УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүний орон гарснаас хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлон зарлах ёстой. Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөс хойших 50 хоног ирэх 13 гэхэд дуусаж буй. Иймд нөхөн сонгуулийг энэ хугацаанд багтан товлон зарлахаар хэлэлцэж буй нь юм. Харин нөхөн сонгуулийн санал хураалтыг хуулийн дагуу зургаа болон аравдугаар сард явуулах ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны аравдугаар сард явуулах саналтай байгаа аж. Зургадугаар сард явуулбал Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай давхцах тул “эрсдэлтэй” гэж үзжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийнхэн нэг саналын хуудсанд бичигдсэн, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдээс сонгож дугуйлснаар будилж төөрөх, цаашлаад дүн будилаантах эрсдэлтэй гэж тооцжээ. Сонгуулийн дүнг хэрхэн баталгаажуулах, санал тоолох төхөөрөмж хэр найдвартай вэ гэдгийг тус хэлэлцүүлгийн үеэр гишүүд хөндөх шалтгаан нь энэ болсон юм.
Гэхдээ 28 дугаар тойргийн нөхөн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх оны зургадугаар сард хамтад нь явуулбал зардал нэлээд хэмнэх гэнэ. Тодруулбал, хамтад нь явуулбал нөхөн сонгуульд 100 орчим сая төгрөг зарцуулах бол аравдугаар сард дангаар нь зохион байгуулбал тэрбум гаруй төгрөгийг төсвөөс гаргах шаардлагатай. Энэ нь гишүүдийг нэлээд талцуулж орхив.
Юутай ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хоёр санал хураалтыг хамтад нь явуулахыг дэмжсэн юм. АН-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар үүнийг эсэргүүцсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэе.
Ж.Мөнхбат (УИХ-ын гишүүн): -Сонгуулийн санал хураалтын дүнг зөв, маргаангүй гаргах нь хамгийн чухал. Тиймээс ч “хар машин”-ыг шатааж хүртэл явлаа. Тухайн үед нэг тойргоос зөвхөн хоёр хэсэгт л хяналтын тооллого хийдэг байсан. Тэгэхдээ аль хоёр хэсэгт хяналтын тооллого хийх вэ гэдэг нь санал хураалтаас ч өмнө тодорхой болчихсон байдаг. Жагсаж тэмцсэний хүчинд үүнийг болиулж, хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийдэг болсон. Манайд ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмжүүдийг одоо шинэчлэх шаардлагатай, нэлээд удаан хэрэглэчихлээ. Гар утастай зүйрлэвэл “Iphone 6” гэсэн үг.
П.Дэлгэрнаран (Сонгуулийн ерөнхий хорооны дарга): -Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж эхлэх гэж байна. Уг төсөлд санал тоолох автоматжуулсан системээс гадна хяналтын тооллогыг 100 хувь гараар хийж, баталгаажуулахаар тусгасан. Мөн санал хураалтад оролцсон сонгогчдын хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхээр заагаад байна. Санал тоолох төхөөрөмжийг шинэчлэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Төхөөрөмжийн ашиглалтын хугацаа нэлээд өндөр хувьтай болчихсон. Иймд шинэчлэх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс ч хэлж байгаа. Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үүнийг хийж амжихгүй. Ямар төхөөрөмж сонгох, худалдан авах, программ хангамж юу байх вэ гэдгээс авхуулаад олон ажил бий. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа төхөөрөмжүүдээ шинэчлэх ажлыг эхлүүлэх боломжтой.
С.Бямбацогт (УИХ-ын гишүүн): -Сонгууль товлон зарлах ёстой 50 хоног нь дуусах гэж байхад Сонгуулийн ерөнхий хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо яагаад нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа юм бэ. Зардлын тооцоо судалгаа, санал хураалтын өдөр гээд өөр өөр санал хэлээд байна шүү дээ. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагын хэлээд байгаачлан эрсдэлтэй нөхцөл үүсэж, элдэв будилаан гарвал хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Ганц зардал биш, цаг хугацаа, технологи гээд бүх талаас нь харах хэрэгтэй. Энэ төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, нухацтай ярилцъя.
П.Дэлгэрнаран: -Нөхөн сонгууль зарлах нөхцөл байдал үүссэн даруйд бид УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж, нөхөн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь явуулахад хүндрэлтэй гэж үзэж буйгаа уламжилж, тусад нь зохион байгуулах ёстой гэсэн саналаа илэрхийлсэн. Байнгын хорооноос уг тогтоолын төслийг боловсруулахдаа биднээс санал аваагүй.
Л.Энх-Амгалан (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 2-нд нөхөн сонгуулийн зардлын тооцоог бидэнд албан бичгээр хүргүүлсэн. Нөхөн сонгуулийн санал хураалтыг тусад нь хийвэл тэрбум, Ерөнхийлөгчийнхтэй хамт явуулбал 100 сая төгрөгийн зардал гарна гэж хэлсэн шүү дээ. Төр ийм онцгой нөхцөлд аль болох зардал бага гаргах ёстой. Нэг төгрөгийг ч хэмнэх учиртай. Сонгуулийн ерөнхий хорооныхон энд өөр зүйл яриад байх хэрэггүй. Шаардлагатай бол танай байгууллагад аудитын шалгалт оруулна шүү. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Т.Баяндүүрэн энэ хоёр санал хураалтыг хамт явуулах технологийн боломж бүрэн бий гэж хэлсэн. Сонгуулийн төв байгууллага нь нэг л байр суурьтай байх ёстой. Тэгээд ч орон нутгийнхтай адил 28 дугаар тойргийн сонгогчид Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд нэр дэвшигчдээс нэг нэг хүн сонгох бүрэн боломжтой. Хамгийн олон сонгогчтой Сонгинохайрхан дүүргийг бүтэн жилийн турш төрд төлөөлөлгүй явуулж болохгүй.
Ё.Баатарбилэг (УИХ-ын гишүүн): -Сонгуулийг товлон зарлах, санал хураах өдрийг тогтоохдоо цаг хугацааны хувьд хэт тулгаж байна. Сая орон нутгийн сонгуулиар гэхэд л цаг хугацаа давчуу байснаас болж шинээр бүрдсэн ИТХ арай гэж амжиж төсвөө батлах жишээтэй. Санал хураалтын дараа элдэв маргаан үүсвэл яах вэ гэдгээ тооцож, ямар үр дагавартайг харгалзаж товлон зарлах хэрэгтэй.
Ж.Сүхбаатар (УИХ-ын гишүүн): -Яагаад 50 хоногийн дотор товлон зарлах ёстой талаар бяцхан тайлбар хийе. УИХ-ын гишүүн нас барсны улмаас орон гарсан тохиолдолд нөхөн сонгуулийг нь 49 хоног нь ч өнгөрөөгүй байхад зарлах тохиромжгүй байдгийг харгалзан ийм хугацаа тавьж, хуульчилсан юм шүү. “Хар машин”-д эргэлзэх ямар ч шаардлагагүй. Сонгуулийн автоматжуулсан системийг Монголд нэвтрүүлж, хуулийн төслийг нь боловсруулсан хүний хувьд хэлж байгаа юм шүү. Бидний хэрэглэж байгаа системийг АНУ ашиглаж байгаа. Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуульдаа ч ашигласан. Ямар ч асуудал гараагүй. Манай улс ч сүүлийн хэд хэдэн удаагийн УИХ-ын болон Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульдаа автомат төхөөрөмж ашигласан. Ямар асуудал гарсан юм бэ. Миний бие энэ төхөөрөмжөөс гарсан дүнгээр сонгуульд ялж ч, ялагдаж ч үзсэн. Технологийн хувьд цаашид сайжруулах боломжтой. Харин автомат төхөөрөмж болон гараар тоолсон дүнгийн аль нь анхдагч вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Яаж ч бодсон “хар машин”-ы дүн анхдагч байх ёстой. Гар тооллого бол ердөө баталгаажуулж буй арга зам.
Ц.Мөнх-Оргил (УИХ-ын гишүүн): -“Хар машин” сайн ажиллаж ирсэн. Магадгүй “Ip¬hone5” чинь илүү сайн утас байж магадгүй шүү. Харин Сонгуулийн ерөнхий хорооныхон сонгуулийн дүн будилаантай гарах юм шиг агуулгатай зүйл энд ярьж хэрэггүй. Та бүхэн хоёр сонгуулийн санал хураалтыг хамт явуулбал эрсдэлтэй гэж яриад байгааг чинь ойлгохгүй байна. Сая гэхэд л орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнг ямар ч асуудалгүй гаргалаа шүү дээ. Нэг саналын хуудасны дээд талд аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид, доод талд нь сум, дүүргийнхийг жагсааж бичээд, ард түмэн тэндээс төөрч, будилалгүй сонголтоо хийсэн биз дээ. Тэгээд ч нөхөн сонгуулийг ганцхан тойрогт л явуулна шүү дээ. Саналын хуудасны дээд талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, доод талд нь 28 дугаар тойрогт өрсөлдөх хүмүүсийн нэрийг л бичих байлгүй дээ. Эрсдэлтэй гэж хэлэхэд хүргэсэн ямар асуудал байгаа юм бэ. Түүнээс гадна нэгэнт 50 хоногийн дотор товлон зарлах ёстой тул санал хураалтыг хамтад нь явуулах хувилбараа дэмжье. Тусад нь явуулна гэвэл Сонгинохайрхан дүүргийн иргэд ирэх аравдугаар сар хүртэл УИХ-д ямар ч төлөөлөлгүй байх нь. Ингэж болохгүй.
Ж.Батсуурь (УИХ-ын гишүүн): -Би “хар машин”-д итгэдэг. Дүн нь хяналтын тооллогоос зөрж байсан тохиолдол үгүй. Залхуурахгүй бол 100 хувь гараар тоолдог юм байгаа биз. Харин хуруунд бэхэн тэмдэглэгээг зайлшгүй хийх ёстой. Шинээр төхөөрөмж худалдаж авна гэж байхаар бэхэн тэмдэглэгээгээ цэвэрхэн, боловсронгуй болгомоор байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургаа, нөхөн сонгуулийнхыг аравдугаар сард явуулах ёстой.
Д.Тогтохсүрэн (МАН-ын бүлгийн дарга): -Сонгууль товлон зарлах хуулийн хугацаа тулсан учраас энэ төслөө дэмжээд баталчихъя. Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах, санал хураалтын өдрийг тогтоох тухай төслийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэнэ. Тэр үед энд яригдаж буй зарим асуудлыг эргэж нухацтай ярилцах боломжтой.
Б.Пүрэвдорож (УИХ-ын гишүүн): -Сонгинохайрхан бол хамгийн том дүүрэг, олон сонгогчтой. Санал хураалтыг хамтад нь явуулбал Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулийн аль алиных нь дүнд нөлөөлөхүйц эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр бөөн хэл ам болж, сонгогчдыг төөрөгдүүлнэ. Эрх баригч та нар өнгөрсөн парламентад Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлчихөөд Хэнтий аймгийн сонгогчдыг хоёр жил гаруй төрд төлөөлөлгүй явуулсан байж одоо хугацаа алдана гэж ярих нь утгагүй. Иймд ирэх оны аравдугаар сарын 20-нд 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг тусад нь явуулъя.