Өмнөх үг: Чанчун Чи нь 1148 онд төрсөн Даогийн өндөр гэгээн лам
хувраг бөгөөд аялалд гарах үедээ өндөр настай байжээ. Тэрээр Чингис хааны
зарлигын дагуу Дундад Азид орших хааны ордонд хүрэлцэн очиж түүнд бараалхасан
юм. Аялалын хувьд Алтай, Тянь-Шанийн (Тэнгэр уул) уулсаар, одоогийн Казакстан,
Киргизстаны нутгаар дамжин, Самарканд орж зүүн-хойд Иран, Афганистаны уулархаг
нутагт хүрсэн байдаг. Түүнийг Ли Чичан хэмээх шавь нь дагалдаж, туулсан замын
тухай тайлбар бичээсийг нэлээн дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээжээ.
Аян замын тэмдэглэлийг 1228 онд Сүн Сигийн удирдтгалтай хэвлэн Дао
цанг ци яод (номын бүтээлд) оруулсан байдаг. И.Бретшнайдэр тус тэмдэглэлийг
“манай Европ аялагч нараас хавьгүй илүү, нарийн мэдрэмжтэй бичсэн” хэмээн
тодотгосон бөгөөд тухайн үеийн Дундад Азийн газар зүй, энгийн ардын амьдрал,
Монгол эзэнт гүрний захиргаа, аян замын нөхцөл зэргээс гадна Эзэн Чингис хааны
хавьгүй өгөөмөр, сэтгэл татам дүр зургийг тод томруун буулгасан дурдатгал
болсон байдаг.
Орчуулгын эхийг И.Бретшнайдэрийн “Зүүн азийн эх сурвалжаас үүдэлт
дундад зууны үеийн судалгаа” номын (Нью Йорк: Барнес & Нобле, 1888 он)
37-108 хуудсаас авав.
М.Энхсайхан
(Сүн си номын эхэнд өгүүлэхдээ)
Чанчун бумба бол төгс төгөлдөрийн дээд хүн байсан. Миний бие эрийн
цээнд хүрэх үед (түүний тухай өмнө нь ихэд сонсож байсан) түүнийг
тэнгэр бурханы орон руу аль хэдийн одож, дүүлэх үүлсийн дунд дараах биелэлийг
олон оршиж байгаа гэж бодон уулзан учирч чадаагүйдээ харамсаж байсан юм. Гэтэл
1219 оны өвөл, далайн эрэг дагуу амьдардаг (Шан тунд) их багш, (Чингис хааны) урилгаар
аялалд гарсан тухай яриа гэнэт гарав.
Хойтон жилийн хавар нь (1220) тэрээр үнэхээр Иен кингд (Бээжин)
хүрэлцэн ирж Юү сү куаны хийдэд байрлав. Тэр үед би түүнтэй өөрийн биеээр
уулзах завшаан тохиосон юм. Түүний сууж байгаа нь хөдлөшгүй цэх, эгээ л амьгүй
бие мэт; түүний зогсож байгаа нь мод адил; хөдөлгөөн нь цахилгаан шиг бөгөөд
алхалт нь салхи мэт байсан юм.
Түүний яриа ихийг үзэж, дуулсан хүний шинжийг агуулж буйг би олж
мэдсэн. Өдрөөс өдөрт түүнийг бишрэх миний сэтгэл нэмэгдэж байлаа. Түүний цог
гэрэлд татагдан шавь болон ёслох хүсэлтэй ардууд өдөр бүр нэмэгдэж байсан. Хоёр
дахь илгээлт (Чингис хаанаас) ирсэний дараагаар багш өрнөд рүү мордсон юм.
Түүнийг үдэх зуур шавь нар нь хэзээ ирэх талаар асуухад багш
“Гурван жилийн дараа” гэж хэлсэн. Тэр агшин 1221 оны эхний сард тохиосон бөгөөд
үнэхээр зөгнөсөн ёсоороо 1224 оны эхний сард өрнөдөөс эргэн ирсэн. Их багшийн
өрнөдөд хийсэн аялал 20,000 бээрийн замыг туулжээ. Тэрээр бидний газрын зурагт
буугаагүй, бороо шүүдэр чийглэж байгаагүй нутгаар аялж ирсэн юм.
