“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон, жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Энэ удаагийн зочин бол Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй.
-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла.
-1956 онд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Баянгийн хоолой гэдэг газарт төрсөн. Норовлин сумын бага сургууль, Чойбалсан хотын найман жилийн I дунд сургууль, ЗХУ-ын Минск хотын Барилга-Уран барилгын техникум төгсөж, усан хангамж, ариутгах татуургын техникч-технологич мэргэжил эзэмшсэн. 1977-1990 онд Дорнод аймгийн Ус сувгийн ашиглалтын газарт слесарь, мастер, ахлах техникч, ерөнхий инженерээр ажилласан. 1990 оноос хэвлэл, мэдээллийн салбарт шилжин Дорнод аймгийн “Дөл” сонин, Радио, телевизийн студи, 1993-2005 онд “Ил товчоо”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Сайн байна уу?” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, албаны дарга, АН-ын хэвлэл, мэдээллийн ажилтан, Хэвлэл, мэдээллийн албаны дарга, 1998-2000 онд УИХ дахь “Ардчилсан холбоо” эвслийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн, 2006-2008 онд Шадар сайд М.Энхсайханы хэвлэлийн төлөөлөгч, 2014-2016 онд Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан. Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шагнал, “Алтан өд-2010”, “Ган үзэгтэн-1995”, Монголын орчуулагчдын холбооны “Дуун хөрвүүлэгч” шагналтай. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн.
-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!
-Цувуулж хэлээд барахгүй, цуглуулж хэлээд багтахгүй юм болно. Өөрийн уран бүтээл гэвэл яруу найргийн “Ялалтын симфони”, “Сэтгэл хазгар биш бол…”, улс төр, эдийн засгийн нийтлэлийн “Хөшүүрэг”, судалгаа, орчуулгын “Үхэл дагуулсан сүйрлүүд”, уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”, чөлөөт нийтлэлийн “Ясан хуягт мэлхий их далайг зоримой”, Барон Унгерны тухай кино зохиол “Од шингэдэггүй”, судалгаа, орчуулгын “Нууц товчооны Палладий Кафаров”. Орчуулгын бүтээл гэвэл Эстоны зохиолч Михаил Веллерийн “Авсанд хэвтээ хүн” өгүүллэг, Польшийн зохиолч Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” аян замын бодрол, тэмдэглэл, “Ленин” роман, Оросын марксистуудын анхдагч Г.В.Плехановын “Социализм хэрхэн дампуурах вэ?” улс төрийн гэрээслэл бий. Түүнчлэн Орос, Америкийн зохиолч Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, Америкийн түүхч Моррис Славины “Илдэн дорхи Эберчүүд”, Америкийн философич, зохиолч Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, “Атлантын нуруу тэнийв”, Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейны “Забиба, хаан хоёр” роман, Оросын яруу найрагч, дуучин, жүжигчин Владимир Высоцкийн “Бухимдал” дууны шүлгийн түүвэр, Оросын яруу найрагч Сергей Есениний “Сонгомол шүлгүүд”, Евгений Евтушенкогийн шилдэг шүлгийн түүвэр “Надаас та нар намайг булаагаад авчихжээ”.
Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа Михаил Торновскийн “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн”, Николай Князевын “Домогт Барон” дурсамж, Италийн сэргэн мандалтын үеийн тууриудын түүвэр “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд”, Оросын нэрт зураач, соён гэгээрүүлэгч Николай Рерихийн “Азийн зүрх”, Оросын нэрт аялагч Николай Пржевальскийн “Монгол, тангад нутгаар”, Оросын монголч эрдэмтэн И.А.Ломакинагийн “Агуу их Босуул” түүхэн тэмдэглэл, “Алтан Ордоны улсын яруу найраг”, Францын сэтгүүлч Фредрико Бастиогийн “Ил харагдах, үл харагдах хоёр”, Германы жүжгийн нэрт зохиолч Бертольд Брехт, жүжгийн түүвэр, Оросын тэрс үзэлт зохиолч Владимир Войновичийн роман-хоржоон “Цэрэг Чонкины адал явдал”, Оросын дипломатч Егор Тимковскийн “1820-1821 онд Монголоор дайран Хятад руу зорчоод буцахуй” аян замын тэмдэглэл, Оросын ард түмний түүхэн дуурийн цомнол “Игорь ван”, Орос руу хийсэн хамтын бүтээл “Притчи о Халхинголе” байна.
