Манай орны нийт нутгийн 70 хувьд зуд болох эрсдэлтэйг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Тэр дундаа нийт нутгийн 40 орчим хувь нь өндөр, 30 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй гэнэ. Тус хүрээлэнгийнхэн энэ өвөл, ирэх хавар аль аль аймаг, сумд зуд нүүрлэх эрсдэлтэйг зуншлагын байдал, бэлчээрийн даац, цаг агаарын урьдчилсан төлөв зэрэгт үндэслэн гаргажээ. Баянхонгор аймгийн нутагт зуд нүүрлэх эрсдэл хамгийн өндөр бөгөөд нөхцөл байдал хэдийн хүндэрч эхэлсэн гэнэ. Мөн Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатарын зарим нутаг эрсдэл өндөр бүсэд хамаарчээ. Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон нь зудын эрсдэлийг ихэсгэх гол хүчин зүйл болжээ. “Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт өнгөрсөн зун ган болсон. Үүний улмаас газрын гарц муу, мал тарга хүч дутуу авч, отор нүүдлийн хөлд туйлдсан. Түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн, усан хангамж тааруу, өвс тэжээлийн хүрэлцээ муу, үнэ нь өндөр байгаа зэрэг нь зудын эрсдэлийг улам ихэсгэж байна” гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн ихэнх нутагт цасан бүрхүүл тогтсон байв. Хөвсгөлийн Цагаан-Үүрт, Баянхонгорын Байдраг, Галуут, Булганы Тэшиг, Могод, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумд 12-15 см зузаан цас тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна.
Бэлтгэсэн: Ч.Зул