Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.
-Танд Авлигатай тэмцэх олон улсын өдрийн мэнд хүргэе. Манай улс авлигын индексээрээ дэлхийн улс орнуудын хаана нь явж байгаа вэ?
-Монгол Улс Авлигын эсрэг хуулийг 1996 онд баталсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхий дахинд авлигыг аливаа улсын хөгжлийн гацаа гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлж, авлигагүй байхын төлөө эрмэлзэж, тэмцэж байна. 2006 онд манай улс хоёр дахь удаагаа авлигын эсрэг хуулиа баталсан. 2007 оноос эхлээд хэрэгжүүлж буй. 2007 онд АТГ-ыг байгуулж, 13 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсад авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр мөн хоёр удаа баталсан. Эхнийх нь 2002 онд батлагдаад хэрэгжээд дууссан. Одоо хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих юм. Эндээс Монгол Улс авлигын эсрэг хэрэгжүүлдэг хууль, эрх зүйн акттай харагдана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт “Авлигын эсрэг гэмт хэрэг” гэж хуульчилсан. Энэ хуулийг зөрчсөн авлигын гэмт хэргүүд авлигатай тэмцэх газар шалгаж, прокурор хяналт тавьдаг, авлигын хэрэг мөн гэж үзэх юм бол Монгол Улсын шүүхээр шийтгэх хүртэл процесс явдаг юм. Энэ олон процессоос харахад авлигатай тэмцэнэ гэдэг нь нэг хүн, ганц байгууллагын хийдэг ажил биш. Нийтээрээ, хамтарч хийдэг тэмцэл. Тиймдээ ч цаг хугацаа их ордог, олон шат дамжлага процесстэй. Уг процессоор шүүх, прокурор, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны шударга ёс нийлж байж Монгол Улс авлигатай тэмцэнэ. Гэтэл олон улсад авлигын индексээрээ ямар вэ гэдгийг харахын тулд тухайн улсын эдийн засгийн үзүүлэлт, хууль эрх зүйн орчин, нийгмийн хөгжлийн ахиц дэвшил, иргэдийнх нь амьдрал ахуй хэр сайжирч байгаа зэрэг олон үзүүлэлтийг авч үздэг. Ингэж авлигын индекс хэмжигддэг. Гэвч манай улс гуравхан сая хүнтэй атлаа маш хойгуур байр эзэлдэг. Энэ их харамсалтай.
-АТГ-ын зүгээс авлигыг бууруулах ямар арга хэмжээ авч ирсэн бэ?
-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь 3.3 сая хүний өмнөөс тэдний дуу хоолой, нүд чих болж, авлигатай тэмцэх ажлыг хөндлөнгөөс хянадаг байгууллага юм. Манай Олон нийтийн зөвлөлийн байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дөрөв дэх зөвлөл. Бид 15 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бусаар ажиллаж, АТГ-ын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаанаас бусад үйл хэрэгт хяналт тавьдаг. Улс орноо авлигагүй байлгая, иргэдийг авлигын эсрэг чанга дуутай, хянах хурц нүдтэй, сонсох чихтэй байхыг, авлигыг шударгаар гаргаж тавих эр зоригтой шүгэл үлээгч олон байлгахын төлөө чадлынхаа хэрээр зүтгэж байна. Бидний ажлын үр дүнд манай АТГ-ын үйл ажиллагаа арай дээрдэж чанаржиж эхэлсэн. Авлигын хэргүүд хаалттай байсан бол аажмаар нээгдлээ. Мөн авлигатай тэмцэж болно гэдгийг харуулж иргэдээс гомдол санал мэдээлэл авах 110 дугаарын үнэгүй утсыг ажиллуулдаг. Үүний үр дүнд АТГ, ялангуяа төрийн эрх мэдэл авсан, төрийн тамга барьсан албан тушаалтнуудын авлигыг илрүүлэх асуудал шат ахисан. Гэвч авлигатай тэмцэх нь АТГ болон шүүх, прокурорын хамтын ажиллагаа учир авлигыг таслан зогсоох эрмэлзэл эцсийн шатандаа хүрч, цэг тавихад учир дутагдалтай байна.
