УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэсийн сангийн, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Эрдэнэсийн сангийн тухай хуулийг анх 1994 онд баталсан бөгөөд сангийн төрлийн тоо нэмэгдэж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоог нь чангатгах, үнэт чулуу, металлын олон улсын ангилал өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж шинэчлэх шаардлагатай аж. Уг хуулийг дагалдуулж Эрүүгийн, Зөрчлийн тухай зэрэг долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь. С.Бямбацогт гишүүн хууль санаачлагчийн танилцуулгыг хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгасан бөгөөд эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг сайжруулах талаар Үндэсний аудитын газраас зөвлөмж гаргасан байна. Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар хязгаарлахгүй түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг эрдэнэст тооцдог байхаар тусгасан. Мөн эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх талаар тодорхой зохицуулалт оруулсан” хэмээн онцоллоо.
Хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзсэн бөгөөд эрдэнэсийн сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан тохиолдолд 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурав хүртэлх жил хорих ял оноох хариуцлага нь сул тул улам чангатгах хэрэгтэй гэв. Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 сая ширхэг эд зүйл хадгалагдаж байгаа бөгөөд үүнд алт, мөнгөн гулдмай, зоос бий аж. Сүүлийн хоёр жилд эрдэнэсийн сан арвижуулах чиглэлээр хоёр тэрбум төгрөг төлөвлөжээ. Тодруулбал, 2018 онд 970, 2019 онд 917 сая төгрөгөөр дээрх санг баяжуулсан аж.
Төмөр замын тээврийн тухай хуулийг анх 2007 онд баталсан бөгөөд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Шинэчилсэн найруулгын төслийг нь 11 бүлэгтэй, 72 зүйлтэй боловсруулж, төмөр замын дэд бүтцийн ангилал, бүтээн байгуулалтын талаар болон тээврийн зориулалтын газрууд, сүлжээ байгуулахад баримтлах зарчим зэрэг зохицуулалтыг тусгажээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам яагаад нууцад хамаардаг талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр тодруулсан юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үүнийг нийтэд мэдээлэх боломжгүй, тусгайлан бичгээр хүргүүлэхээ хэллээ. Мөн Ж.Бат-Эрдэнэ гишүүн шинээр барьж буй төмөр замын өмчлөлийн асуудлыг дээрх төсөлд тодорхой тусгах, Х.Булгантуяа гишүүн дагалдаж оруулж ирсэн хуулиудад салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан нь оновчгүй гэдгийг онцлов.