ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр коронавируст халдварын үедэх хүн амын мэдлэг, хандлага, дадлын талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд танилцууллаа.
Тэрбээр "Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өвчний шинж тэмдэг, хэн өртөх эрсдэл өндөртэй гэх мэт 14 зүйлийг мэдэх ёстой гэж үзэхэд хүн ам дунджаар есөн оноотой үнэлэгдсэн. Энэ нь бусад улс оронд хийгдсэн судалгааны үр дүнтэй ойролцоо байна. Өөрөөр хэлбэл иргэд хэн илүү өртдөг, нууц үеийн хугацаа болон урьдчилан сэргийлэх талаар бүрэн гүйцэд мэдлэггүй байгаа юм.
Хүн амын 80 гаруй хувь нь манай улс халдварыг дотооддоо алдах вий гэхээс айж байгаагаа илэрхийлсэн. Мөн амны хаалт, гар ариутгагч үнэтэй байх, гар угаах боломжгүй орчноос үүдэлтэйгээр халдвар тархах эрсдэлтэй хэмээн үзсэн байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу хэвшүүлэх дадлуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судлахад дараах үр дүн гарч байна. Тухайлбал,
- Амны хаалт зүүх дадал хүн амын дунд 60 гаруй хувьтай байна. Иргэд банк, төрийн үйлчилгээг авахдаа 80 гаруй хувьтай амны хаалт зүүж байгаа ч бусад газруудад ялангуяа олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байгаа.
- Хүн хоорондын зайг барих дадлыг мөн л банк, төрийн үйлчилгээг авахдаа баримталж байгаа ч бусад газруудад дадал болоогүй байна.
- Хүн амын 40 хувь л гараа бүрэн гүйцэд угааж чаддаг. Гарыг дунджаар 10 секунд угааж байгаа. Гэтэл гарыг 20 секундээс доошгүй хугацаагаар угаах ёстой.
Тиймээс иргэн бүр ЭМЯ-наас өгч байгаа урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг мөрдөж чадаж байгаа эсэхдээ дүгнэлт хийх хэрэгтэй" гэсэн юм.