Шог зургийг А.АМАРСАЙХАН
Бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас хамгийн их саад бэрхшээл болж, хүндрэл учруулдаг хүчин зүйл юу вэ гэсэн асуултад аж ахуйн нэгжүүд авлига, хээл хахууль, хүнд суртал гэж хариулжээ. Энэ бол МҮХАҮТ, МУИС-тай хамтран хийсэн Монголын бизнесийн орчны судалгааны нэг үр дүн. Уг судалгаанд том, жижиг нийлсэн, эдийн засгийн салбар бүрийн төлөөлөл болсон 4015 компанийг оролцуулжээ. Тэдний тэн хагас нь бизнесийн орчныг сайжруулахын тулд төрийн байгууллагын авлига, хүнд суртлыг бууруулах хэрэгтэй гэж үзсэн байв. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцсон 2000 компанийн төлөөлөл ийн хариулсан хэрэг.
...Засгийн газрын яамд, орон нутгийн засаг, захиргаа болон төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлдэг зарим байгууллагынхан авлига авч, хүнд суртал гаргадаг юм байж. Тэгвэл тэд хэнээс авлига нэхдэг байж таарах нь вэ. Төрийн байгууллагын үйлчилгээнд уул уурхай, мэдээллийн технологи, харилцаа холбоо, тээвэр, барилгын салбарынхан хамгийн муу үнэлгээ өгчээ. Тодруулбал эдгээр салбарынхан авлига, хүнд сурталтай хамгийн ихээр нүүр тулдаг байх нь...
Аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь бизнесийн орчныг сайжруулахын тулд нэн тэргүүнд зээлийн хүүг бууруулах, нөхцөлийг сайжруулах гэж хариулсан. Дараа нь татварын таатай орчин бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих гэжээ. Авлига, хүнд сурталыг бууруулах нь эдгээрийн дараа буюу нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн тавдугаарт эрэмбэлэгдэж буй. Эхний дөрөвт бичигдсэн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд бол эдийн засгийн хөгжлөө дагаж сайжирдаг зүйлс. Эдийн засаг нь тогтвортой, өндөр хөгжсөн орнуудын зээлийн хүү бага байдгаар жишээлж болно. Экспортоо төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх гэх мэт эдийн засгийн орчноо сайжруулах зөв бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлсний үр дүнд бий болох үзүүлэлт юм. Тэгвэл авлига өөр. Шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтнууд хээл хахууль авахаа, нэхэхээ больчиход бизнесийн орчныг сайжруулахад саад болохгүй.
Компаниуд ажлаа бүтээх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахын тулд хээл хахууль өгч, хүнд сурталтай нүүр тулсан учраас ингэж хариулж байгаа. Өөрөөр хэлбэл, авлигын сүлжээ амь бөхтэй оршсоор буйг харуулж байна. Авлига, хээл, хахууль огт байхгүй гэж төсөөлж үзье. Авлига авч, өгөлцөх нь мэдээж гэмт хэрэг. Санхүүгийн өнцгөөс нь харвал авлига бизнесийн зардлыг өсгөж байдаг. Хэрэв аж ахуйн нэгжүүд хахууль өгдөггүй байсан бол албан тушаалтнуудын халаас руу хийх мөнгөөрөө ажилчдынхаа цалинг нэмнэ. Зардлаа хэмнэхийн тулд хоёр тайлан гаргаж татвараас зугтдаг муу хандлагаа өөрчилнө. Авлигагүй бол хүнд суртал арилж, бизнесийн үйл ажиллагааны хурд нэмэгдэнэ. Том зургаар нь харвал эдийн засгийн хөгжил хурдасна гэсэн үг. Бизнесмэнүүд ихэнх тохиолдолд төрийн хүнд суртлыг хурдан давахын тулд албан тушаалтанд хахууль өгдөг гэдэг.
Өгүүллийн эхэнд бизнес эрхлэхэд хамгийн их саад бэрхшээл болж, хүндрэл учруулж байгаа хүчин зүйл авлига, хээл хахууль, хүнд суртал гэж аж ахуйн нэгжүүд хариулсныг тодотгосон. Тэгвэл араас нь хэн авлига авч, хүнд суртал гаргаж байна вэ гэсэн асуулт эрхгүй ургана. Судалгаанд оролцогсод газрын албыг хамгийн их хүндрэл учруулдаг гэж үнэлжээ. Тэдний 52.4 хувь нь газрын албыг авлига, хээл хахууль, 48.6 хувь хүнд суртал ихтэй гэж хариулсан байна. Удаад нь яамдыг хүндрэл учруулдаг гэж үзэв. Аж ахуйн нэгжүүдийн 50.6 хувь нь яамдын түшмэд хээл хахууль нэхдэг, 52.1 хувь нь хүнд суртал гаргадаг гэж хариулсан байв. Араас нь авлига нэхэж, хүнд суртал гаргадаг муу үзүүлэлтээрээ мэргэжлийн хяналт, гааль, орон нутгийн засаг, захиргааны байгууллага жагслаа. Орон нутгийн засаг, захиргаа Засгийн газрын шууд удирдлагад ажилладаг. Газрын алба авлига, хээл хахуульд идэгдсэнээрээ зартай. Яамд, орон нутгийн засаг, захиргаа авлига авч байна гэдэг Засгийн газар хууль бус үйлдлийг өөгшүүлдэг гэсэн үг. Бас хүнд суртал гаргаж, бизнесийн хурдын сааруулдаг байх нь.