Хэдийгээр очсон газар бүхэн түүнийг хүндэтгэл дүүрэн хүлээн авсан
ч туулсан зам нь тун хатуу бэрх байж. Гэсэн хэдий ч тэрээр үргэлж сэтгэл
өөдрөг, харилцан яриа үүсгэн, шүлэг найраг хөтлөн явсан. Их багш байгалийн
үзэсгэлэн гоог өнгө бүрээр шимтэн таалж замд таарах сонирхолтой газар бүр
саатан зогсож байжээ. Харин амьдрал үхлийн талаар их багш төдийлөн төвөгшөөн
бодож байгаагүй бөгөөд түүнийг дулаан хүйтний шинж чанартай адилтган санаж
байв. Ийм төгс төгөлдөрийн дээдийг их багш Даод (чин үнэн) нэвтрэснээс өөрөөр
олж авна гэж үү?
1228 оны 7 дох сарын 2 дахь өдөр
(замын тэмдэглэлээс иш татахад, хуудас 47-53)
Хойд зүгт аялах бид Фу Чаог өнгөрч өвлийн сүүл сарын 15-нд (2
сарын 8) зүүн хойд зүгийг чиглэн Кай-ли-по хэмээх давст нуурт хүрэв. Энд бид
хорин өрх бүхий эхний суурьшилтай таарсан юм. Давст нуур нь урагшаа олон
давалгаа бүхий зүүн хойш сунаж тогтсон хэлбэртэй. Үүнээс хойш гол мөрөн ахин
таарахгүй бөгөөд зөвхөн элсэнд ухсан худгаас ус гаргах боломжтой.
Мөн хойд зүгт хэдэн мянган бээр яваад ч уул асгатай үл таарна. Бид
морин дэл дээр таван өдрийг туулж Мин Чан хэмээх нутгийн хязгаараас
гарлаа.
Зургаа, долоо хоногийн дараа бид их элсэн цөл Шатоод ирэв. Газрын
нам хэсгээрээ давжаа хайлаас мод таарах бөгөөд зарим нь их өргөн бүдүүн тойрогтой.
Харин үүнээс цааш, зүүн хойд зүгт, арван мянган бээр үргэлжлэх газарт мод
үзэгдэхгүй. Бид гурав дах сарын эхний өдөр (1221 оны 3 сарын 25) их элсэн
цөлийг орхин Юү Ир Лид ирж гэмээн суурьшилтай таарав. Эндхийн ард газар
тариалан ба загас агнуурыг давамгайлан эрхлэн амьдардаг.
Хэдийгээр энэ үе цинг минг (хаврын эхэн сарын арван таван) тохиож
байсан ч хаврын урь орох байтугай цас хайлаагүй байв.
Гурав дах сарын 5-ны өдөр (3 сарын 29) бид ахин хөдлөж зүүн хойд
зүгт гарав. Эргэн тойронд хар хөсөг, цагаан гэр бүхий суурьшил бидэнтэй таарч
байсан. Эдгээр ард нүүдэлчид бөгөөд оршин суух газраа бэлчээр усны сайныг
сонгон сэлгэдэг. Энд мод үзэгдэхгүй бөгөөд зөвхөн шар үүл (тоос) татсан
өгөршсөн зүлэг угтаж байв.
Хорь гаруй хоног зүг чигээ өөрчлөлгүй явсаны эцэст бид, баруун
хойш урссаар Лу-Кү голруу цутгах, элсэн голд хүрэв.
Элсэн голыг гатлахад ус нь эмээлийн оломд хүрч байсан. Харин
бургас мод голын эргийг нэлэнхүйд нь бүрхсэн ажээ. Гурван өдөр хойд зүгийг
чиглэн явсаар сиа Шатоод (жижиг Шатоо цөл) бид ирэв.
1221 оны дөрөв дөх сарын эхний өдөр (4 сарын 23), бид Отчигон
ноёны буудалд хүрлээ. Энэ үед мөс дөнгөж хайлж эхлэн анхны ногоо цухуйж байсан
юм. Буудалд хуримын найр болж байсан бөгөөд олон Монгол жанжин гүүний сүү барин
ирэв. Бид цагаан гэртэй олон мянган хар хөсгийг эгнүүлэн тавьсан байхыг харсан.
Долооны өдөр (4 сарын 29) их багш Монгол Ноёнд бараалхахад, ноён түүнээс
амьдралыг уртасгах аргыг хэлж өгөхийг хүссэн. Их багш эзэн хаанд айлдахаас өмнө
ноёнд айлдах нь зохисгүй тул буцах замдаа ноёнд дахин бараалхахаар тохиров.
Арван долооны өдөр (5 сарын 9) ноён зуун адуу шар бухын хамтаар их багшид
олгохыг тушаан, бид замд гарав.
