Дэлгүүр, хоршоод, түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүд, цайны болон зоогийн газруудын “амыг барих” А/369 дүгээр тушаалыг худалдагч, түрээслэгчид эсэргүүцэж байна. Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 30- нд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг дагаж, сургуулийн орчинд худалдахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Эрүүл мэндийн сайд дээрх тушаалаар баталсан юм. Өнгөрсөн долдугаар сарын 3-нд баталсан тус жагсаалтаар сургууль орчмын үйлчилгээ эрхлэгчид гурван бүлэг, 20 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулахгүй. Дээрх хууль, жагсаалтыг энэ сарын 1-нээс мөрдөж, хэрэгжүүлэх байсан ч эрх баригчид үүнийг нэг жилээр хойшлуулаад буй. Албаныхны ярьж буйгаар энэ талаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, хэрэгжүүлэх сурагтай. Сургууль орчмын бүсэд үйлчилгээ эрхлэгчдийн бизнес, нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Газрын тухай хуулийн 33.1.1 дэх хэсэгт “Сургуулийн орчинд өөрийн болон дотуур байрыг нь, эзэмшлийн, түүний эргэн тойрон дахь 150 метр хүртэлх газрыг хамруулна” гэж заажээ. Тэгэхээр сургуулийн эргэн тойрны 150 метр хүртэлх газрын үйлчилгээ эрхлэгчдэд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хамаатай гэсэн үг. Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар сургуульд өчигдөр очлоо. Сургуулиас таван метр хүрэхгүй газарт буюу замын эсрэг талд “Ноён” найман нэрийн хүнсний дэлгүүр, “Наран” худалдааны төв, хажууханд нь “Гурван-Эрдэнэ” цайны газар үйл ажиллагаа явуулж байв. “Ноён” найман нэрийн хүнсний дэлгүүрт архи, дарс, шар айраг, бүх төрлийн хийжүүлсэн ундаа, хагас, бүрэн боловсруулсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн, бургер, самар, чихэр, импортын шарсан төмс, ороомог, бялуу гэхчлэн сургуулийн орчинд худалдахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт (хүснэгтэд үзүүлэв)-д оруулсан бүх зүйлийг худалддаг аж. Худалдагчаас нь сургуулийн бүсэд борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын талаар мэддэг, эсэхийг нь лавлахад “Хууль, журмынх нь талаар сонссон. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр сунгасан болохоор одоохондоо санаа зовохгүй байна” гэсэн юм.
“Наран” худалдааны төв нь нийслэлийн хэмжээнд арван салбартай гэнэ. Тус төвийн салбар хариуцсан эрхлэгч Г.Өлзийбаяр “Сургууль орчмын бүсэд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаар үйлчилгээ эрхлэгчид мэдэж байгаа нь гарцаагүй. Гэхдээ тэр жагсаалт яагаад ч бодит байдалтай нийцэхгүй. Сургуулийн орчинд тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийг зарахыг хориглох бол лангуунд хүрэхээс нь буюу ядаж нэг жилийн өмнөөс импортод хяналт тавьж, хумих хэрэгтэй. Тэрнээс биш нэгэнт хилээр оруулаад ирчихсэн бүтээгдэхүүнүүдийг бизнес эрхлэгчид хэрхэх билээ. Ялангуяа томоохон худалдааны, бөөний төвүүд хэдхэн төгрөгийн ашиг харж, ийм үйлчилгээ эрхэлдэг. Үүний ард өчнөөн хүний амьжиргаа, цалин хангамжийн асуудал яригдана. Манай “Наран” худалдааны төв 20 гаруй мянган нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүн зах зээлд борлуулдаг. Худалдахыг хориглосон бүх төрлийн хийжүүлсэн ундаа, 100 мл тутамд 10 г ба түүнээс их чихэр агуулсан байгалийн гаралтай жимсний шүүс буюу үзэм, нэрс, чацаргана, алимных гэхэд л нийт барааны 15-20 орчим хувийг эзэлж байна. Үүнээс гадна шарсан төмс, самар, чихэр, архи, согтууруулах ундаа, даршилсан, нөөшилсөн, боловсруулсан зэрэг бүтээгдэхүүнийг хүртэл хоригловол жижиг дэлгүүр, хоршоод, ТҮЦ дампуурахаас гадна томоохон худалдааны төвүүдийн лангуу хоосорч, үйл ажиллагаа нь доголдоход хүрнэ. Тухайлбал, манай 10 салбар бүгд сургууль орчмын бүсэд үйлчилгээ явуулдаг. Нэг салбар хэчнээн ажилчин, бараа, бүтээгдэхүүнтэй билээ. Төр, засаг бизнес эрхлэгчдээ хааж боох, хавчин гадуурхах бодлого баримталж буйг эсэргүүцэж байна, бид. Хуулиа эргэн харах хэрэгтэй. Худалдааны төвүүд ганцхан сурагчдад үйлчилдэггүй. Тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах, чанартай, хямд бүтээгдэхүүнээр үйлчлэх замаар бизнесээ өргөжүүлж, улсдаа татвар төлөх зорилготой. Мэдээж хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа, хуушуур, пирожки, чихэр, шарсан төмс худалдахыг зөв гээгүй. Хамгийн гол нь эл асуудлаа сургууль дотроо шийдэх хэрэгтэй” хэмээв.
20 дугаар сургуулийн зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг “Гурван-Эрдэнэ” цайны газраар сурагчид голдуу үйлчлүүлдэг аж. Эрэлттэй хоол нь хуушуур, пирожки, мантуун бууз, ороомог гэсэн. Тус цайны газрыг түрээслэгч, тогооч Г.Отгонжаргал “Сургуулийн ойр орчимд худалдахыг хориглосон хоол, хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээгээр л сонссон. Одоогоор бидэнд заавар, тушаал ирээгүй. Нэгэнт баталсан хуулийг хэрэгжүүлэх нь цаг хугацааны асуудал. Манай цайны газрынхан сургуулийн бүсэд худалдахыг хориглосон ширхгийн хоол, хийжүүлсэн ундаа түлхүү борлуулдаг. Үнэнийг хэлэхэд, эдгээрээс олсон орлогоороо л түрээсээ төлж, ажилчдаа цалинжуулдаг. Цайны, зоогийн газруудыг дунд эргэм насныхан түлхүү ажиллуулдаг. Үйл ажиллагааг нь зогсоовол биднийг ажилд авах газар олдохгүй. Зургаан нэрийн дэлгүүр болон ТҮЦ-үүдэд борлуулдаг хуушуур, пирожкийг бодвол цайны газруудын ийм төрлийн хоол борлуулалттай учраас хонуулахгүй, өдөр бүр шинээр хийдэг. Тиймээс ядаж тусгай зөвшөөрөлтэй, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдийнхээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглож болохгүй” гэж ярьсан.
Тус цайны газраар үйлчлүүлж буй дунд, ахлах ангийн сурагчид голдуу хуушуур, пирожки, бэлэн гоймон худалдан авч байлаа. Шарсан, хуурсан хоол, ялангуяа бэлэн гоймон эрүүл мэндэд мууг тэд мэддэг ч өглөөний цайгаа уугаагүй нь өлссөндөө, зарим нь сургуулиас өгдөг үдийн цайндаа цаддаггүй тул ширхгийн хоолтой ийнхүү “найзалдаг” гэнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ хичээлд явахад нь 1000, 2000 төгрөг өгдөг ч сургуулийн цайны газруудын хоол үнэтэй учраас сурагчид ширхгийн хоолноос өөрийг авч чаддаггүй аж. Ялангуяа дунд, ахлах ангийнхныг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулдаггүй учраас өл залгуулахын тулд транс тосонд шарсан хуушуур, пирожки, ороомгоор өл залгуулдгаа нуугаагүй.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23, 24, 50 зэрэг хотын төвийн сургуулийн ойр орчимд үйлчилгээний байгууллага хотын захынхаас хавьгүй олон. Тиймдээ ч Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлж, сургуулийн орчинд худалдахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг мөрдвөл хотын төвийн үйлчилгээний байгууллагуудын олонх нь хаалгаа барихад хүрч, өчнөөн мянган хүн ажилгүй болно гэдгийг худалдагч нар хэлж байлаа. Гол нь бизнес эрхлэгчдийн эрх ашигт халдах гэж байгаад тэд бухимдсан. Тиймээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчид дээрх хуулийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал нэмэрлэлээ. Тухайлбал, дээр дурдсанчлан хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн цайны газарт борлуулахгүй, транс тосонд хайрсан төмс, хуушуур, ороомог, хийжүүлсэн ундаа, өнгө, үнэр, амт оруулагчтай жимсний шүүс зэргийг худалдахгүй байх нь зөв гэв. Түүнчлэн сургууль орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тодорхой шалгуур тавьж, 18 нас хүрээгүй хүнд хийжүүлсэн ундаа, шүүс, шарсан төмс, самар, бохь, чихэр, төрөл бүрийн кремтэй бүтээгдэхүүн, бэлэн гоймон зэргийг худалдахыг хориглох, үүнийг зөрчвөл хатуу арга хэмжээ авдаг тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн юм. Мөн эцэг, эхчүүд болон сургуулийн удирдлага хүүхдүүдийг зөв хооллох арга барилд сургах, ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүйг I ангиас нь заах, сургалтын хөтөлбөрөөр нь дамжуулан эрүүл амьдрах дадалтай болгохыг онцолсон.