-Иргэд шударга ёсыг их хүсэмжилдэг. Гэвч бодит амьдралд шударга ёсыг хэрэгжүүлдэггүйгээс авлига гаардаг. Иргэд хамгийн энгийнээр шударга ёсыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Бид хүний эрх гэж ярьдаг шүү дээ. Хүн эрхээ эдэлдэг бол үүргээ хүлээх ёстой. Мөн хариуцлагаа ухамсарлах ёстой. Миний харж байгаагаар шударга нийгэм бол иргэд бидний хамтын бүтээл юм. Хариуцлага бол шударга ёс. Хүн алхам тутамдаа хариуцлагатай байх нь өөрөө шударга ёсны том хэмжүүр. Хариуцлагаас бултдаг, хариуцлагыг бусад руу чихдэг, хариуцлагаас мултарч болох хуулийн нүх цоорхойг олж хардаг хүмүүс олшрох тусам шударга ёс устана. Бид УИХ-аас баталсан хуулийг мөрдөж амьдардаг. Гэвч УИХ-д гарсан хүмүүс өөрсдөдөө тохируулж, хариуцлагаас мултрах гарцтай хууль хийдэг. Тэгэхээр шударга нийгэм байгуулъя л гэвэл нийгмээрээ хариуцлагатай байж л шударга ёсны замаар явах боломж бүрдэнэ гэж хуульч хүнийхээ үүднээс харж байна.
-Манай улсад авлигыг ямар хэмжүүрээр тодорхойлж байна. Иргэн Дорж хүүхдийнхээ багшид цэцэг өгөх нь авлига уу, сэтгэлийн бэлэг үү?
-Манай улсын хэмжүүрээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй өртөгтэй зүйлийг сэтгэлийн бэлэг гэх байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрсэн үнэ цэнтэй зүйл өгөх юм уу, авбал эрүүгийн хэрэгт тооцогдоно. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Тэгэхээр 419 мянгаас доош өртөгтэй зүйл бэлгэнд тооцогдох гээд байх шиг. Өнөөгийн нийгэмд 419 мянган төгрөг хүний амьдралд их том хэмжүүр. Гэтэл авлигын хууль, хариуцлага маш чанга европын орнуудад төрийн үнэгүй үйлчилгээ үзүүлсний төлөө, ажилтан хийх ёстой ажлаа хийсний хариуд юм өгсөн бол авлига гэж хардаг. Монголчуудын хувьд зан заншил арай өөр. Хүний тусын хариуд баярласнаа илэрхийлдэг, хариу барьдаг. Миний ачийг эрүүл саруул төрүүлж өгсөн баярлалаа гээд сувилагчид зүрхээ сугалаад өгч чадахгүйгээс хойш нэг шоколад өгч, талархлаа илэрхийлдэг. Үүнийг авлига гэвэл манай нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын нүдээр арай тохиромжгүй л байгаа юм. Харин суурин соёл иргэншилтэй европт бол энэ авлига. Гэтэл жинхэнэ авлигачид уламжлалаар далимдуулж өгсөн, авсан авлигаа “Энэ бол бэлэг байсан юмаа” гэх мэтчилэн тайлбарлаж, хэргээс бултдаг. Тэгэхээр манайд авлигын хэрэг дээр хэмжүүр байх ёстой. Авлига, сэтгэлийн бэлэг гэдгийг ялгах ёстой.
-Авлигын хэргийн шийтгэл, хариуцлага хүлээлгэх процессыг шударга явуулж чадаж байна уу?
