ХЗДХЯ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” заалтыг чангаруулахаар зэхэж буй. Ингэхдээ хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилох заалт тусгасныг МСНЭ-ээс эрс эсэргүүцэж мэдэгдэл гаргасан. Үүний дагуу МСНЭ-ийн төлөөллийг ХЗДХЯ-ныхан өнөөдөр өглөө хүлээн авч уулзсан байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаагаас уулзалтын талаар тодрууллаа.
-Уулзалтын хүрээнд ямар асуудал ярилцсан бэ?
-Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Уг хуулийн төсөлд сэтгүүлч, олон нийтийг 1-5 жил хорих, 20-80 сая төгрөгөөр торгох хатуу заалт оруулжээ. Үүнийг нь эсэргүүцэж бид баасан гарагт мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл гаргасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн ажлын хэсэгт сэтгүүлчдийн төлөөллийг оруулъя гэж дуудсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хуулийн зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нартай уулзлаа. Тэд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар дуудсан хэрнээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай асуудлыг ярилцъя гэлээ. Бид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай ярилцах бэлтгэлгүй ирсэн гэдгээ хэлээд гарч ирсэн.
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орсон юм уу?
-Уг хуулийн төслийн ажлын хэсэгт орох боломжгүй гэдгээ хэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэх үед МСНЭ сэтгүүлчтэй холбоотой гүтгэх доромжлох заалтыг оруулахаас татгалзсан. Энэ үед та бүхэн ажлын хэсэгт оролц хэмээсэн. Бид ажлын хэсэгт орж сэтгүүлчийн эрхийг хамгаалах, Зөрчлийг хуулиар уг асуудлыг шийддэг байх зэрэг саналаа хэлсэн. Бодит байдал дээр УИХ бидний саналыг хуульд тусгалгүй Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталчихсан. Улмаар олон нийтэд МСНЭ-ийг энэ хууль заалтын автор мэтээр ойлголт өгсөн. Энэ удаа ч өмнөх заль мэдээ давтах гэж оролдлоо. Тиймээс бид ямар ч хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллахгүй.