилласныг тань санаж байна.
-Би жүдогийн багшаар 2005 оноос ажилласан. Шүүгч болсны дараахан Казахстан улсын нэр дээр барилддаг Г.Отгонцэцэгийн дасгалжуулагч Д.Энхбаатар багш тус сургалтын төвд ажиллах санал тавьсан юм. “Хүн өөрийнхөө төлөө юу хийнэ, амьдрал түүгээр шагнана” гэдэг үг бий. Жүдо бөхөд тууштай, үнэнч зүтгэсний эцэст бүх зүйлийн тохироо бүрдэж, урагшилсан гэж боддог. Миний гаргасан шийдвэр, сонголт, шүүгч, багшаар ажилласан гээд амьдрал минь жүдотой салшгүй холбоотой. Шавь нараа харахаар сүүлдээ өөрийн үр хүүхдээс ялгаагүй санагддаг болдог юм билээ. Тэднийхээ сэтгэл зүй ямар байгааг харц, үйл хөдлөлөөс нь хараад л мэднэ. Би шавь нараа үглэж зэмлэхээс илүү сэтгэл зүйтэй нь ойр байж, зөвлөн ярилцахыг хичээдэг. Хүүхдүүд “Багш аа, би ирээдүйд ийм мэргэжилтэй болохыг хүсдэг. Тантай зөвлөлдөх гэсэн юм” гээд ярина. Заримынх нь аав, ээжтэй хүүхдэдээ ямар мэргэжил сонгуулах талаар нь хүртэл зөвлөлддөг. Миний хувьд хүүхдүүдэд зөвхөн жүдо заах бус, амьдрах чадвар эзэмшүүлэх нь чухал санагддаг. Өнөө үед ажилдаа сэтгэлээсээ ханддаг, өөрийнх нь төлөө хэлсэн зэмлэл, шүүмжлэлийг даадаг хүн ховор болжээ. Тиймээс шавь нартаа “Аливаа зүйлд хариуцлагатай ханд, өөрийнхөө хийж буй зүйлд сэтгэлээ зориул. Хэлсэн, хийсэн зүйлдээ эзэн байгаарай” гэж хэлдэг. Жүдогоор хичээллэсэн хүүхэд бүр олимп, дэлхийн аварга болохгүй ч эерэг хандлагатай зөв хүн болж төлөвшдөг.
-Та Ц.Шийрэв багштай их сонин тохиолдлоор танилцаж, шавь нь болсон гэл үү?
-Би 1997 онд жүдо бөхөөр хичээллэсэн. Аав минь тэр үед МУБИС-ийн ойролцоо ТҮЦ, цайны газар нээхэд би ажилладаг байлаа. Өмнө нь өөрийгөө жүдогийн тамирчин, шүүгч болно гэж бодоогүй. Аавын талын ах дүүс худалдаа эрхэлдэг болохоор би зуны амралтаараа ажил хийж, олсон мөнгөөрөө хувцас, хичээлийн хэрэгслээ бэлддэг байлаа. Тэд намайг бараа зөөж байхыг харчихаад “Манай Энхээ бяртай, бөхийн секцэнд оруулж барилдуулах сан” гэнэ. Нэг өдөр үдийн цайнаар Ц.Шийрэв багш хооллохоор ирэхэд нь танилцаж билээ. Багштайгаа тэнд тааралдаагүй бол өдийд жүдогийн ертөнцтэй хувь заяагаа холбохгүй байсан болов уу.
ӨӨРИЙГӨӨ ШИЛДЭГ НЬ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БОДДОГГҮЙ
-Жүдо бөхийн дэвжээнд хөл тавьсан анхны өдөр ямар сэтгэгдэл төрөв?