-Хүүхэд 421 мянган төгрөгийн утас хулгай хийжээ гэж бодъё л доо. Тэр бол гэмт хэрэг. Хэргийг хийсэн хүүхэд дөрвөн жилийн ял авч байхад 400 тэрбум төгрөг хулгайлсан, дөрвөн жил иргэдийг хохироосон байж мэдэх албан тушаалтан 2.4 жилийн ял авч байна. Таны түрүүний асуусан шударга ёсны хэмжүүр ийн алдагдсаныг иргэд харлаа. Хэр чинээний өндөр албан тушаалд хариуцлага алдана төдий чинээ хүнд ял оноох ёстой. Харин алдаа гаргасан иргэнийг орон зайгүй болтол яллах биш, засаж залруулах, зөв зам руу нь чиглүүлэх гэх мэт нь энэрэнгүй ёс уу, хүнлэг эсвэл шударга ёс уу. Энийг л ялгахын төлөө манай иргэд зүтгэж, хүсэж байгаа харагддаг. Өнөөдрөөр биш цаашид хэдэн зуун жилээр үргэлжлэн амьдрах нийгэм маань шударга байхын тулд миний гаргах шийдвэр хариуцлагатай шударга байх ёстой гэдгийг төрийн алба хашиж байгаа хүн бүр ухамсарлах хэрэгтэй.
-Манай нийгэмд энгийн л үзэгдэл мэт болсон, тэмцэхэд хүндрэлтэй байгаа шударга бус зүйлийг хэрхэн тодорхойлох вэ, яаж тэмцэх вэ?
-Намайг ингэж ярихаар хүмүүс Г.Баасан зовлон ойлгохгүй юм гэж бодох байх. Тэгэхдээ албан байгууллага удирддаг хүн хэлэх үгээ санаснаараа хэлчихдэг, шүүмжилчихдэг зоригтой байх хэрэгтэй. Ер нь тэгээд болохгүй байгааг нь ил цагаан хэлчихдэг хүнийг шахдаг, тэр хүнд дарамт учруулдаг, магадгүй ажлаас нь халдаг ч тохиолдол байна. Ялангуяа залуучууд худалч, хулгайч л биш бол цалингаараа л амьдарч байна. Тэгтэл төрийн албанд очсон хулгайч сэтгэлгээтэй, албан тушаалаараа дамжуулж өөрийгөө баяжуулдаг, дөрвөн мөч байтугай найман гартай байсан ч хөдөлмөрлөөд олохгүй мөнгийг муу аргаар олсон хүмүүс шударгаар хөдөлмөрлөж байгаа залуучуудыг хавчиж, хяхаж, өөрсдийн нүдний хараан доор байлгаж, хийсэн хэргээ тохож байна. Ийм тохиолдолд нийгмээ бүхэлд нь өөрчлөх, хандлагаа өөрчлөх, төрийнхөө болохгүй бүхнээс татгалзах хүсэл эрмэлзлийг Монголын иргэн бүр нэгтгэдэг байгаасай.
-Авлигын төрөл зүйл олон янзаар илэрдэг юм байна. Нийгмийн шат давхарга бүрд байгаа аж. Гэтэл манай иргэд төрийн өндөр албан тушаалтнуудын их хэмжээний авлигын хэрэг дээр анхаарал төвлөрүүлж, яг өөрийнх нь дэргэд үйлдэгдэж буй авлигын хэргийг анзаардаггүй юм шиг. Шүгэл үлээгч гэж хэн бэ. Шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалдаг вэ. Энэ талаар ойлголт өгөхгүй юу?
-Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. Бид УИХ-д 76 хүн сонгодог. УИХ-аас ямар хууль баталсан тэр хуулиар бид амьдарч байна. Гэтэл УИХ-аар баталж байгаа хууль өөрөө маш олон салаа утгаар гардаг. Жишээлбэл, ялын бодлогын тухай хуулийн талаар ярья. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гээд эрүүгийн хуулийн 22.1-д бий. Үүнд торгох, эрхийг нь хязгаарлах, хорих гэсэн заалт байна. Энэ гурваас ямар тохиолдолд нь торгох, эрхийг нь хязгаарлах, хорих вэ гэдгийг ялгаж салгаагүй. Энэ чинь өөрөө авлига. Эрх мэдлээ урвуулан ашигласан албан тушаалтныг АТГ-ын нэг комиссар шалгаад, прокурор хянаад, шүүгч шүүлээ гэж бодъё. Тэгтэл энэ хууль тухайн кэйс дээр энэ хүнийг ингээд торгоё, ийм юм өгөхгүй учир хорьё гэх мэтчилэн гурван янзын шийдвэр гаргах боломж олгож байна. Эндээс УИХ дээр баталсан хуулиар авлигыг амьдруулах, бий болгох, авлигыг хөгжүүлэх нөхцөл бүрдүүлж байгааг шуудхан хэлчихье. Энэ чинь л Монголын ард түмнийг мухардалд оруулж, буланд шахаж байна. Би аль нэг яамны төрийн нарийн бичиг байна гэж бодъё л доо. Шударга амьдрахыг хүсдэг, үр хүүхдийнхээ төлөө хариуцлагатай байхыг хичээдэг байя л даа. Тэгтэл энэ хуулиар бол даргынхаа өгсөн үүргийг биелүүлэхээр би хариуцлагаа хүлээж, хоригдоно. Харин том албан тушаалтай дарга маань торгуулаад өнгөрнө. Үүнийг манай иргэд харж байгаа. Тэрбум төгрөг оймсондоо хийсэн хүн 40 саяар торгуулаад л өнгөрсөн. Гэтэл найман зуун мянгаас 1.2 сая төгрөгийн цалинтай хүнийг 40 саяар торгох нь маш том ял. Ийм учраас манай том дарга нар хэл үгтэй, шударга ёсонд дуртай, өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг авлигын хэрэг рүү чихээд тэр хүний амьдралыг нэг мөсөн дуусгадаг. Жирийн л нэг цалингаа аваад ажилладаг залууг 15 саяар торгоод, таван жил төрд ажиллах эрхийг нь хассан гомдол манайд байгууллагад ирсэн. Үүнийг АТГ-ын комиссартай, прокурор, шүүгчтэйгээ нийлж хийж байна. Энэ тохиолдолд бид шүгэл үлээх тухай ярих осолтой. Нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээж, амьдралаа алдаж , эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирохыг хэн хүсэх юм. Хууль хамгаалж чадахгүй байна. Тийм учраас УИХ-ын баталсан хууль руу бид анхаарлаа хандуулах ёстой. Сонгуульд оролцохдоо сонгох хүнээ судлах хэрэгтэй. 2012 оноос хойш сонгуулийн саналаа бид цахимаар дээрэмдүүлсэн. УИХ-д хуульчид очиж байж л хууль боловсруулна. Түүнээс дуучин, бөх, яруу найрагч, сэтгүүлч очоод хууль гэдэг огт танихгүй шинжлэх ухааныг хийнэ гэж байхгүй. Хууль бол хүн төрөлхтний нийгмийн харилцааг өнөөдрийг хүртэл зохицуулж ирсэн маш том, хариуцлагатай шинжлэх ухаан. Үүнийг эзэмшээгүй хүнийг УИХ-д оруулчихдаг нь бидний буруу. Ямар хүнээр удирдуулж байгаагаа мэдэхгүй улс төрчдөө шүтэж хуваагдана, нутаг ус, намаараа хуваагдана. Ийм байдлаасаа бид салах хэрэгтэй. Одоогийн 76 гишүүнээс ердөө наймхан хүн л хуульч мэргэжилтэй байна.
-Авлигын хэргээр далимдуулсан янз бүрийн хар пи ар иргэдийг төөрөгдүүлж байгаа юм шиг ажиглагддаг. АТГ-ын Олон нийтийн зөвлөл үүн дээр хэр төвлөрч, анхаардаг вэ?
-Бид энэ жилийн авлигатай тэмцэх олон улсын өдрөөр яг үүнийг хөндөх төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь, улс оронд маань цар тахал алдагдаж, хөл хорионы дэглэмд шилжлээ. Төрийнхөө шийдвэрийг дагах ёстой. Хэдийгээр бид энэ тал дээр нийтэд хандсан чанга дуу хоолойтой үйл ажиллагааг явуулж чадалгүй хөл хорионд байгаа ч ард түмний мэдээллийн суваг болсон та бүхний тусламжтай маскны цаанаас ч болов энэ асуудлыг хөндөж байгаадаа таатай байна. Бидэнд дуугүй суух эрх байхгүй тийм учраас хөл хорио тавигдсаны дараа асуудлыг гаргаж тавина. Одоогоор бэлтгэл ажлаа хийж байна.
