Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.
Тэрбээр "Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байлаа. Гэвч цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа. Бид богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байна. Ард иргэд хүнд нөхцөлд амьдарч байгааг ойлгож байна. Бид цар тахалтай хамт амьдрах нь тодорхой боллоо.
Хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт голомт илэрсэн. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 гээд 30 иргэн цар тахлын халдвар аваад байна. Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
Үүнд:
- Хүүхэд бүрд сар бүр олгох 100,000 төгрөг, бусад тэтгэмжийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгох ажлыг ирэх оны 7-р сарын 01-нийг хүртэл олгоно.
- Төрийн болон ОНӨААТҮГ-аас бусад бүх байгууллагыг татвар, НДШ, алданги, төлөлтөөс чөлөөлж байна.
- Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг тухайн бууруулсан дүнд нийцүүлэн татвараас чөлөөлнө.
- Импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос, өвч, мал амьтны тэжээл, тослог ургамал, үр тариаг импортын болон гаалийн болон НӨАТ-аас бүрэн чөлөөлнө.
- Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйлдвэрлэл, түгээлт, тараалтыг хэвийн явуулах чиглэлийг холбогдох байгууллагад өглөө.
- Ипотекийн зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээл төлөгчийн санал хүсэлтийн дагуу хойшлуулахыг Монголбанк, санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгов.
- Банк, санхүүгийн байгууллага нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсныхаа төлөө зээл төлөгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байхыг анхаарууллаа. Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ гаргаснаас тухайн хөнгөлөлтөд орох боломжийг бүрдүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
- Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах ажлыг хэвийн шуурхай явуулахыг БНХАУ-ын талтай дипломат шугамаар явуулах чиглэл өглөө.
- Гашуун сухайт, шивээ хүрэн боомтыг ногоон бүс болгон зарлаж, жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж уул уурхайн бүтээгдэхүүнийг очер дараалалгүй гаргах чиглэл өглөө.
- Коронавирусийн цар тахлын оношлуур, эм, хамгаалах хэрэгслийг импортын болон НӨАТ-аас чөлөөлөхийг үүрэг болголоо.
- Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийхийг холбогдох хүмүүст үүрэг болгов.
- Гааль татварын бүх үйлчилгээг цахимжуулж, ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх боломж хангахыг холбогдох бүх байгууллагад үүрэг болгов.
- Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн идэвхжүүлэхийг үүрэг болгов.
- Төрийн байгууллагад бараа ажил үйлчилгээ нийлүүлсэн хүмүүсийг төрөөс авах төлбөр тооцоог нэн яаралтай төлж барагдуулах үүрэг өглөө.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр зарлагдаж буй бүх худалдан авалтыг дотоодод хийсэн бараа бүтээгдэхүүнээс сонгохыг үүрэг болгож байна.
- Яг одоо зарлагдсан бүх төрлийн тендерийн материал хүлээн авах хугацааг 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгахыг үүрэгдлээ.
- Үйлдвэрлэл үйлчилгээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нөхцөл олгохыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
- Хүн хоорондын зайг 2 метрээс багагүй байлгах, амны хаалтыг хэрэглэж хэвшүүлэх, зайнаас халуун хэмжих төхөөрөмжийг байршуулах ажлыг хэрэгжүүлэх
- Ард иргэдийг соён гэгээрүүлэх, коронавирусээс урьдчилан сэргийлэх контент үйлдвэрлэлийг дэмжих ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг холбогдох сайдуудад үүрэг болголоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийг боломжтой хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хийнэ. Эдийн засгийн аль болох хурдан хугацаанд хуучин хэвэнд оруулах ажил чухал байна.
- Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх
- ААН-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах
- Ариутгал, хамгааллыг хийх