Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бүх нийтээрээ баталсан түүхт өдрийн 75 жилийн ой өчигдөр тохиолоо. Үүнтэй холбоотойгоор “Бүх ард түмний санал хураалт-1945: Баримт, судалгаа” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр дэлгэлээ. Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран Гадаад харилцааны яаманд уг үзэсгэлэнг зохион байгуулсан юм. 1945 оны бүх ард түмний санал хураалттай холбоотой түүхэн баримтуудыг үзэсгэлэнд дэлгэв. Тухайлбал, БНМАУ тусгаар тогтносон талаар бүх ард түмний санал хураалт явуулахыг дэмжсэн иргэдийн талархал, мэндчилгээнүүд, Хятадын коммунист намын төв байгууллагын “Цзе Фан жибао” сонины 1945 оны аравдугаар сарын 29-ний дугаарт нийтэлсэн “БНМАУ-ын тусгаар тогтнолд баяр хүргэсэн нь” хэмээх нэртэй өгүүллийн орчуулгын эх ноорог байлаа. Түүнчлэн саналын дүн хүргэх төлөөлөгчийг 1945 оны арваннэгдүгээр сарын эхээр Дундад иргэн улсын Чүнчинь хот руу явуулахаа илэрхийлсэн маршал Х.Чойбалсангийн ЗХУ-аас БНМАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Н.Ивановт явуулсан албан бичгийг танилцуулав. Мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй “Тусгаар тогтносон Монгол Улс” баримтат кино, тухайн үеийн сонин, хэвлэлийн мэдээ зэрэг баримтыг эх хувиар нь, заримынх нь хуулбарыг дэлгэж, 75 жилийн өмнөх түүхэн үйл явдлыг эргэн санууллаа.
1945 оны есдүгээр сарын 21-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутагт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” хэмээсэн тогтоол баталжээ. Үүний дагуу бүх ард түмний санал хураалт товлосон өдрийн 06.00 цагт эхэлж, 18 аймаг, Улаанбаатар хот, Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч, ажиллаж байсан иргэдийг ч хамруулснаар нийт сонгогчийн 98.6 хувь нь оролцож, бүгд тусгаар тогтнолоо баталжээ. Санал хураалтын дүнгийн тухай Төв комиссын тогтоолыг Улсын бага хурлын тэргүүлэгчид батлан, арваннэгдүгээр сарын 10-нд ЗХУ, Дундад иргэн улсын Засгийн газарт илгээсэн байна. 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргажээ.
Түүхийн эдгээр баримтаа манай улс ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх эрхээ авсан гэнэ. Дэлхийн баримтат өвийн асар олон дурсгал устаж буйг харгалзан ЮНЕСКО 1992 онд уг хөтөлбөрөө эхлүүлжээ. Тус хөтөлбөрт хамрагдах баримтат өвийг олон улсын хэмжээнд хоёр жил тутам сонгон шалгаруулж бүртгэдэг бөгөөд манай улсаас одоогоор “Лу Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур” багтжээ.
Бэлтгэсэн: М.Оч