Бидний зам баруун хойш чиглэн дөрөв дөх сарын 22-нд (5 сарын 14)
Лү-Ку (Хэрлэн гол) голын хөвөөнд ирлээ. Голын ус энд хэдэн зуун бээр тойрог
бүхий нуур бүтээжээ. Салхины эрчээр долгиолох уснаас үлэмж хэмжээний загас
шидэгдэхэд Монголчууд шаламгай гэгч нь барина. Бид цаашлан голын өмнөд эргийг
даган хөдлөлөө. Ие хие (хөмөөл) бидний явсан газар бүрт таарна.
Тав дах сарын эхний өдөр (5 сарын 23), голын урд эрэг дээр биднийг
байрлаж байхад, нар хиртэлт болов. Энэ үед од гарагсыг харж болохоор түнэр
харанхуй болж удалгүй ахин гэрэлтсэн юм. Энэ нутагт өглөө хүйтэн, үдэш дулаан
болдог аж. Бид хуанг хуа (шар цэцэгс) машид түгээмэл байхыг харсан. Гол зүүн
хойш урсах бөгөөд хоёр эрэг даган өндөр ургасан бургас модыг Монголчууд гэр
барихдаа ашиглана.
Арван зургаан өдрийн замыг туулсаны (Хэрлэн голын өмнөд эргийг
даган дээшилсэн) дараа голын чиглэл өөрчлөгдөн, толгодын дундуур ороон баруун хойш
урсах хэсэгт ирэв. Учиг юунд буйг бид олж мэдсэнгүй. Баруун урагш цаашлан
явсаар Юү Ир Ли хүрэх замын өртөөнд хүрэлцэн ирлээ. Эндхийн Монголчууд их
багшийг ихэд баярлан хүлээн авч шар будаа өгөөд түүнийг жил хүлээж байгаагаа
хэлэв. Их багш тэдэнд улаан чавга бэлэглэв. Тэд ийм жимсийг урд өмнө харж
байгаагүй гэнэ.
Үүнээс цааш бид арван өдөр аялсан. Тухайн цагт зуны нарны оргил
үед сүүдэр (нарны зүүний) гурван тохой зургаан ямхын хэмжээтэй байсан.
Эндээс бид өндөр уулсын оройг харах болж, баруун зүгт явах тутам
уулархаг даваа гүвээ ихтэй нутгийг туулсан.
Эндхийн хүн ам олон тооны бөгөөд бүгд хар хөсөг цагаан гэрт
амьдарцгаана. Тэд мал аж ахуй, ан гөрөө эрхлэн, ангийн үс арьс өмсөж, сүү
махаар хооллодог.
Эрчүүд ба гэрлээгүй залуу бүсгүйчүүд нь үсээ сүлжин чихээ давуулан
унжуулдаг. Гэрлэсэн эмэгтэйчүүд нь модны холтосоор урласан хоёр тохой өндөр
зүйлийг толгой дээрээ тавин ноосон давуугаар, зарим чинээлэг хэсэг нь улаан
торгоор орооно. Энэ юүдэн нь урт гэзэг сүүлтэй бөгөөд галуу эсвэл нугасыг санагдуулдаг.
Үүнийгээ тэд юү-юү гэж нэрийдэх ба хэн нэгэн санамсаргүйгээр мөргөчих вий гэж
үргэлж болгоомжилно. Тиймээс гэрт орохдоо тэд толгойгоо бөхийлгөн нуруугаараа
алхаж ордог.
Тэд бүх ажил албаа амаар тохирох ба хийсэн яриа хэлцлийг модон
дээр тэмдэглэн гэрээлнэ. Тэд хэзээ ч тушаалыг сөрж дураар авирладгүй бөгөөд
хэлсэн үгнээсээ буцдаггүй зантай. Тэд эртний ёс заншлаа хадгалан үлджээ.
Mediaeval Researches from Eastern Asiatic Sources, Trubner
Oriental Series, London. 1888.