Төрийн байгууллагын үйлчилгээг хэрхэн үнэлснийг харъя. Стандартчилал, хэмжил зүй, бүртгэл, татварын байгууллагын үйлчилгээ судалгаанд оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авчээ. Бүртгэлийн байгууллагад шинэчлэл хийсэн нь олон нийтэд тус дэмээ өгч буй. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлуулснаар бизнесийн орчинд эергээр нөлөөлж эхэлсэн билээ. Тогтолцоог боловсронгуй болгох цагаа олсон шинэчлэл үр дүнгээ өгч буйн илрэл энэ. Харин нөгөө л муу нэр, луу данстай яамд, орон нутгийн засаг, захиргаа, газрын алба хамгийн муу үнэлгээ авчээ. Хамгийн муу үйлчилгээтэй төрийн байгууллагаар яам тодров. Бизнесмэнүүд Засгийн газарт ийм муу дүн тавьж байна. Зүй нь Засгийн газар хөгжлийн түүчээ нь байх учиртай. Яамд улс орны эдийн засгийг хөгжүүлэх үүрэг хүлээдэг. Бизнесийн орчин нь хэр сайн байна, тэр улс хурдтай хөгждөг гэсэн бичигдээгүй хуультай. Гэтэл Засгийн газар бизнесийн орчныг “бохирдуулж” хөгжлийг нь гацааж буй нь харамсалтай. Авлига нэхдэг Засгийн газартай байхад Монгол Улс хөгжих үү.
Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад одоогийн нөхцөлд ямар байгууллагын дэмжлэг хамгийн их шаардлагатай байна вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 41 хувь нь Засгийн газар гэж хариулжээ. Авлига, хээл хахууль нэхэж, хүнд суртал гаргадаг учраас Засгийн газраас л дэмжлэг хүсэх нь тодорхой. Засгийн газар авлига нэхэхгүй, хүнд суртал гаргахгүй байхад л тэр нь бизнесийн орчныг сайжруулах дэмжлэг болох юм биш үү. Түүнчлэн 35 хувь нь орон нутгийн засаг, захиргааны дэмжлэг хэрэгтэй гэж хариулсан байв. Товчхондоо төрийн дэмжлэг хэрэгтэй гэсэн үг. Мөн арилжааны банкууд болон олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн дэмжлэг хэрэгтэй гэж хариулжээ.
Монгол Улсад шинээр бизнес эрхлэхэд хүндрэлтэй гэсэн ерөнхий үнэлгээ гарсан байна. Үүн дотор техникийн нөхцөл авах үйл явц буюу аливаа зөвшөөрөл гаргуулахад авлига, хүнд суртал хүндрэл учруулдаг аж. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 61 хувь нь шинээр бизнес эхлүүлэхэд зөвшөөрөл авахын тулд хүнд сурталтай тулгардаг гэж хариулжээ. Мөн 60 хувь нь авлига ихээхэн хүндрэл учруулдаг гэсэн бол 29 хувь нь дунд зэрэг гэж дүгнэв. Тэгвэл есхөн хувь нь хүндрэл учруулдаггүй гэж хариулсан байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн 91 хувь нь төрийн хүндрэл, авлигатай нүүр тулдаг гэсэн үг.
Засгийн газрын яамд, орон нутгийн засаг, захиргаа болон төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлдэг зарим байгууллагынхан авлига авч, хүнд суртал гаргадаг юм байж. Тэгвэл тэд хэнээс авлига нэхдэг байж таарах нь вэ.
Төрийн байгууллагын үйлчилгээнд уул уурхай, мэдээллийн технологи, харилцаа холбоо, тээвэр, барилгын салбарынхан хамгийн муу үнэлгээ өгчээ. Тодруулбал эдгээр салбарынхан авлига, хүнд сурталтай хамгийн ихээр нүүр тулдаг байх нь. Анзаарч байвал их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, эдийн засгийн тулгуур салбарынхан авлига, хүнд сурталд ихээхэн өртдөг байна. Мөнөөх яамд, орон нутгийн засаг, захиргаа, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагыхан мөнгөтэй аж ахуйн нэгжүүдийг “онилдог” гэж дүгнэж болно.
Төрийн албаны эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгийн шагнал хэмээн авлига авдаг, тендерийн 10 хувийг өөртөө авах болзолтойгоор шалгаруулдаг гэх мэт явган ярианууд нэгэнт үнэн гэдэг нь батлагджээ. “10 хувийн хэн” гэж хочтой хүн төрийн өндөр сэнтийд ч сууж байх жишээтэй. Авлигыг нийгмийн хар тамхи гэж судлаачид дүгнэдэг. Хар тамхинд мансуурсан нийгэм хурдтай хөгжихөд бэрх гэдэгтэй хэн ч маргахгүй. Авлигатай тэмцэх үзэлтэй, өндөр ёс зүй, шударга ёсны үнэлэмжтэй лидер өнөөгийн улстөрчид дунд даанч алга.