Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдварын хоёр тохиолдол илрээд буй. Тодруулбал, халдвар авсан иргэн энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинаар Архангай аймгийн Батцэнгэл суманд очиж, улмаар таван настай хүүдээ халдвар тараасан нь тогтоогдсон юм. Тэгвэл тухайн хоёр иргэний ойрын болон хоёр дахь хавьтлын нийт 200 хүнээс шинжилгээ авч буй талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр "Архангай аймагт хөл хорио тогтоохоос эхлээд нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байна. Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлын нийт 200 гаруй хүний нэрийг гаргаж, шинжилгээнд оруулсан. Одоогоор 120 орчим хүнд нь шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна" гэлээ.