Орчуулсан Э.Хонгорзул
Англи хэлнээс монгол хэлнээ буулгасан орчуулгыг жаргааж хэлэх
миний үг:
Их хааны тухай түүх домог олонтаа бичигдсэн. Ихэвчлэн түүний эзэлж байсан гүрэн
улсын бичээч нар түүний цэргийн дайлалын үед болсон үйл явдлыг тэмдэглэн
үлдээсэн учраас Их хааны дүр төрх харгис хэрцгий түрэмгийлэн эзлэгч мэт түүхийн
хуудаснаа үлджээ. Харин Чанчун бумбын өрнөдөд аялсан тэмдэглэлд монголчууд
бидний мэдэх төр улсаа цогцлоон байгуулж, ард түмэндээ урт удаан амар амгаланг
эрэлхийлсэн, энэрэнгүй Их хааны дүр зураг тодорч байгаа юм. Их хаан Чанчун
бумбаас хамгийн түрүүнд асуусан асуулт нь “Билигт мэргэн та, холоос зорьж энд
ирлээ. Надад олгох, мөнх амьдралын эм юу байна?” гэдэг. Хариуд нь Чанчун бумба
“Амь биеийг мөнхрүүлэх аргагүй. Харин мөнх амьдралыг тэтгэж болно” гэснийг Их хаан
ихэд сайшаан хүлээн авсан гэдэг. Үүгээр Их хаан Чанчун бумбыг зүгээр нэг
харалган, ид шидийн шийдэл эрэлхийлсэн сэдлээр дуудаагүй нь нотлогдож түүний
билиг оюунаас суралцаж зөвлөлдөхийг хүссэн нь харагдана. Чанчун бумбатай
хөөрөлдсөн цаг хугацаа Чингис хааны сүүлийн дайлал буюу Тангуудыг ялсан аян
дайны дараа юм. Их эзэн Чингис хаан Чанчун бумбад илгээсэн урилга захиандаа
өөрийгөө эгэл даруу нэгэн гэж тодорхойлон зөвхөн мөнх тэнгэрийн дуудлагаар
хамаг олныг нэгтгэсэн их үйлс байгуулсан хэмээдэг. Тийм ч учраас Их хаан
үйлсийг үргэлжлүүлэх, амьдралыг тэтгэх хүч эрэлхийлж Чанчун бумбатай холбогдсон
бизээ. Харин Чанчун бумбатай уулзсанаар Их хаан, дотроо ухамсарлан ойлгож
байсан бодлоо цэгцлэн мөнх амьдралыг тэтгэх цорын ганц арга хүч нь АЛД БИЕ МИНЬ
АЛЖААВААС АЛЖААТУГАЙ, АХУЙ ТӨР МИНЬ БҮҮ АЛДАРТУГАЙ хэмээх үеийн үед төр улсаа
дээдлэн, үндэсний бат бэх оршлыг цогцлоох сургаалийг үлдээсэн юм. Өнөө үеийн
монголчууд бид энэ их үйлсийн үргэлжлэл, Их хааны мөнх амьдралыг цаашид түгээн
тэтгэгч хүч мөн билээ.
Шувуучин овогт Э. ХОНГОРЗУЛ
Чан Чун бумбын Өрнөдөд аялсан тэмдэглэл 2
(Чан Чун бумба 1220 онд нутгаа орхин 1221 онд Монголыг туулан, Чингис хааны хааны хойноос явсаар 1222 онд одоогийн Узбекистан улсын Самарканд хотод ирж өвлийг даваад 1222 оны 5 сард Их хаантай уулздсан байдаг. Уулзсан даруйд Их хаан Даогийн номлолын тайлах сайн өдрийг Чан Чун бумбатай тохирох боловч заасан өдөр ойртоход хойхээ (тангуд) босогч нарыг дарах тулаанд өөрийн гар биеээр оролцох шаардлагатай хэмээн арав дахь сарын шинийн нэгэн хүртэл хойшлуулдаг. Ингээд Чан Чун бумба Самарканд хотод буцан очиж түүнийг хүлээснээр тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна)
Долоо дахь сарын эхний өдөр (1222 оны 8 сарын 8), Их багш А-Ли-Шинээр дамжуулан Эзэн хаанд Даогийн номлол хэзээ тайлбарлуулах хүсэлтэй байгааг асуусан захиаг илгээв. Захианы хариуг Эзэн хаан өдөрт нь буцааж, бид наймдах сарын 7-ны өдөр хүлээн авлаа.
