Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэхтэй холбоотой шийдвэр гаргалаа. Үүний дагуу коронавирусийн халдвар дэгдсэн зургаан аймаг болон Улаанбаатар хотод нийт гурван тэрбум төгрөгийн дэмжлэг олгох нь. Уг хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж. Цар тахал дотоодод тархсантай холбоотойгоор нийслэл, орон нутагт төлөвлөөгүй зардал нэлээд гарсан тул ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ. Иргэдийг тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэг зайлшгүй шаардлагатай ажлуудад үүнийг зарцуулна. Мөн коронавирусийн халдвар тархаж болзошгүй найман цэгт хяналтын баг ажиллуулахаар шийдвэрлэлээ. Хяналтын багийнхан эхний ээлжид ХӨСҮТ-д, дараа нь тусгаарлах байр, Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Эрээнцавын боомтод ажиллах юм байна.
Түрээсийн төлбөрөө бууруулсан иргэн, аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөснөө Засгийн газраас мэдэгдлээ. Зах, худалдааны төв, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн иргэн, аж ахуйн нэгж ирэх оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулбал орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Эл шийдвэрийг албажуулж хууль боловсруулах бөгөөд төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ гэв. Түүнчлэн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болжээ. Эл хуулийн төслийг баталснаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, эдийн засаг идэвхэжнэ гэж тооцжээ.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Нөхцөл байдал аль аль талд хүнд байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Засгийн газар нөөц боломждоо тулгуурлан 5.1 их наяд төгрөгтэй дүйцэхүйц хөнгөлөлт, дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж ирсэн. Хөрөнгө мөнгө байвал харамлах зүйлгүй иргэдэд өгмөөр байна. Харамсалтай нь, улсын орлого их хэмжээгээр тасалдсан. Иймд боломждоо тулгуурлан шат дараатайгаар арга хэмжээ авч байгаа. Үүний дагуу түрээсийн төлбөрөө бууруулсан бол тэр хэмжээгээр нь татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барих болсон” гэв.
Дотоодоос халдвар авсан хүний тоо 429 боллоо
“Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо дэлхий дахинд өчигдрийн байдлаар 64.2 саяд хүрч, 1.4 сая хүн нас барав. Манай улсад халдвар авсан хүний тоо өчигдөр 812 боллоо. “Улсын хэмжээнд нийт 12 015 хүнийг шинжилгээнд хамруулахад 11-ээс нь коронавирус илэрсэн. Улаанбаатарт зургаа, Сэлэнгэд гурав, Орхон аймагт хоёр хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдсон. Тэд дотоодоос халдвар авсан. Өөрөөр хэлбэл, нь өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтлын иргэд бөгөөд бүгд тусгаарлан ажиглах байранд байсан” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Ингэснээр дотоодоос халдвар авсан хүний тоо 429-д хүрлээ. Ташрамд дурдахад, халдвар авсан өвчтөнүүдийг анагааж байсан 10 эмч, сувилагч “Ковид-19”- өөр өвчилсөн. Тэднээс өчигдрийн байдлаар долоо нь эдгэрчээ.
Бэлтгэсэн: М.Оч
Тусгай нислэг хийхээр бэлтгэж байна
Улс даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор тусгай үүргийн нислэгийг түр зогсоосон. Гэсэн ч гадаадад байгаа, ялангуяа Европ дахь иргэд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа аж. Мөн манай улсаас ч зарим иргэн гадаад явах хүсэлт гаргажээ. Тэгвэл тусгай нислэгийг хэзээ сэргээх талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өчигдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулбал энэ сард тусгай нислэг хийхээр судалж, бэлтгэж байна. МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатар-Токио, Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигчтой, буцахдаа ачаа ачиж ирэх нислэг үйлдэхээр бэлтгэж байгаа. Ингэхдээ тусгаарлах байрны хүчин чадлыг харгалзана. Арваннэгдүгээр сарын 10-наас өмнө тусгай нислэгээр ирсэн хүмүүсийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дууссан. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 68 байр бий. Дотоодоос халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын хүмүүс өдгөө тусгаарлах байрнуудад байна” гэлээ.
