“ДЦС-4”-ийн гуравдугаар турбингенераторын хүчин чадлыг нэмэгдүүлэх угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгаж, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай залгажээ. Ингэснээр тус станцын 1-4 дүгээр турбиныг шинэчлэн сайжруулах 93 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж, суурилагдсан хүчин чадал нь 89-өөр нэмэгдэж, 789 МВт болж байна. Өнгөрөгч өдрүүдэд оргил ачаалал 1220 МВт-д хүрэхэд тус станц 749-ийг нь дангаар үйлдвэрлэжээ. Энэ нь 10 аймгийн төвийг цахилгаан, дулаанаар хангах хэмжээний хүчин чадлаар нэмэгдэж байна гэсэн үг. Ингэснээр “ДЦС-4” нь төвийн эрчим хүчний системийн 63 хувийг эзэлж, манай улс нийт хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. Мөн дөрвөн турбины ажиллах нийт нөөц 220 мянган цаг буюу 25 жилээр нэмэгдэж буй юм байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Манай улс өмнө нь 250 МВт хүртэлх эрчим хүчийг ОХУ-аас импортолдог байсан нь одоо хоёр дахин буурч, 110-аас хэтрэхгүй боллоо” гэж байлаа.
Төслийн бүтээн байгуулалт дууссантай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр тус станцад ажиллав. Энэ үеэр тэрбээр “Эрчим хүч бол манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой, эдийн засгийн суурь салбар. Манай Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах зорилт тавин ажиллаж байна. Орос, Монголын Засгийн газрын урт хугацааны гэрээ, хэлэлцээний үр дүнд энэ төслийг хэрэгжүүлж чадлаа. Цар тахлын улмаас Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой хугацаанд тэглэсэн энэ үед эрчим хүчний оргил ачааллыг аюулгүй даван гарах нөхцөл бүрдэж байна” гэв.
Ташрамд дурдахад, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг энэ сарын 13-нд буюу маргааш эхлүүлэх гэж буйг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ үеэр дуулгалаа.