“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагч нарын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Энэ удаагийн зочин бол доктор, профессор, яруу найрагч, орчуулагч Д.Бор.
-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла.
-Миний бие 1945 оны модон тахиа жилийн хавар Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин ард Балжирын Дарьзав, Жамсрангийн Мажиг нарын ес дэх хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн гар дээр малын захад өнгөрөөж, 1953 онд сумынхаа бага сургуульд элсэж, улмаар 1963 онд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн сургуулийг төгссөн. Хуучнаар ЗХУ-ын Ленинград буюу одоогийн ОХУ-ын Санкт-Петербург хотын ХААИС-д 1963-1968 онд суралцан, ургамал судлаач мэргэжил эзэмшсэн. 1968-1971 онд Дорнод аймгийн Халх голын Хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станцад секторын эрхлэгч, 1971-1981 онд Улаанбаатарт Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1981-1983 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хороонд хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1983-1987 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд секторын эрхлэгч, 1987-1997 онд ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1997-1998 онд Монгол мэдлэгийн их сургуульд дэд захирал, 1998-2001 онд хөдөө аж ахуйн анхны хувийн дээд сургууль болох “Монгол фермер”-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилласан. Одоо “Эрдэмтний хөгжлийн академи” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, чөлөөт уран бүтээлч. Хөдөө аж ахуйн ухааны докторын зэргийг 1980 онд хамгаалсан. ХААИС-ийн хүндэт профессор. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын эрэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг, удирдах зөвлөлийн гишүүн.
-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла.
-Мэргэжлийн ном, товхимол 10 гаруй, эрдэм шинжилгээ, судалгаа, сурталчилгааны 100 гаруй өгүүлэл, нийтлэл бичиж, мэргэжлийн сэтгүүл, сонинд нийтлүүлсэн. Шүлэг, найргийн ном хэд хэдийг бичиж, нийтлүүлсэн. Дурдвал, 2000 онд “Алтан овоо мину”, 2002 онд “Шилийн богд”, 2004 онд “Гангын цагаан нуур”, 2008 онд “Товч толь”, 2010 онд “Тод толь” зэрэг яруу найргийн ном бичиж, хэвлүүллээ. Орчуулгын тухайд 2011 онд “Тогоруун цуваа” шүлгийн цоморлог, 2013 онд А.С.Пушкиний “Шүлгүүд”, 2015 онд Сергей Есениний “Аяа, миний амин хайртай Орос орон мину”, 2017 онд Расул Гамзатовын “Шүлэг, найраглал”, 2020 онд Муталип Беппаевын “Сэрэхүй, мэдрэхүйн сүүдэр зураг” номуудаас түүвэрлэн монгол хэлнээ хөрвүүлэн, хадмал эхтэй нь хамт хэвлүүлсэн.
-Анхны номын орчуулга амархан байв уу. Алдаж осолдсон уу. Ариутган шүүгч аврал болсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нууж, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.
-Орос хэлийг гадарлах болсон цагаасаа л А.С.Пушкиний 1961 онд хэвлэгдсэн шүлэг, найраглал, үлгэрийн номтой нөхөрлөсөн. Би чинь “Пушкин” хотод сурч байсан оюутан. Гишгэж буй газар, амьсгалж буй агаар, лицей сургуулийн байр, Пушкиний сууж байсан сандал, ширээ, хөшөө дурсгал бүхнийг харахдаа өөрийн эрхгүй сэтгэл догдолж, нэгхэн ч болов шүлгийг нь орчуулах сан гэж бодовч ёстой санаа байвч сачий хүрэхгүй явжээ. Мөрөөдөл биелдэг жамаар 50 гаруй жилийн дараа 100-гаад шүлгийг нь хөрвүүлэн, хадмал орос эхийн хамт хэвлэн нийтлүүлээд, С.Галсан докторт дурсгахад “Шүлгийг орчуулахад дор хаяж 30 хувийн найрагч байх хэрэгтэй” гэж билээ.