Найм дахь сарын 8-нд бид Их эзэн хааны буудаллаж буй газарлуу хөдлөв. Тайши
(амбан түшмэл) багшийг үдэж хорь, гучин бээрийн замд дагалдаад буцсан юм. 12-ны
өдөр бид Лиеши (Каш) хотыг өнгөрөв. 13-ны өдөр биднийг 300 морьтон, 1000 явган
цэргийн цуваа тосон өндөр уулсын нутагт ирлээ. Бидний зам үүнээс цааш Тие Мин
Куанг (Төмөр хаалгыг) ороон гэтлэх байв. Бид улаан уст голыг гатлан нэлээн олон
бээр, өндөр чулуун хавцал дундуур, зүүн-урагш чиглэсэн юм. Уулын бэлд давст
горхи таарах бөгөөд ус нь ууршссан хэсгээр цагаан давс үлдээсэн байв. Түүнээс
бид нэлээн хэмжээг нөөцлөн бэлтгэлээ. Зүүн-урд зүгт цаашлаад бид усны хагалбар
гарсан уул өөд өгслөө. Бидний баруун талд, мөсөөр дүүрсэн гэлтэй хөндий
харагдаж байсан бөгөөд яг үнэндээ давс ажээ. Уулын оройд гараад бид, чулуу шиг
хэлбэртэй улаан өнгөтэй давс олоход багш амталж үзсэн. Дорнын улсад (Монгол,
Хятад г.м) давс зөвхөн нам доор газар олддог атал, энд өндөр уулсад байдаг
ажээ. Мухаммедчууд бялуугаа давстай иддэг бөгөөд цангах үед өвөл гэлтгүй хүйтэн
ус уудаг. Тийм ч учраас тэдний ядуус домботой ус зарж борлуулдаг.
15-нд (9 сарын 21) бид голын эрэгт (Аму мөрөн) хүрэв. Энэ гол Хятадын Шар
мөрөнтэй төстэй бөгөөд баруун-хойд зүгт урсана. Бид завиар гол гаталсны дараа
урд эрэг дээр байрлалаа. Баруун талд Туан-ба-ла хэмээх уулын цайз сүндэрлэх
бөгөөд хамгаалалтын хүчтэй цэг ажээ. Энд бид гуравдахь Хан хөвгүүний (Өгөөдэй)
оточ Ченкүнтэй таарав. Голын урсгал өөд завиар гучин бээр туулсаны дараа, ус
гүехэн болоход эрэг дагуу шөнөөр аялсаар Бан-ли (Балх) хотыг өнгөрөв. Энэ хот
их том бөгөөд уугуул иргэд нь бослого гарган зугтан оджээ. Хот дотор ноход
хуцаж байх нь бидэнд сонсогдсон. Бид үүр цайлгаад, өглөөний ундны дараа хорин
бээрийн газрыг туулж хойд зүгт урсах голд тулав. Энэ голыг морин дэл дээр
гаталж болох тул тэр оройдоо голын зүүн эрэгт буудаллаа.
Найм дахь сарын 22-ны өдөр (9 сарын 28) Чинхай багшийг тосон авч Их хааны буудал рүү хөдлөв. Тэнд хүрэлцэн ирээд Чинхай багшийг Их хаантай даруй уулзах эсвэл амрах хүсэлтэй эсэхийг асуухад, багш нэн даруй бараалхахыг хүссэн юм. Энд хэлэхэд Даогийн (чин үнэн) номлолыг баримтлагч нар бараалхах ёслолд өвдөг сөгдөн газар мөргөх үйлдэл хийх шаардлаггүй байдаг бөгөөд Их хааны өргөөд морилоод тэд, бөхийн ёслож хоёр алгаа нийлүүлэн барив (хятад лам нарын их хүндэтгэлийн шинж).
Үүний дараа багшийг Их эзэн хаанд танилцуулахад, хаантан түүний өмнө тунг ту
(айраг) тавихыг тушаав; багш уухаас эрс татгалзлаа. Их хаан багшаас амьдарч
байсан хот нь (Самарканд) түүнийг хоол хүнсээр дутаагаагүй эсэх талаар асуухад
багш сэтгэл ханамжтай байснаа илэрхийлэв. Дараа өдөр нь Их хаан мэргэн багшид
элч илгээн түүнтэй хамт өдөр бүр зоог бариж байх урилга хүргүүлэв. Багш
хариулахдаа “Уулын бүдүүлэг хүн би, жинхэнэ номлолыг (Дао) даган, олны хөлөөс
зайдуухан орших дуртай” хэмээв. Их хаан түүнийг хүслийг болгоон таалалаараа
оршихыг зөвшөөрөв.
Найм дах сарын 27-ны өдөр (10 сарын 3), Их эзэн хаан хойд зүгт
буцахад багш түүнийг дагалдасан. Замын туршид Их хаан усан үзмийн дарс, тарвас
болон бусад амттаныг багшид тасралтгүй илгээж байсан.
Ес дэх сарын 1-ны өдөр (10 сарын 3) бид (Аму) мөрөнг дүүжин
гүүрээр гаталж хойд зүгийг чиглэн явав.
