Гашуунсухайт дахь боомтоор энэ сарын 9, 10-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан “Гранд мотор” ХХК, “Баянговь транс” ХХК-ийн тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж хууль бус бараа гаргахыг завдсан хэрэг бүртгэгдэв. Тодруулбал, 40 шуудай, 600 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан аж. Гэмт хэргийн шинжтэй уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Улс орон даяар "Ковид-19" вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн энэ үед хориглосон барааг хилээр нэвтрүүлэх гэсэн дээрх мэт тохиолдол хэд хэд гарчээ. Ер нь сүүлийн үед Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлүүд гарсаар байгааг эх сурвалж онцоллоо