Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өнөөдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1,406 хүнд шинжилгээ хийснээс 1,405 хүнд коронавирус илрээгүй.
Харин нэг иргэнээс коронавирус илэрсэн. Энэ нь есдүгээр сарын 17-нд Хонконг Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 53 настай эмэгтэйн давтан шинжилгээнээс илэрлээ. Мөн энэ оны есдүгээр сарын наймны өдрийн Хонконг Улаанбаатрын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ хийгдсэн.
Есдүгээр сарын 21-ний өдрийн онгоцоор ирсэн 186 хүнд давтан шинжилгээ хийсэн бөгөөд есдүгээр сарын 4-ний өдрийн 207 хүний давтан шинжилгээ хийгдлээ. Мөн сайн дураар 99 хүн шинжилгээ өгсөн. Түүнчлэн тандалтын зорилгоор найман сорьцод санамсаргүйгээр шинжилгээ хийсэн. Үүнд коронавирус илрээгүй.
Үргэлжлүүлэн Дорноговь аймагт тусгаарлан ажиглалтад байсан 31 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүнд тус бүр давтан шинжилгээ хийсэн. Мөн тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 140 хүн болон үүрэг гүйцэтгэсэн 38 эмч, эмнэлгийн ажилчдад мөн давтан шинжилгээ хийгдсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочид шинжилгээ хийгдлээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 11 хүн байгаа юм. Үүнээс хөнгөн есөн хүн, хоёр хүн хүндэвтэр байна. Түүнчлэн батлагдсан тохиолдлыг хаагуур орж ирснийг ангилан хэлэхэд, Алтанбулагийн боомтоор 109 хүн, тусгай үүргийн онгоцоор 187 хүн, ачаа тээврийн жолоочоос 17 тохиолдол тус бүр зөөвөрлөгдөн орж иржээ.
Мөн нийт 24,677 хүнд давхардсан тоогоор тандалт судалгаа хийгдсэн байна. Харин 66,549 хүнд шинжилгээ хийгдсэн. Эдгээрээс 313 тохиолдлыг илрүүлэн хяналтад авсан" гэв.