-Иргэн хамгийн энгийнээр авлигын эсрэг тэмцэлд ямар хувь нэмэр оруулж болох вэ?
-Иргэд Авлигыг мэдээлэх 110 утсанд авлигын талаар мэдээллийг өгөх боломжтой. Энэ бол иргэн бүр авлигын эсрэг тэмцэхэд бидэнтэй хамтарч байгаа хэрэг. Хэрэв энэ утсанд холбогдоход тантай хүндэтгэлгүй хандсан, таны мэдээлж буй асуудалд хойрго хандсан бол даруй Олон нийтийн зөвлөл рүү хандах боломжтой.
-Мэдээлэл өгсөн иргэн яаж хамгаалуулдаг вэ? Энэ талаар тодруулахгүй юу?
-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль 2005 онд батлагдсан. Гэвч энэ хууль мөн л доголдолтой. Гэрч хохирогч хуулиараа хангалттай хамгаалуулж чадахгүй мухардалд ордог. Нийтийн төлөө байж байгаад хохирчихъё гэдэг хүн 100 мянгад нэг л байх. Манай монголчууд шударга ёсонд дуртай, шударга ёсыг хүсдэг ард түмэн. Гэтэл ард түмнийг цоорхой хуулиар буланд шахаад байдагт л эгдүүцээд байдаг юм.
-Тэгэхээр АТГ-т авлига, шударга бусын талаар мэдээлэл өгсөн иргэн баталгаатай хамгаалуулж чадахгүй гэсэн үг үү?
-Тийм, шударгаар хэлэхэд иргэд хамгаалуулж чадахгүй байна. Нэрэлхээд, айгаад, хаана хэлэхээ мэдэхгүй байгаа хохирсон хүмүүс маш их байгааг би мэдэж байна. Энэ бол аюул.
-Хууль өөрчлөгдөж байж л үүнийг таслан зогсоох боломж бүрдэх үү?
-Тийм, хууль маш тодорхой, олон салаа утгагүй, хэн ч тэр хуулийн завсар нүхээр гараад ял завших боломжгүй тийм хууль л хэрэгтэй.
-Тэгвэл АТГ-аас хуулиа өөрчлөхгүй бол авлигатай тэмцэх боломжгүй гэсэн дуу хоолойг гаргаж байсан уу? Хууль санаачлах субъекттэй хамтарч ажилладаг уу?
-Хууль санаачлах эрхтэй гурван л субъект байдаг. Саналаа л оруулж болно л доо. Тэр саналаар хууль гаргасангүй гээд явдаг зохицуулалт манайд байхгүй.
-Авлигатай тэмцэх дараагийн шатны үйл ажиллагаа юу байх вэ? Цаашид ямар хэлбэрээр тэмцэх вэ?
-Бид болохгүй байна аа гээд суухаасаа илүү болгоноо гээд гар гараасаа барин хүчээ нэгтгэн зүтгэнэ. Тиймээс 2021 оны авлигатай тэмцэх олон улсын өдөр ирэх хүртэл бид УИХ-д сууж байгаа гишүүдэд дуу хоолойгоо хүргэнэ. Ингэхийн тулд бүх иргэд гар, гараасаа барьж, дуу хоолойгоо нэгтгээсэй гэж уриалмаар байна. Үүнд нам хамаагүй, нас хамаагүй. Манай АТГ-ын Олон нийтийн зөвлөл 2017 онд байгуулагдахаа зорьсон зорилгоосоо нэг алхам ч ухраагүй. Авлигыг даван туулж болдгийг алхам алхмаар харуулаад явж байгаа. Мөн дараа дараагийн Олон нийтийн зөвлөл биднээс илүү ажиллах хөрс суурийг тавьсан гэж бодож байна. Цаашдаа бид авлигын эсрэг хуульд байгаа зохицуулалтыг прокурор хэр зэрэг хянаж байгаа вэ, эцсийн шийдвэр гаргадаг шүүх шийдвэрээ яаж гаргаж байна. Шударга ёсны дэнс тавиад байна уу. Ард түмэнд хохиролтой дэнс тавиад байна уу гэдэг дээр хяналт тавьж ажиллахыг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа.