Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музейгээр өчигдөр зочилж, ажилтай нь танилцжээ.
Хүүхэлдэйн театрын хувьд 30 гаруй ажилтан албан хаагчтай бөгөөд үүнээс 11 нь л мэргэжлийн жүжигчдийн орон тоо юм. Тэр ч утгараа тус театр хүүхдэд зориулсан томоохон уран бүтээл тавихад учир дутагдалтай бөгөөд орон тоо төсвийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага буйг театрын удирдлага учирласан. Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын барилгын урд жигүүрт байрлаж байгаа бөгөөд байр танхимын хүрэлцээ бага нь чанар хүртээмжийг бууруулдаг аж.
Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад нэн тэргүүнд театрын байрыг өргөжүүлэх, орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа талаар танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх театрын цөм болсон үйлдвэр анги, уран бүтээлийн алба болон шинэ уран бүтээлийн хэсгийг үзэж сонирхоод, нийт ажилтан албан хаагчдад амжилт хүсэж соёл, урлагийн салбарыг анхааран ажиллаж байгаа тухайгаа онцолсон юм.
Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан үйл ажиллагаагаа явуулж буй тус театрын барилгын асуудлаар холбогдох байгууллагуудад анхаарч ажиллах талаар үүрэг өглөө.
Түүнчлэн Дүрслэх Урлагийн музей мөн нийт үзмэрийнхээ дөнгөж 10 хувийг нийтэд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд 90 хувь нь хадгалалтад байна. Үзмэрүүдийг хадгалах байр савны багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай ажээ. Дүрслэх урлагийн музей “баяжуулсан бодит байдал AR/Augmented Reality technology/” төсөл хэрэгжүүлж, хосгүй үнэт үзмэрүүдийг дижитал хэлбэрээр бодит мэт орон зайн хэмжээстэй үзэх боломжийг үзэгчдэд олгожээ.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монгол Улсын Засгийн газар соёл, урлагийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарч байна. Түүний нэг илрэл нь бодлогоор хөгжүүлэх Соёлын яамыг 26 жилийн дараа дахин эмхлэн байгуулж буй явдал юм. Байгуулах нэг хэрэг, одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж үр дүн гаргах нь чухал. Иймд дараах зорилтуудыг чухалчлан хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна” гэв.
-Соёлын үйлчилгээний чанар стандартыг шинэ шатанд гаргах
-Цахим соёлын санг бүрдүүлэх
-Үндэсний контентуудыг бэлдэх
-Үндэсний агуулгатай инновац шингэсэн бүтээл туурвих
- Иргэдийг соён гэгээрүүлэх, урлаг соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах
- Чадварлаг хүний нөөц бүрдүүлэх
-Соёлын үнэт өвүүдийг бүтээх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах
- Нүүдлийн соёл, уламжлалыг хадгалах, түүнд тулгуурласан аялал жулчлалын брэнд бүтээгдэхүүн бий болгох
-Салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэлээ.