Улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургууль өнөөдрөөс ердийн журмаар хичээллэнэ. 2020-2021 оны хичээлийн жилийг өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн заавар, зөвлөмжид нийцүүлэн тусгай зохицуулалтаар буюу танхимын болон цахим хэлбэрээр хослуулан эхлүүлсэн. Харин Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс цахимаар явуулах сургалтыг зогсоож, бүх сургуулийг танхимд хичээллүүлэх шийдэлд хүрсэн билээ. Гэхдээ сурагчид теле хичээлийг хэзээ ч ашиглаж болох бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, вэб сайтуудад байршуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Сурагчид ирэх сарын 1 хүртэл өмнөх жилийн хичээлээ бататган, давтан үзэх юм.
Сургуулиудад шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой ямар дүрэм, журам мөрдөх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүйг зөвлөж байгаа. Энэ нь сургалтын үйл ажиллагааг богино хугацаанд жигдрүүлэх арга хэмжээнүүдийн нэг юм. Сургуулиуд өмнө нь мөрдөж байсан, коронавирусээс урьдчилан сэргийлэх түр журмын зарим заалтыг мөрдөнө. Тухайлбал, халдвар хамгааллын дэглэм баримталж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагана. Сурагчид, багш, ажилтнууд амны хаалт зүүнэ. Анги, танхимын агаарыг тогтмол сэлгэн, чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Эдгээрийг хэрэгжүүлэхэд эцэг, эхийн оролцоо ч чухал гэдгийг онцолъё. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хүүхдүүд сургууль дээрээ гараа ариутган, бусдаас зай барих дэглэмийг сайн мөрдсөн. Гэтэл сургуулиас гараад л энэ дадлаа мөрдөхгүй байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ анхаарал сайн тавих нь чухал гэдгийг дахин хэлье. Хүүхдийн хичээлийн болон хувийн хамгаалах хэрэгслийг сайн бэлдэж, бусдад дамжуулахгүй байлгахад онцгой анхаарахыг зөвлөе” гэлээ.
Бэлтгэсэн: М.Оч