Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр маргааш, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нөгөөдөр цас орж, шуурна. Энэ байдал энэ сарын 11, 12-н хүртэл үргэлжлэх нь. Салхи энэ сарын 9, 10-нд зарим газраар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэх аж. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна. Гэхдээ Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 37-42, өдөртөө 24-29 градус байна. Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 16-21 градус байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар харьцангуй дулаан байх нь. Говьд шөнөдөө 15-20, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Харин арванхоёрдугаар сарын 11-нээс говьд хүйтний эрч чангарна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун өмнөд, Дорнодын хойд хэсгээр цасан бүрхүүл тогтоогүй байна. Үлдсэн аймгуудын ихэнх сумдын нутгаар 1-15 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их цастай нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт 15, Баянхонгорын Байдрагт 13 см, Увс Давст, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Булганы Могод, Тэшиг, Өвөрхангайн Бүрд, Төв аймгийн Зуунмод, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Түмэнцогт зэрэг сумдын нутгаар 10-12 см, бусад нутгаар 1-9 см зузаан бүрхүүлтэй байна. Өчигдөр ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Отгон сум, Хүрэнбэлчир орчмоор 41-46 градус хүрч хүйтэрчээ.