Энэ удаагийн Засгийн газар Соёлын яамтайгаар байгуулагдаж, сайдаар нь С.Чулуун томилогдсон билээ. Тус яам НЗДТГ-тай хамтарч өнгөрсөн сарын 26-наас ирэх аравдугаар сарын 26 хүртэл "Соёл цаг" нөлөөллийн аяныг явуулах юм. Энэ нь Соёлын яамны эхний ажил болж байна.
Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд соёл урлагийн байгууллагууд тодорхой хуваарийн дагуу урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон.
"Соёлын цаг" аян нь иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг суртачлах зорилготойгоор явуулж байгаа арга хэмжээ гэдгийг Соёлын яамны сайд С.Чулуун онцлон хэлсэн. Гэсэн хэдий ч Соёлын яамны эхний ажил үр дүнгээ өгөхгүй, соёл урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх бус уран бүтээлчдийг үнэгүйдүүлж, Монголын урлагийг гудамжинд гаргалаа гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна.
Тухайлбал, иргэдийн зүгээс "Өнөөдөр Монголын урлаг гудамжинд гарчихлаа. Олны талархлыг хүлээсэн нэр хүндтэй уран бүтээлчид шороотой цементэн дээр, халуун наранд шарагдан гудамжинд зогсож байгааг харахад хэлэх үг олдохгүй байна. Нэгэнт гудамжинд дуулж, хуурдуулахаар шийдсэн бол урд нь хайрцаг тавьчих, Соёлын сайд аа. Соёлын яамтай болсноор уран бүтээлчдээ гудамжинд гаргахаас цаашгүй боллоо. Тэр тусмаа Дуурь бүжгийн эрдмийн театр, УДЭТ, Хүүхэлдэйн театр гээд сонгодог урлагийг гудамжинд гаргадаг нь Соёлын сайдын соёлгүй үйлдэл. Үнэхээр алдаршуулмаар, соёлыг түгээмээр байгаа бол театр нь хөрөнгө оруулалт, томоохон дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэсэн утга санаа бүхий шүүмжлэлүүд цахим орчинд хөвөрсөөр.
Түүнчлэн судлаач, орчуулагчдын зүгээс "Уран бүтээлчдийн нэр хүндийг унагасан, урлаг соёлыг муухай харагдуулж байна. Соёлын яам гэдэг нь ардчилсан соёлыг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллага болохоос захиргаадан албаддаг газар биш" хэмээн зарим хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлжээ.
Эцэст нь дүгнэхэд соёл, тэр дундаа урлагийг хүмүүст хүргэхдээ гадна талбайд биш зориулалтын Соёлын төв, театрт түгээх нь зөв юм. Мөн энэ тал дээр Соёлын яамны сайд болон удирдах ажилтнууд анхаарал хандуулж, гаргасан шийдвэрээ эргэж нэг харах хэрэгтэй.