15-ны өдөр (10 сарын 20) багшийн зөвлөснөөр, Их эзэн Чингис хаан Даогийн
номлолыг тайлбарлуулах өргөө гэр бэлтгэх тушаал өгөв. Бэлдсэн гэрийн хоёр
талаар дэн лаа асааж гэрэл цацруулсан байх бөгөөд аягач нарыг чөлөөлжээ. Тэнд
зөвхөн Шэ-Либи (зөвлөх түшмэл) Чинхай, хиа Чүнлү нар хүлээж байв. Багш тайши
Ахай, Алисян нартай хамт гэрт орж ирэн суугаад, Их хаанд хандан “Чүнлү намайг
арван мянган бээрийн газарт дагалдан аялсан. Чинхай мөн адил олон мянган
бээрийн газрыг хамт туулсан учир тэднийг гэрт байлцуулан сэтгэлийн гэгээрэл
өгөх үгс сонсохыг болгооно уу” хэмээв. Их эзэн хаан хүсэлтийг соёрхож, тэднийг
орохыг зөвшөөрөв. Багшийн яриаг Их хаан монгол хэл дээр орчуулан дамжуулахыг
тайши Ахайд даалгав. Чингис хаан багшийн үгийг ихэд таашаан сонсож, бодолтой нь
нийцэж байгааг дуулгав. 19-ны өдрийн (10 сарын 24) гэрэлт шөнө Эзэн хаан
багшийг дахин дуудаж номлолыг үргэлжлүүлэн тайлбарлуулав. Хаан тун сэтгэл
ханамжтай үлдлээ. 23-ны өдөр Эзэн хаан багшийг ахин хүндэтгэл дүүрэн урьж,
хэлэх үгсийг гүнээ таашаан хүлээн авч, бараа бологчиддоо хандан хэлсэн үгсийг
бичиж тэмдэглэн хятад бичгийн санд мартагдахаас сэргийлэн давхар буулган
үлдээхийг тушаав. Тэрээр бараа бологчиддоо хандан хэлэхдээ “Шэн Сян (билигт
хувилгаан) надад амьдралыг тэтгэх арга билгийн тухай гурван удаа тайлбарлалаа.
Түүнийг үгийг би зүрхэндээ шингээсэн тул гадагш зарлах хэрэггүй” гэв.
Үүний дараа бид хааныг дагалдан дорно зүгт (Монгол руу буцан) хөдлөж, зам зуур багш Их хаанд үе үе бараалхан ном айлдаж байсан юм. Хэдэн өдрийн дараа бид их хот Сэмисыганы (Самарканд) баруун талд хорин бээрийн газарт буудаллав. Арав дахь сарын эхний өдөр (11 сарын 5) Эзэн хаанаас багш өмнө нь амьдарч байсан газартаа (Самаркандын дэргэдэх ордонд) дахин байрлаж болох эсэх талаар асуухад, хаан зөвшөөрөв. 6-ны өдөр багш тайши Ахайн хамт Их хаанд бараалхав. Хаантан түүнээс “Бараа бологчдыг байлцуулах уу?” хэмээн асуув. Багш тэднийг үлдэж болно гээд Их хаанд хандан “Уулын бүдүүлэг хүн би олон жил Даогийн номлолыг даган баримталж байгаа тул хүний хөлөөс зайд, эзгүй орчинд бясалган суух дуртай. Харин Эзэн хааны хөсгийн эргэн тойронд цэрэг дайчдын дуу чимээ нүсэр тул, миний сэтгэл тавгүйтэн зовох болжээ. Иймд миний бие Эзэн хааны хөсгийн урд эсвэл хойно таавараа аялах хүсэл тээж буйг болгоон соёрхоно уу. Уулын бүдүүлэг би машид баярлах болно” гэв. Их хаан хүсэлтийг зөвшөөрөв. Багшийг өргөө гэрээс гарсан хойно, хаан элч илгээн “Тулу-ма хэрэг болох уу?” гэхэд багш шаардлаггүй гэв. Энэ үед бороо шиврэн орж эхлэн зүлэг дахин ногоорсон юм. 11 дэх сарын дундаас хур бороо, цас улам ихэссээр газар чийгтэн дэвтжээ. Багш энэ хотод ирсэн цагаас хойш өөрт оногдсон хоол хүнсийг илүүчлэн тариаланчдад тарааж, хүүхдийн будаатай хоол хийх тоолонд олон тооны ард ирдэг байв. 26-ны өдөр бид аян замд дахин гарлаа.
