Өнөөдөр УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран "Соёлын цаг" хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг нээлттэй үзүүлэх арга хэмжээ болж байна.
Энэ үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр "Соёлын яам болон НЗДТГ-тйа хамтран "Соёлын цаг" хөтөлбөрийг эхлүүлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд илүү соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг таниулах зорилготой ажлууд хийгдсэн бол өнөөдрөөс судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн ач холбогдолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэллээ.
Чингис хааны өв соёлын хүрээлэн нь 2019 оны 09.09-ны өдөр байгуулагдсан. Өнөөдөр нэг жилийн ойн өдөр тохиож байна. Түүнчлэн өнөөдөр Чингис хаан музейн талаар танилцуулахаас гадна археологийн хүрээлэнгийн судалгаа шинжилгээ, олдвор хэрэглэгдэхүүний талаар танилцуулах юм. Мөн соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг өгнө" гэдгийг онцлон хэлэв.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн "Манай хүрээлэн БШУЯ-ны харьяа байгууллага бөгөөд соёлын өвийн судалгаа шинжилгээний ажлаар Соёлын яамтай хамтран ажиллах үүрэгтэй. Тиймээс бид "Соёлын цаг" арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар энэхүү үйл ажиллагаанд оролцож байна.
Өнөөдрийн арга хэмжээнд сүүлийн үед гаргасан ном бүтээлийн танилцуулга бэлдсэн. Мөн Монголын эзэнт гүрэнтэй холбоотой археологийн дурсгал болон булш, оршуулгын дурсгалын 60 гаруй бодит үзмэр, олдворыг дэлгэн үзүүлж байна." гэсэн юм.
Түүнчлэн арга хэмжээний үеэр доктор, дэд профессор Б.Цогтбаатар “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” сэдвээр, доктор, дэд профессор Э.Пүрэвжав “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” зэрэг сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийж байна.