-Үеийнхээ тамирчдын бэлтгэл хийхийг хараад их татагдсан. Эхэндээ амаргүй санагдсан ч шантрах бодол төрөөгүй. Дэвжээнд гарах тусам жүдод дурлаж, миний хэтийн амьдрал мэт санагдах болсон. Намайг жүдогоор хичээллүүлэхээр багштай минь учруулсан тэр өдөрт одоо ч талархдаг. Надад тэр үед энэ спортын босгоор алхах боломж бүрдсэн шиг санагддаг юм. Багш миний бэлтгэл хийхийг хараад “Шавь минь эрчүүдээс дутахгүй хүчтэй, бяртай” гэж урам хайрладаг байв. Тэр цагаас хойш багшийнхаа тууштай, хөдөлмөрч зан чанараар бахархдаг болсон. Энэ чанараас суралцсан минь хожим хэрэг болж байна. Би 1998 онд болсон өсвөр насныхны УАШТ-д өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Намайг оролцсон тэмцээнүүдээсээ хүрэл медаль хүртэхээр багш цаашлуулж “Хүрэлцэцэг” гэдэг байлаа. Багшийн цалин өндөр биш ч зүрх сэтгэлээ шавь нарынхаа амжилтад зориулж ажиллахад чиглэдэг. Хүсэл сонирхлоороо, дуртай үедээ ирээд хийдэг ажил бус. Хожим өөрөө багш болчихоод бидний төлөө сэтгэл, хөдөлмөрөө харамгүй зориулж, амжилтаас атгуулахын тулд тухлах завгүй зүтгэсэн багшийгаа илүү ойлгосон. Би багшийн удирлага хоёр жил бэлтгэл хийсэн. Манай гэр хол, Яармагийн автобусны эцсийн буудлаас Офицеруудын ордон хүртэл явж бэлтгэл хийнэ. Автобус одоогийнх шиг олон байгаагүй. Цаг гаруй хүлээж, хүмүүстэй чихэлдээд арай гэж сууна. Хичээл, бэлтгэл хийх цагаасаа хоцрохгүйн тулд Спортын төв ордонд ирж, Б.Буядаа багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн. Ц.Шийрэв багшаа голсон хэрэг биш. Хэдийгээр тамирчин байхдаа гялалзтал амжилт гаргаагүй ч 2016 онд жүдо бөхийн ахмадын ДАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэндээ баярладаг.
-Та өнгөрсөн жил дэлхийн шилдэг шүүгч болсноо олонд зарлаагүй. Тэр үед ярилцлага авахаар санал тавихад татгалзсан. Энэ удаа ч гэсэн “унжиж” байж арай гэж зөвшөөрлөө. Ажиглаад байхад амжилтынхаа ард нуугдаж, нам гүмхэн амьдрах дуртай хүн шиг санагдлаа.
-Би ямар ч үед даруу байхыг эрхэмлэдэг.Тэмцээнээс бусад үед олны өмнө ил гарахыг хүсдэггүй. Шүүсэн тэмцээнүүдийнхээ талаар бодол, сэтгэгдлээ хүмүүстэй тэр бүр хуваалцаад байдаггүй. Цахим хуудастаа ч мэдээлэл тавьдаггүй. Өөрийн амжилтыг сайрхахаас илүү хариуцсан ажлаа сайн хийхийг хичээдэг. Дэлхийн шилдэг шүүгч болж, олимпын наадмын тэмцээнийг шүүх эрх авахад Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, хамт олон, гэр бүл, найз нөхөд, шавь нар гээд олон хүний халуун сэтгэл, дэм тус шингэсэн. Өөрийгөө хамгийн шилдэг нь гэж хэзээ ч боддоггүй. Тэмцээнийг шударга шүүх бодол хамгийн түрүүнд надад төрдөг. Тиймдээ ч сүүлийн үед тэмцээн шүүж байх үеийн сэтгэл, үйл хөдлөлийг минь дуран авайд буулгасан гэрэл зурагчдын зураг, бичлэгийг хүртэл үзэхээ бараг больсон. Гадаадын шүүгч нар миний нэрийг хэлж чаддаггүй, Төрбат гэж аавын нэрээр дууддаг. Нэг шүүгч зурагтаар намайг харчихаад “Монголын Төрбат инээдэг болов уу” гэж найзаас минь асуусан гэдэг. Амьдрал дээр бол би их инээмтгий. Хамт байгаа хүмүүсээ цаашлуулан хошигнож, инээлгэх дуртай. Харин дэвжээнд гарахдаа анхаарлаа төвлөрүүлдэг нь зарим нэг шүүгчид ууртай мэт сэтгэгдэл төрүүлдэг байх.
-Хань тань Монголын жүдо бөхийн холбооны менежерээр ажилладаг байх аа?
-Тийм ээ, ханийг минь И.Отгонбаяр гэдэг. Тэмцээн шүүх, эсвэл шүүгчийн сургалт гээд байсхийгээд л гадагшаа явахад ар гэрийн бүх ажлыг хариуцаж үлддэг. Тэндээс ирэн иртэл итгэл найдвар, түшиг минь болдог. Би 2001 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн жүдо бөхийн багш дасгалжуулагчийн ангид сурдаг байхдаа ханьтайгаа танилцсан. Бид III курсийн оюутан байхдаа хүүтэй болж, амьдралынхаа гал голомтыг бадрааж байлаа. Намайг гэр бүл минь сайн ойлгодог болохоор ажлаа сэтгэл тайван хийж байна. Спортод элэгтэй хүнтэй бурхан намайг учруулжээ гэж баярладаг.
