Өнөөдөр Оросын соёлын төвд “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тодруубал, Чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан Орос Монголын цэрэг армийн байгууллагууд хамтран түүхийн хосгүй дурсгал, ховор баримт бичиг, фото, дүрс бичлэг, музейн үнэт үзмэрүүдийг дэлгэлээ.
Тухайлбал, БХЯ-ны Цэргийн Төв архив, Архивын Ерөнхий газар, Үндэсний Төв архив ,ТЕГ-ын тусгай архив, ХХЕГ, Монгол Цэргийн музей, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей, Улсын хилийн музейн хамтран нээж байгаа аж. Тус үзэсгэлэн нь Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнд үзүүлсэн эд материалын тусламж болон сэтгэл санааны дэмжлэгийг сануулах зорилготой байна.
Энэ талаар БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Мөнхсайхан хэлэхдээ “Чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан олон улсын онол, практикийн эрдэм шинжилгээний хурал болон чөлөөлөх дайны үеийн түүх, дурсгалын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд цар тахлын улмаас эрдэм шинжилгээний хурал болон, үзэсгэлэнг нэг дор зохион явуулж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн хувьд Батлан хамгаалахын төв архив, Улсын төв архив зэрэг 1945 оны дайнтай холбоотой түүхийн эх сурвалжуудыг баталгаа нотолгоотойгоор дэлгэн харуулж байна.Түүнчлэн бид Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын алдар гавьяа, эх орныхоо төлөө өргөсөн амиар өнөөдөр эх орныхоо тусгаар тогтнолыг батлуулж чадсан. Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон нь дэлхийн түүхэнд өөрийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хүлээн зөвшөөрүүлэхэд их хувь нэмэр оруулсан явдал юм” гэлээ.