-Зарим хүн чөлөөт орчуулгыг өргөмжлөх дуртай. Герман Гётегийн нэлээд шүлгийг билиг танхай М.Ю.Лермонтов чөлөөтэйхөн орчуулсан нь орос яруу найраг болчихсон гэдэг. Да багш А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр”-ийг чөлөөтэйхөн орчуулсан нь монгол үлгэр болчихсон. Яг үүн шиг зохиол орчуулах нь өөр хэлээр дахин бүтээж буй хэрэг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Таны орчуулгаас аль нь монгол зохиол болсон бэ?
-А.С.Пушкиний “Загасчин, загас хоёрын үлгэр”-ийг агуу их Ц.Дамдинсүрэн гуай “Алтан загасны үлгэр” хэмээн монгол ардын үлгэр мэт яруу сайхнаар хөрвүүлсэн. Зөвхөн эхний дөрвөн мөрийг 14 болгон хөрвүүлж, өгөршиж муудсан газар оромжид амьдарч асан өвгөн, эмгэн хоёрын тухай энгийн өгүүлэмжийг нь бүр тодруулан, нөмөрлөдөг хад чулуу, уудаг ус унд, асдаг галтай нь хүүрнэж, Пушкинийхээр 33 жил далайн эрэг сахиж суусан тэднийг 70 жил хэрэн тэнэж, 40 жил суув хэмээн шүлэглэжээ. Энэ бол Да багшийн монгол зан заншил, эх хэлний мэдлэгийг илэрхийлсэн гайхалтай бүтээл мөн. Өнөөгийн орчуулгад өв уламжлал, эх хэлний мэдлэг онцгой чухал.
Шүлгийг утгачлан, чөлөөтэй хөрвүүлэх хэрэгтэй. Намайг оюутан цагт А.С.Пушкиний төрсөн өдрөөр түүний нэрийн хуудас болсон дараах дөрвөн мөртийг олон хэвлэл онцгойлон гаргадаг байсан юм.
Я помню чудное мгновенье
Перед мной явилась ты,
Как мимолетное виденье,
Как гении чистой красоты.
Энэхүү дөрвөн мөртийг би монгол хэлнээ ийнхүү хөрвүүлсэн:
Үүлэн чөлөөний нар мэт
Үзэсгэлэн гоогийн сор мэт,
Гэгээн дүрийг чинь анх үзсэн,
Гэрэлт агшныг би мартаагүй.
Монгол хүн агшин зуурын үзэгдлийг үүлэн чөлөөний нартай зүйрлэдэг болохоор энэ хөрвүүлгээ монголжуу болсон гэж боддог.
-Та чөлөөт, утгачилсан, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ. Яагаад?
-Миний ойлголтоор сургалтын зориулалтаар нэг гадаад хэлнээс нөгөөх рүү буулгахдаа үгчлэх буюу хадмалдах ажлыг орчуулагч хийдэг. Харин утгачлах буюу урлах эрдэм шаардах ажлыг хөрвүүлэгч хийнэ. Миний бие шүлгийг хөрвүүлэхдээ утгачлан, өөрийнхөөрөө чөлөөтэй буулгахыг боддог.
-Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширч буй нь юутай холбоотой вэ?
-Аливаа ажлыг хийхэд судалгаа онц чухал. Ямар ч судалгаагүй санааныхаа зоргоор авирлавал байгаа ч онохгүй, банзанд ч шүргэхгүй.
-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд их хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач.
-Үг шиг үнэ цэнтэй хэрэглэгдэхүүн хүмүүсийн харилцаанд үгүй юм. Үгийн эрэлд хатахдаа “айлаас эрэхээс авдраа уудал” гэдгийг санан, монгол үгийн толь, зүйр цэцэн үгс, хэлц үг, өвөрмөц хэллэг, ертөнцийн гурав, ер бус хүмүүсээс асууж сурагладаг. Жишээ нь, галуу ганганана, хэрээ гуаглана, бүргэд бөөрнө, болжмор жиргэнэ, харин тогоруу хархирна гэх мэт.
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг мөн үү. Дуртай хүний хийх ажил уу. Алдах эрхгүй мэс засал уу, сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?
-Шүлэг орчуулах нь хэл мэддэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Шүлгийг хөрвүүлэх нь чөлөөтэй мэдэрч, урнаар сэтгэх урлаг юм.
-Орчуулах явцад үгийн байтугай өгүүлбэрийн дэс дарааг солих шаардлага гардаг уу?