-Хичээл сургуульд явах, тэмцээнд оролцох гээд арын албыг аав, ээждээ даатгадаг байж дээ, Та?
-Аав, ээждээ анхны зээг нь төрүүлж өгөхөд их баярласан. 2003 оны улсын наадмаар ээж болоход Г.Өсөхбаяр аварга Д.Сумъяабазартай үзүүр, түрүүнд үлдэж барилдаад түрүүлсэн юм. Бид хүүдээ түрүүлсэн бөхийн нэрийг хайрлъя гэж ярилцаад бэлгэшээн өгч билээ. Тэр жилийнхээ намар хичээлдээ үргэлжлүүлэн суухад аав, ээж, дүү минь хүүг харж ханддаг байлаа. Би хилийн дээс алхахдаа хүүхдүүдээ аав, ээждээ даатгаад сэтгэл тайван явдаг.
-Тамирчид хүүхдээ эрсдэлтэй спортоор хичээллүүлэх дурамжхан байдаг. Хүүгээ барилдах сонирхолтой байвал дэмжинэ биз дээ?
-Бид хүүхдүүдээ спортоор хичээллэ гэж шахдаггүй. Өөрсдийнх нь хүсэл сонирхлыг хүндэлдэг. Манай ууган хүү “Бор нуур” дэвжээний дасгалжуулагч, ОУХМ С.Солонгогэрэл багшийн удирдлагад жүдогоор хичээллэж байгаа. Энэ жил 12 дугаар ангийг дүүргэж, өөрийнхөө сонирхсон мэргэжлээр цаашид суралцах байх. Би хүүхдүүдэдээ багшаас өөр мэргэжил сонгоорой гэж зөвлөдөг. Учир нь энэ ажлын амаргүйг өөрийн биеэр туулж, мэдэрсэн болохоор тэр.
-Тамирчны карьерээ өндөрлүүлж, шүүгч болох шийдвэрийг хэзээ гаргав?
-Оюутан байхдаа бэртэл авч бэлтгэл хийж, тэмцээнд оролцох боломжгүй болсон. Цаашид яах вэ гэж учраа олохгүй явж байтал 2002 онд олон улсын шүүгчээр ажиллаж байсан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар багш, Д.Энхтүвшин эгч нар шүүгчийн сургалт явуулахад би хамрагдсан юм. Тэр сургалтад сууснаас хойш шүүгчээр ажиллахаар шийдсэн. Д.Энхтүвшин эгчийн тэмцээн шүүж байхыг хараад түүн шиг болъё гэх бодол төрж билээ. Шүүгч хүн ямар байх ёстой, дэвжээн дээр ёс зүй, дүрэм, журмыг хэрхэн чанд баримталж буйг түүнээс олж харсан юм.
ТАМИРЧДЫН АМЖИЛТ, АМЬДРАЛ ШҮҮЛТЭЭС ХАМААРАХ ТУЛ АЛДААТАЙ ШҮҮХ ЭРХГҮЙ
-Шүүгчээр ажиллах эхэн үедээ амаргүй санагдсан уу. Алдаа гаргаж зэмлүүлсэн удаа цөөнгүй байлгүй?
-Үзэгчид “Чи шүүж чадахгүй байна, чам шиг юм шүүгч хийнэ гэж юу байдаг юм, одоо боль” гээд элдэв үгээр загнадаг байлаа. Заримдаа хэлсэн үг нь бодогдож, хэдэн өдөр сэтгэл тавгүйтэн, гомдож уйлна. Аливаа зүйл алдаа, оноотой л урагшилдаг. Төгс шүүгч гэж хаана ч байхгүй. Би ч гэсэн шүүгчдийнхээ адил зэмлүүлж, магтуулан өдий хүрсэн. Хүмүүсийг магтахад учиргүй баярладаггүй. Учир нь шүүгч хэзээ ч алдаа гаргаж болзошгүй тул байнга суралцах ёстой. Олон жил шүүгчээр ажилласан гээд туршлагадаа найдаж болохгүй. Дэвжээн дээр миний мэдэхгүй, чадахгүй зүйл гарч мэдэх болохоор өөртөө хэзээ ч бардаж болохгүй. Олон орны үзэгчийн өмнө финалын барилдаан шүүх хэцүү. Хүмүүс өөрийн улсын бөхөө дэмжиж хашхирна. Тэр их дуу чимээнд сандарч, хариуцлага алдаж болохгүй, Шүүгч мэдлэг, мэдрэмжээ өндөр хөгжүүлэх хэрэгтэй. Тамирчдын алдаа оноотой агшныг мэдэрч шүүдэг тул ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Миний шүүлтээс тамирчдын амжилт, карьер, амьдрал хамаарах тул алдаатай шүүх эрхгүй. Дэвжээнд сэтгэл хөдлөлөө илэрхийлж, үсэрч харайж, хашхирдаг тамирчид таатай харагддаггүй. Надад жүдогийн бөхчүүдээс Японы Оно ёс зүйг маш сайн баримталдаг шиг санагддаг. Түүний биеэ авч яваа байдал, шүүгч, үзэгчдийг хүндэлдэг зан чанарыг хараад бахархах сэтгэл төрдөг юм.