27 228 иргэн шинжилгээнд хамрагджээ
Хатуу хөл хорионы улмаас нийслэлд “гацсан” иргэд энэ сарын 1-нээс орон нутгийг зорьж эхэлсэн юм. Эхний ээлжид хот хоорондын нийтийн тээврээр 14 чиглэлд 74 автобусаар 2531 иргэн нийслэлээс орон нутаг руу зорчсон байна. Түүнчлэн долоон аймгаас нийслэл рүү 204 зорчигч 14 автобусаар иржээ. Мөн хувийн 301 тээврийн хэрэгслээр 1000 орчим иргэн Улаанбаатараас гарсан байна. Уг нь үүнээс олон иргэн хот хооронд зорчихоор бүртгүүлсэн ч цөөнгүй нь шинжилгээний хариугаа авч чадаагүйгээс зорьсон газар луугаа явж чадаагүй гэнэ. Шинжилгээний хариу авах www.119.mn цахим хуудас нь ажиллахгүй иргэдэд нэлээд хүндрэл учруулсан аж. Тиймээс шинжилгээнийх нь хариуг мессежээр илгээж эхэлснийг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлсэн. Иргэд шинжилгээний хариу буюу мессеж, иргэний үнэмлэхээ алба хаагчдад шалгуулснаар товчоодоор нэвтрэх эрхтэй. Коронавирусийн халдвар дэгдсэн аймаг, нийслэлээс гарах иргэн заавал шинжилгээ өгнө. Харин “Ковид-19” илрээгүй аймгаас гарах бол шинжилгээнд хамрагдах шаардлагагүй гэдгийг УОК-оос мэдээлсэн.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Орон нутаг руу явахаар 27 228 хүн шинжилгээ өгөөд байна. Тэднээс коронавирус илрээгүй. Улаанбаатар хотын 20 цэгт 300 гаруй эмнэлгийн, эмч ажилтан иргэдээс шинжилгээний сорьц цуглуулж байгаа. Эмч нараас гадна цагдаа, онцгой байдлын байгууллагын 700 гаруй алба хаагч ажиллаж буй. 116 000 хүн шинжилгээнийхээ хариуг авахаар хандаж, ачаалал ихэссэнээс www.119.mn сайт гацаж, шинжилгээний хариу зөрүүтэй гарах болсон тул түр хаасан. Техникийн асуудлыг нь “Интер актив” компани хариуцсан. Тус компанийнхан алдаа гаргасан тул иргэдээс уучлал гуйна гэдгээ ЭМЯ-нд мэдэгдсэн” гэв.
Япон Улс хүн амаа үнэ төлбөргүй вакцинжуулна
• Японы парламентын дээд танхим хүн амаа шинэ төрлийн коронавирусийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. Үүнд вакцин сөргөөр нөлөөлсөн хүмүүст үзүүлсэн эмчилгээний зардлыг төрөөс даахаар тусгасан байна. Тус улс Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer” болон “Moderna” компанийн вакцин захиалжээ. Мөн дотооддоо ч хэд хэдэн вакцин бүтээж буй. Тус улсад “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 151.7 мянга давснаас 2206 нь нас барсан байна.
• АНУ-ын эмнэлгийн ажилтнууд, өндөр настны асрах газарт амьдардаг хүмүүсээ түрүүлж вакцинжуулах зөвлөмжийг ЭМЯ-ны дэргэдэх Дархлаажуулалтын зөвлөлдөх хорооноос гаргажээ. Ямар вакцин хэрэглэх шийдвэрийг Хүнс, эм бэлдмэлийн чанарт хяналт тавих газар нь гаргасны дараа уг зөвлөмжийг хэрэгжүүлэх аж. Тус улсын иргэд Зул сарын баяраас өмнө “Pfizer”, “Moderna” компанийн вакцин хийлгэж эхэлж магадгүй тухай Эрүүл мэндийн сайд Алекс Азар нь мэдэгдсэн юм.
• ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко “Спутник V” вакцинаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 31 дэх удаагийн тусгай чуулганы үеэр танилцууллаа. Тус улс үүнээс гадна “Вектор” вакцин бүртгэсэн бөгөөд удахгүй дахин нэгийг бүртгэж магадгүй гэнэ.
• Цар тахлын улмаас аравдугаар сарын эцсээр хаасан Эйфелийн цамхгаа Франц улс энэ сарын 16-наас нээх болжээ. Халдвар тархалт саарсан учир зарим хязгаарлалтыг өнгөрсөн бямба гаргаас аажмаар цуцалж эхэлсэн аж.
• АНУ-д өөрийгөө тусгаарлах дэглэмийг албадуулалгүй илүү чанд сахихад нөлөөлж магадгүй хэмээн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тусгаарлах хугацааг 10 хоног болгож багасгав. Харин коронавирусийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд заавал тусгаарлах хугацааг долоо хоног болгожээ.
Бэлтгэсэн: З.Гал
ТОВЧХОН
- Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 10 хоногоор сунгасныг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид өчигдөр жагсаал зохион байгуулж, хөл хорионы улмаас дампуурсан бизнес эрхлэгчдээ дэмжихийг Засгийн газраас шаардлаа.
- “Ковид-19”-ийн хамгаалалтын хувцас, хэрэгсэл зэрэг аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг “Элемент” компанийнхан хариуцан гүйцэтгэж байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.
- Коронавирусийн халдвар илэрсэн Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир сум дахь иргэн бүрийг шинжилгээнд хамруулах болжээ.