Засгийн газар ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр 17.00 цагт эхэлсэн уг ээлжит бус хуралдаанаар хөл хорионы дэглэмийг сунгах, эсэх асуудлыг шийдэх юм. Хөл хорионы дэглэмийг хэсэгчилсэн байдлаар 10 хоног сунгахаар болсон тухай мэдээлэл байна. Тодруулбал, коронавируст халдварын цар тахал дэгдээд буй нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 1-11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилж, хатуу хөл хорихоор шийдсэн гэнэ. Нэр дурдсан газраас бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 1-ны өдрийн 06.00 цагаас бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ. Мөн олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, спорт, урлаг, үзвэр үйлчилгээг хориглосон аж. Энэ өдрүүдэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлнэ. Улмаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгаас бусдыг нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллахаар ид ярилцаж байна. Бид эцсийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.