-Шүүгч болсон ч чансаагаа ахиулж дэвшихэд чамгүй хичээл зүтгэл шаардана биз?
-2010 онд Д.Энхбаатар багш Шүүгчдийн зөвлөлийн дарга байхдаа “Чи тэмцээн сайн шүүж байгаа. Тайландад Азийн зэрэглэлийн шүүгчийн шалгалт болно, чи яв” гэв. Ингэж олон улсын зэрэглэлийн шүүгч болж билээ. Гавьяат дасгалжуулагч М.Бөхбат багш 2015 онд Монголын жүдо бөхийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Тайландад А зэрэглэлийн шүүгчийн шалгалттай. Чи очих хэрэгтэй” гээд явуулж байсан. Тэнд шалгалт өгөөд А зэрэглэлийн шүүгч болж байв. Тэр үед Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Хуан Карлос Баркос надтай уулзаад “Чи гадаад хэл сайн сурах хэрэгтэй.Чамайг хоёр жилийн дараа тэмцээнд шүүгчээр урина шүү” гэж хэлсэн.
-Таны сонгосон спортын замнал гэрийнхэнд тань ямар бодол үлдээсэн бол?
-Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Аав Х.Төрбат Увс аймгийн Зүүнхангай, ээж Д.Өнөрбат Өндөрхангай сумын харьяат. Аав, ээж минь арван жилдээ нэг ангид сурч байсан гэдэг. Ах минь чөлөөт бөхөөр хичээллэдэг байхдаа бэртэл авч барилдахаа больсон. Намайг жүдод хөл тавихад ах их нөлөөлсөн шүү. Би хийж байгаа бүх зүйлээ аав, ээжийнхээ төлөө зориулдаг. Эцэг, эхийнхээ ачийг хариулж чаддаггүй юм гэхэд өөдрөг явж баярлуулах сан гэж хичээдэг юм. Аав минь магтаалын үгэнд харам. Бидэнд “Аливаа зүйлд хөөрч догдлон, битгий их баярла. Мөнгө бодохоос илүү өөрийнхөө хариуцсан ажилд эзэн бол. Алдар хүнд олох гэж битгий их хичээ, сэтгэлээ зориулж ажиллахад бүх зүйл аяндаа бүтдэг” гэж захидаг. Миний хувьд аавынхаа хэлснийг санаж, нэг хүүхдийг ч гэсэн амжилтад хүргээд, сайхан амьдрал руу хөтлөх сөн гэж боддог. Надад шавь нараараа хүрээлүүлж байх сайхан санагддаг. Өдий зэрэгтэй явахад тэдний минь хичээл зүтгэл нөлөөлж байгаа.
-Аав тань тэмцээнээс ирэн иртэл танд санаа тавьдаг гэл үү?
-Намайг тэмцээн шүүх үед аавын нойр нь хүрдэггүй гэсэн. Тэмцээн өндөрлөсний дараа тайвширч, нуруун дээрээс нь хүнд ачаа аваад хаясан мэт хөнгөрдөг гэнэ лээ. Аав ойр ойрхон холбогдоод санаа зовниж байгаа нь мэдрэгддэг. Гадагшаа тэмцээнд явахаасаа өмнө гэрээр нь орж аав, ээждээ үнсүүлээд гардаг. Тэмцээнээс ирсэн ч мөн л түрүүлж орж, үнсүүлээд харьдаг. 2018 онд болсон ДАШТ-ийг шүүхээр явахын өмнө аавындаа очихоор гартал зам түгжрээд арай гэж амжиж ороод хөдөлж байлаа. Аав, ээждээ үнсүүлэхгүй гарахаар нэг л болохгүй юм шиг санагддаг.