Сургуулийн орчинд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг цаашид хэрхэн хянах талаар МХЕГ-ынхнаас тодруулахад “Ямартай ч сургуулийн орчинд худалдахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг олон нийт эсэргүүцэж, мөрдөх хугацааг нь хойшлуулсан. Нийслэл төвлөрөл ихтэй. Худалдаа, үйлчилгээний бараг бүх байгууллага сургууль орчмын бүсэд хамаардаг. Жагсаалтад бичсэн хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлөөс харвал Улаанбаатар хотын үйлчилгээний төвүүд, дэлгүүр, ТҮЦ, хоршоодын олонхынх нь үйлчилгээг хумих шаардлагатай. Бид хэрхэн шалгаж, хянахаа ч мэдэхгүй байна” гэлээ.
Орон сууцын хороолол бол цэцэрлэг, сургуультай, худалдаа, үйлчилгээний газартай, дэд бүтцийг цогц шийдсэн ахуйн орчин. Гэрт ойр дэлгүүр сургууль, цэцэрлэгээс ч холгүй гэсэн үг. Тэгэхээр лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хориглох биш, түүнээс өмнөх хүнсний аюулгүй байдлыг хангах нь өдгөө тулгамдсан асуудал болсныг эцэст нь тэмдэглэе.
СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
Ундаа
1. Бүх төрлийн согтууруулах ундаа (архи, дарс, шар айраг)
2. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
3. Энергийн болон спортын ундаа
4. Байгалийн бус, өтгөрүүлсэн сироп, амт, өнгө, үнэр оруулж, найруулсан шүүс,
5. Бүтээгдэхүүний 100 мл-т 10 г ба түүнээс их хэмжээтэй чихэр агуулсан байгалийн гаралтай жимсний ундаа (үзэм, нэрс, чацаргана, алимны ундаа гэх мэт, шошгын мэдээлэлд үндэслэх)
6. Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль
Амттан, зууш
7. Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) бүх төрлийн хатуу, зөөлөн чихэр, шоколад, ийм орц, найрлагатай хүнсний бусад бүтээгдэхүүн, мөхөөлдөс
8. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн, бүх төрлийн чихэр, хатаасан жимсийг жижиглэн болон ширхгээр борлуулах
9. Шаржигнуур төмс (импортын шарсан төмс, эрдэнэ шишийн хөөс, давсалсан, бүрсэн самар)
10. Шаардлага хангахгүй бохь (өнгө нь хувирдаг, хувирдаггүй XXL, 3D
Хагас, бүрэн боловсруулсан хүнс, түргэн хоол
11. Хиам, зайдас зэрэг утаж, нөөшилсөн махан бүтээгдэхүүн
12. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
13. Тосонд шарсан ширхгийн хоол (хуушуур, пирожки, шарсан тахиа, төмс, боорцог)
14. Даршилсан, давсалсан, нөөшилсөн ногоо
15. Шошгын мэдээлэлд үндэслэн,100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс
16. Шошгын мэдээлэлд үндэслэн, 100 г-д таван г-аас их ханасан өөх тос агуулсан бүх төрлийн хүнс
17. Транс тос агуулсан бүх төрлийн хүнс
18. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний болон дагалдах баримт бичиггүй, хаяг шошгогүй, буруу шошголсон, сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан, хадгалалтын горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүнүүд
19. Үйлдвэрлэсэн, хадгалах, эсвэл дуусах хугацаа нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүд
20. Бүх төрлийн халуун ногоо, хоол амтлагч