Улсын Гуравдугаар төв эмнэлэг “Жайка” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” сэдэвт гурав дахь удаагийн сургалтыг энэ сарын 14-16-нд онлайнаар зохион байгууллаа.
Сургалтыг Япон улсын туршлагатай, чадварлаг эмч нарын баг ZOOM программаар удирдан явуулав. Тус сургалтаар амьсгалын эрхтэн тогтолцооны халдварт өвчин, уушги тоосжих өвчин, асбестозын нөлөөллөөс үүсэх өвчнүүдийн дүрс оношилгоо, хорт болон хоргүй хавдрууд, цээжний хөндийн дурангийн оношилгооны ач холбогдол, амьсгалын замын эмгэгийн дурангийн шинжилгээ, оношилгооны орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга зүйн талаарх мэдлэг олгож, харилцан туршлага солилцсон байна.
Тус сургалтад Улаанбаатар хотын есөн дүүрэг болон 21 аймгийн дүрс оношилгоо, уушги, мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач, цээжний хөндийн мэс заслын болон гуурсан хоолойн дурангийн нийт 130 эмч, мэргэжилтнүүд хамрагджээ.