“Мэндэлсэн” цагаасаа олны сонорыг мялааж, хүмүүсийн сайн мэддэг болсон “Манан” дуу хэрхэн бүтсэн түүхийг өгүүлье.
“...Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
Унаган нутгаа дурсан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг Тамир, Туулаа зүүдэллээ аав минь...” хэмээдэг, “Харанга” хамтлагийн энэ дуунд хүмүүс дуртай. Энэхүү хит дууны аяыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат, шүлгийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманлай зохиожээ.
Ц.Чулуунбат “1990-ээд он гарснаас хойш олон залуу ганзагын наймаанд явлаа. Би ч хэд хэдэн удаа Орос руу наймаанд явж үзэв. Наймаачидтай хамт байрлаж, нутгаа санасан залуус оройдоо дуулж сууцгаадаг байв. Ихэнхдээ эх орон, ээж, аавын тухай дуулна. Тэр үед “Харанга” хамтлаг ийм сэдэвтэй дуутай болох ёстой юм байна” гэсэн бодол төрсөн. Оросоос Монгол руу буцах замд галт тэргэнд нэг их гоё ая аманд аялагдсан. Тэр нь “Манан”-гийн дахилтын хэсэг. Аяндаа тааруулаад дөрвөн мөрт ч зохиочихсон” хэмээсэн юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай “Үндэсний телевизийн 600-гийн студид “Шүүдэр цэцэг” тэргүүтэй хэдэн дууны бичлэг хийлгэхээр болов. Бичлэг хийх бэлтгэл ажил ч нэлээд сунжирлаа. Тэр хооронд Ц.Чулуунбат “Ийм дууны санаа байна” гээд зохиосон аяа төгөлдөр хуур дээр тоглож өглөө. Дахилт нь юм гэнэ. Бас дахилтынх нь үгийг биччихсэн аж. Тэр дор нь санаагаа ярилцаад, Х.Лхагвасүрэн бид хоёр шүлгийг нь гүйцээчихсэн” гэж дурссан.
“Манан” дуугаа “Харанга”-ынхан 1991 онд “Дэлхий ертөнц” тоглолтынхоо үеэр сонсогчдод анх хүргэжээ. Ц.Чулуунбат “Тэр үед богино долгионы радио, цахим сүлжээ одоогийнх шиг хөгжсөн байсан биш. Бид дуугаа хуурцагт бичиж, хувилаад, хаа саагүй байсан мухлагуудад өөрсдөө тараадаг байлаа” гэв. Ингэж олонд хүргэсэн даруйд хит болсон тус дууныхаа албан ёсны бичлэгийг ОХУ-д хийлгэжээ. Харин “On’n off” продакшныхан түүнийг нь дүрсжүүлснээр тус хамтлагийн анхны клип болсон байна. “Манан” дууг “Харанга” хамтлагийн Youtube хуудаснаас болон “Best of Haranga” цомгоос сонсох боломжтой. Ташрамд дурдахад, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат энэ сарын 23-24-нд “Улаанбаатар палас”-т “Толин хул” бие даасан тоглолтоо хүргэнэ. Эл тоглолтод “Харанга” хамтлагийнхан “Манан” дуугаа тоглох юм.