Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс өнгөрсөн баасан гарагт 21 315 нэгжид хүрэв. Топ-20 индекс өмнөх оны зургадугаар сарын дунд үед 16 072 нэгжид хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт байлаа. Уг индекс сүүлийн хагас жилийн хугацаанд 28 хувиар өсөөд байна. Монголын хөрөнгийн биржийн гол индекс 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд 24 317 нэгжид хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байжээ. Тус индекс 28 хувиар дээшилсэн нь үүнийг бүрдүүлдэг 20 компанийн хувьцааны ханш дээрх дүнгээр өссөн гэсэн үг. Сүүлийн хагас жилд топ 20 компанийн 13-ынх нь хувьцааны ханш өссөн байв. Тухайлбал, “Тавантолгой”, “Говь”, АПУ, “Монгол шуудан”, “Ард даатгал”, “Монгол даатгал” компанийн хувьцааны ханш өсжээ. Мөн “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард кредит”, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”, “Инвескор ББСБ”, “Монос хүнс”, “Түмэн шувуут”, “Улсын их дэлгүүр” компанийн хувьцааны ханш өссөн юм. Харин “Монгол базальт”, “МИК холдинг”, “Хөвсгөл алтан дуулга”, “Шарын гол” компанийн хувьцааны ханш буурч, “Сүү”, “ЛэндМН ББСБ”-ынх тогтвортой байлаа. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш сүүлийн долоо хоногт хоёр дахин өссөн нь Топ-20 индекс ийнхүү дээшлэхэд голлон нөлөөлжээ. Тодруулбал, тус компанийн хувьцааны ханш 1600 төгрөгөөс 3173-т хүрчээ. “Ард санхүүгийн нэгдэл” компани “Хас” банкны хувьцааг худалдаж авах хэлцэл хийж буй нь ханш нь ийн өсөх шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэж байна.