Аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журмыг шинэчилжээ. Тодруулбал, жил бүр улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгж, улсын аварга тариаланчаар 21 хүнийг шалгаруулах нь. Өмнө нь аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь хамгийн өндөр амжилт гаргасан, гурав хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, тав хүртэлх тариаланчийн тодорхойлолтыг салбарын яамандаа хүргүүлдэг байв. Улмаар яам нь холбогдох журмын шаардлага, шалгуурыг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулан, саналаа Засгийн газарт уламжилж ирсэн юм. Тухайлбал, өнгөрсөн жил улсын аварга тариаланч хамт олноор 14 аж ахуйн нэгж, улсын аварга тариаланчаар 21 хүнийг шалгаруулж байв.
Улсын аварга малчин өрхийн хувьд 149 хүртэлх тоонд багтаан шалгаруулж ирсэн бол одоо дээд хязгаарыг нь 60 болгон бууруулжээ. Мөн хошой аварга малчин өрх 13 хүртэлх гэснийг найм болгон цөөрүүлсэн байна. Түүнчлэн малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, орлогоосоо доройтлыг нь багасгахад зарцуулсан, чанарыг нь сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан, худаг гаргаж, булаг, шандын эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулахаар болжээ. Аваргуудын шагналыг уламжлал ёсоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс өмнө гардуулна. Сонирхуулахад, улсын аварга тариаланч хамт олон тус бүрийг тав, тариаланчийг гурван сая төгрөгөөр шагнадаг аж. Тэдэнд олгох өргөмжлөл, дурсгалын цом, туг, үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн цар зэргийг шагналаас нь санхүүжүүлдэг юм байна. Улсын аварга болон хошой аварга малчин өрхийг дөрвөн сая төгрөгөөр тус тус шагнах бөгөөд дээрхийн адил дагалдах дурсгалын зүйлсийг шагналынх нь мөнгөнөөс авдаг аж. Улсын аварга малчин өрхөд Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн таван хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, хадаг, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг дагалдуулдаг. Харин хошой аваргын цом нь бадамлянхуа цэцэг бүхий суурин гантиг чулуун суурьтай байдгаараа ялгаатай юм байна.