12 дахь сарын 23-ны өдөр үлэмж их цас орон харьцуулашгүй хүйтэн болж олон тооны адуу мал хөлдөж үхэв. Гурван өдрийн дараа бид Хочян Муляны (Сырдариа мөрөн) баруун талд гарч Их хааны хөсөгтэй нийлсэн юм. Урд шөнө энд гол гатлах завь, гүүр нуран урссан байна. Энэ өдөр 28 байсан. Их эзэн Чингис хаан багшаас тэнгэр ниргэх тухай асуулаа. Багш хариулахдаа “Уулын бүдүүлэг би сонсохдоо, Их хааны албат тэнгэрийн гэсгэлээс эмээн голын усанд биеэ угааж хувцас цэвэрлэн эсгий дарах ба талын мөөг түүхийг хориглодог гэнэ. Гэтэл энэ нь тэнгэрийг хүндэтгэж байгаа хэрэг биш. Миний сонссоноор, гурван мянган нүглийн хамгийн үр дагавар хүнд нь – эх эцгээ үл хүндэтгэх. Тийм ч учраас тэнгэр хилэгнэн ниргэдэг юм. Мөн энэ цагт Их хаантан таны дийлэнх олонх албат эх эцгээ зохих хүндлэлээр тэтгэдэггүй гэж би сонссон. Хаантан та өөрийн хүч, эр зоригийг ашиглан ард олны энэ үйлийг засаж болгооно уу” гэв. Эзэн хаан сэтгэл дүүрэн “Хэлсэн үгс тань миний сэтгэлд бүрэн нийцэж байна” гээд хойхэ (тангуд) бичгээр давхар тэмдэглэн үлдээхийг даалгалаа. Ингээд багш мэхийн одсон юм. Шинийн нэгний өглөө багшид хүндлэл үзүүлэхээр цэргийн ерөнхий жанжин, оточ, зурхайч нар хүрэлцэн ирэв.
11-ний өдөр бид дорныг чиглэн Семисыганыг мянга гаран бэрийн газарт орхин
одсоор жимсний том цэцэрлэгт хүрээлэнд ирэв. 19-ний өдөр багшийн мэндэлсэн өдөр
тохиосон тул түшмэлүүд түүнд тамхины гэрэл бэлэглэн баяр хүргэж байсан. 28-ны
өдөр тайши захирагч Лигүн салах ёс гүйцэтгэв. Багш түүнээс “Бид дахин уулзах
болов уу” гэхэд, тэрээр “Гурав дахь сард уулзанаа” гэлээ. Багш хариуд нь
“Тэнгэрийн ивээл хэрхэхийг та мэдэхгүй. Хоёр дахь эсвэл гурав дахь сард би
дорно зүгт буцахаар шийдсэн” гэв. 21-ний өдөр нэг өртөө замын хэмжээг дорно
зүгт туулаад зүлэг ногоо ус элбэгтэй өргөн уудам хөндийд ирэв. Энд бид адуу
малаа амрааж, тарга тэв авахуулаар хэсэг хугацаанд амьдарсан. Сай-лан (Сайрам)
энэ нутгаас зүүн-хойд зүгт гурван өдрийн замд оршдог ажээ.
Хоёр дахь сарын эхний долоо дахь өдөр, багш Их хаанд бараалхан
түүнд хэлэхдээ “Уулын бүдүүлэг хүн би далайн эргээс хөдлөхдөө гурван жилийн
дараа эргэн ирнэ гэж амласан. Энэ жил гурав дахь жил маань тохиож байгаа тул
ууландаа эргэн очих шийдмэг хүслийг минь хүлээн авна уу” гэв. Хариуд нь Их хаан
“Би өөрөө мөн дорно зүгрүү хөдлөн явна. Надтай хамт явах уу?” гэтэл, багш
“Миний бие түрүүлж явсан нь дээр. Уулын бүдүүлэг миний нутаг нэгтэнтээ эргэж
ирэхээр амласан гурван жилийн хугацаа төгсөж байна. Мөн миний Их хаанд өгөх
тайлбар номлол барагдлаа” гээд мэхийн ёслох хүсэлтээ илэрхийлэв. Хаантан
сонсоод “Ахиад жаахан хүлээ, гурав эсвэл таван хоног. Хан хөвгүүд ирнэ, мөн би
зарим тайлагдаагүй зүйлсийг ойлгох хэрэгтэй. Тэгээд явж болно” гэв.