-Орчуулах явцад үгийн байтугай, өгүүлбэрийн дэс дарааг ч солих шаардлага гардаг. Жишээг өмнөх дөрвөн мөртөөс ч харж болно.
-Орчуулгын үйлсэд оноо, алдааны аль нь дийлэнгэ болдог бол. Орчуулсан зохиолыг тань хэвлэхдээ хуудасны дугаарт солиг гаргах, үг, өгүүлбэрийг буруу бичих алдас гардаг уу. Миний хувьд өөрийнхөө тархи руу биш, хэвлэн нийтэлсэн бархны (хэвлэлийн газар) эзэн өөд хутга шидмээр санагддаг.
Нэг үгийг минь буруу бичсэнээс
Нэг шүдийг минь булга цохисон нь дээр!
Нэг бадгийг минь гээснээс
Нэг нүдийг минь сохолсон дээр гэж нэг дүүд хэлсэн минь хатуу үг биш шүү.
Таны бүтээлийг тэр мэт зэмдэглэсэн үү. Яаж залруулсан бэ?
-Элдэв орчуулга эрхбиш нүдийг нь оноогүй ч нүүрийг нь онодог байж таарна. Орчуулсан зохиолыг хэвлэх явцад үсэг, үг, өгүүлбэрийг буруу бичих алдаа гардаг. Үйлдвэр бүхэн хэвлэлийн хянагчтай байх ёстой мэт санагддаг.
-“Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно” гэж Г.Амар гүүш анхааруулсан. Энэ тухайд таны бодол?
-Г.Амар гүүш онож хэлжээ. Урлах эрдэм урлаг үгүй бол давсгүй хоол мэт ямар яруу найраг байх билээ.
-Орчуулгыг уншигчдадаа ойлгомжтой буулгахын учир харь сэтгэлгээг нь монгол болгох ёстой юу?
-Харь сэтгэлгээг монгол хүнд ойлгомжтой буулгахын тулд л хөрвүүлэгч ажилладаг. Их Ри багш нэгэн орчуулгадаа хонь буудаж байсныг зэрлэг амьтан болгосон гэдэг шүү дээ.
-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан байдаг. Энэ зөв үү. Та урьд орчуулсан зохиолыг дахин орчуулсан уу. Яагаад.
Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?
-Нэг шүлэг, зохиолыг хүсвэл хэдэн ч хүн орчуулж болно. А.С.Пушкиний “Телега жизни” шүлгийг 200 гаруй хүн орчуулсан гэдэг. К.Симоновын “Жди меня” шүлгийг ч 20-иод хүн орчуулсан байдаг. Би бусдын орчуулсан олон шүлгийг дахин хөрвүүлсэн. Миний орчуулга, миний мэдрэмж, миний шүлэг болохоор бусдаас ялгаатай.
-Төрийн шагналт их зохиолч С.Дашдооров, “Өөрийнхөө өмнө гаргасан номоо үе үе уншиж бай. Өө сэв нь илэрдэг. Засаж бай” гэж өсвөрийн зохиолчдод зөвлөдөг сөн. Таны урьд хэвлүүлсэн орчуулга бүдүүн бараг санагдаад, засан сайжруулсан тохиолдол бий юү. Ил хэлбэл их сургамж болно доо.
-Өмнө гаргасан номоо эргэн уншиж, өө сэвийг нь илрүүлэн засаж байдаг. Орчуулсан шүлэг, найраглалаасаа нэг ч мөр хасаж байгаагүй.
-Таны орчуулгыг хаанахын хэн юу гэж үнэлсэн бэ. Бас шагнал, урамшил юу хайрласан бэ?
-Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, орчуулагч Л.Дашням миний орчуулгыг “Орос Есенинийг монгол шүлэгч болгосон” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Бас ахмад сэтгүүлч Ж.Ичинхорлоо гуай “... чиний орчуулгыг уншихад монгол шүлэг мэт санагдсан” гэж байсан нь миний хувьд уншигчийн үнэтэй үнэлгээ. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн тэргүүний ажилтан, шинжлэх ухааны, хөдөө аж ахуйн, боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн”, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн дээд шагнал “Алтан од”, Монголын чөлөөт зохиолчдын холбооны “Тэргүүн дээд” шагналтай.