Өчигдөр /2020.12.14/ Засгийн газраас айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Үүнд зарцуулагдах 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас гаргана. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийх үеэр дээрх шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Манай нам Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн талаар хэлэлцлээ. Бид тэр шийдвэрүүдийг зөв зүйтэй арга хэмжээ гэж үзэж байна. АН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардаж байсан, мөн олон нийтэд хүлээлт үүсгээд байсан уг асуудлыг тодорхой хэмжээнд шийдлээ. Олон улсад ийм арга хэмжээ авсан байдаг. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах нөхцөл боломжийг манай АН гаргаж өгсөн.
2012-2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас авчраад, 100 хувь эзэмшдэг болсны үр дүнд Засгийн газар өчигдрийн шийдвэрийг гаргах боломж бий болсон. Үр шимийг нь энэ хүнд цагт монголын ард түмэн, ААН-үүд хүртэж байна.
Холбогдох байгууллагууд ирэх оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл дулаан, цахилгааны хангамжид онцгой анхаарах шаардлагатай. Тооцсон гэж найдаж байна" гэв.