8-ны өдөр Их эзэн хаан зүүн ууланд ан гөрөөлж байхдаа нэгэн бодон
гахай руу сум таттал түүний морь бүдрэн хааныг унагав. Харвасан бодон хаантан
луу ойртож чадахгүй зогтусахад хааны бараа бологчид түүнд морь дөхүүлэн анг
зогсоогоод, Их хаан өргөөндөө буцав. Болсон хэргийг сонсоод, багш Их хаанд
бараалхан “Мөнх тэнгэр биднийг, өөрийн амь насаа дээдлэн тэтгэхийг хүсэж байна.
Гэгээнтэн таны нас хэлбийж байгаа учир ан гөрөө бага хийсэн нь дээр. Мориноос
унасан явдал нь тэнгэрийн дохио бөгөөд бодон хөдлөж зүрхлээгүй учир нь тэнгэр
ивээж буйн шинж”гэв. Хаан хариуд нь “Би үүнийг өөрөө бас ойлгосон. Таны
зөвлөгөө тун зөв. Монголчууд бид хар багаас морин дэл дээр ан гөрөөлж сурсан
тул гэнэт энэ заншлаа орхиж чадахгүй юм. Гэхдээ таны үгийг би зүрхэндээ
шингээлээ” гээд Гэсэл дарханд хандан “Үүнээс хойш би түүний зөвлөгөө бүгдийг дагана”гэв.
Үнэхээр Их эзэн хаан хоёр сарын туршид ан гөрөөлсөнгүй.
24-ний өдөр багш дахин салах ёслол хүслээ. Их хаан түүнд “Би танд юу бэлэглэхээ бодоё. Жаахан хүлээ” гэв. Багш салах ёс тэр дор нь үйлдэх аргагүй тул хүссэн ч эс хүссэн ч хүлээх болов. Гурав дахь сарын 7-ны өдөр багш ахин хүсэлтээ уламжлалаа. Эзэн Чингис хаанд түүнд үхэр тэрэг, адуу мал бэлэглэв. Харин багш тэдгээрээс татгалзан зөвхөн шуудангийн морьд хангалттай гэлээ. Их хаан орчуулагч Али Сянаас “Түүний шавь Хятадад олон биз?” гэхэд тэрээр “Үнэхээр олон. Түүнийг энд ирэх замд, түүнд бараалхах үй олон ардаас Дэсифуны захиргаа дахь Лун-Ян-Гуаны эрх баригчид татвар татаж байхыг би харсан” гэв. Их хаан “Түүний шавь нарыг татвараас чөлөөлөх нь зүйтэй юм байна” гээд түүнд Эзэн хааны тамга дарсан зарлиг бичиг үйлдэн өгөв. Дараагаар нь Али Сяныг Сүан Чай (хааны илгээгч)-гаар өргөмжлөн түүний туслахаар Мянгудай, Гэлбөх нарыг томилон, багшийг дорнодод саадгүй буцаан хүргэж өгөхийг тушаав.
10-ны өдөр багш Их эзэн Чингис хаанд бараалхан ёслосны дараа аян замд гарлаа.
Далай хаанаас эхлээд доод түшмэл хүртэл түүнтэй салах ёс гүйцэтгэн арван
бээрийн газрыг туулж усан үзмийн дарс, ховор амттанаар дайлж байсан. Салах
ёслолын үед бүгд нулимсаа арчин удэж байлаа.
...Тус дурдатгалд Их эзэн Чингис хаан Чан Чун бумба хоёрыг нэг
өдөр нас нөгчин өөд болсон гэж тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд хамгийн сүүлд
Их хаан өөрийн албат Сүан Чай Алисянаар дамжуулан дараахь захиаг их багшид
хүргүүлсэн байна.
“Чү Шен Сянь! Та, надаас салан, хаврын сард зуны тэргүүнд, бэрхшээл халууныг
туулан яван одсон. Замыг тань хангалттай сайн шуудангийн мориор сэлгэж байв уу?
Аян замын хоол хүнс хүрэлцээтэй байсан уу? Таныг Сүан-Дэ-Жоуд болон бусад
газарт нутгийн эрх баригчид сайн хүлээж авсан уу? Та энгийн олон ардыг дагуулж
чадав уу? Таны бие сэтгэл эрүүл энх хэвээр үү? Би таныг энд үргэлж боддог. Та!
Таныг би мартаагүй, намайг та бүү мартаарай.
Гүй-вэ оны 11 дэх сарын 15-ны өдөр (1223).