-Анхныхаа орчуулгыг хэзээ хийж байв?
-Эстонийн ховрой зохиолч Михаил Веллерийн “Авсанд хэвтээ хүн” гэсэн томоохон өгүүллэг анхны орчуулга маань байсан. Веллер бол тэрс үзэлтэн тэнүүлч, тэр ч бүү хэл, Монголын хил дээрээс хүлээж авсан малаа тууж Оросын Бийск хүргэсэн хүн. Одоо бол Оросын мундагчуудын нэг. Зөвлөлтийн алдартай нэг том зохиолчийн үхэхийнхээ өмнө бичсэн гэрээслэл маягийн, зохиолчдын ёс зүй, уран зохиолын томчуудын үнэн нүүр царай, тэр үеийн үзэл суртлыг ёстой нэг чимхсэн уг өгүүллэг “ходоодны мухрын гижиг хүргээд хаячихаар нь” үзгээ шүүрээд авсан хэрэг. Манайхан “Цог” дээр гарснаар нь сайн мэднэ. “Ингэж бичиж болдог юм байна, манайхан энэ арга барилыг нь сураасай” гэсэндээ л 1992 онд орчуулсан. Хүндрэл гараагүй, их амархан дуусгасан. Орчуулгын томчуулаас асуух ч юм байгаагүй. Тэгээд ч хөдөө байсан хүн чинь хэнээсээ асуух вэ. Энэ өгүүллэгийг сонирхон орчуулсны бас нэг учир гэвэл зохиолчдын зовлон, жаргал, социализмын үед хүмүүсийн, ялангуяа уран бүтээлчдийн сэтгэлгээ, эрх чөлөөг яаж хааж боогдуулж байсныг монгол уншигчдадаа хүргэхийг зорьсон юм. Зөвлөлтийн болон Монголын зохиолчдын нийгмийн эрх чөлөө адил байлаа шүү дээ.
-Анхны номын орчуулга амархан байв уу. Алдаж осолдсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нууж, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.
-Би ер нь өөрийн ч бай, орчуулгын ч бай номоо редактор буюу ариутган шүүгчид өгч хянуулдаггүй. Яах вэ, анхны ганц нэг номд аль нэг найзынхаа нэрийг хавчуулсан тохиолдол гарсан байх. Хар багаасаа беларусь тосгоны хүүхдүүдтэй хэрэлдэж, хэлцэж, Сергей Есениний шүлгээс хэн нь хамгийн олныг түгдрэлгүй уншиж чадах дээр мөрий тавин үзэлцэж, Чой.Лувсанжав гуайн “Өвөрмөц хэлцийн тайлбар толь”-ийг бүрэн цээжилж, Зөвлөлтийн хамаг шилдгүүдийг уншсан биш, талх шиг “идчихсэн” надад хүний туслалцаа авах хэрэг гарч байсангүй ээ, бурхан өршөөг. Би чинь УБДС-ийн л орос хэлтэй хүн биш шүү дээ.
Өдий орчуулгын 30 ном уншигчдынхаа алган дээр тавихдаа алдаа гээч юм гаргасан л байлгүй. Гэхдээ л уншигчид нэг их нүд чичилдэггүйг бодоход гайгүй байх аа. Хүндрэл бол гардаг. “Кремлийн эзэгтэй” романы зарим баатрын харилцан яриаг украин хэлээр бичсэнийг монголчлох гэж зовсон. Тэрийг нь социализмын үед Украинд сурч байсан монгол оюутнууд ч сайн ойлгохгүй, зөвлөчихөөр олигтойхон оросууд ч олдохгүй байсан. Гэвч яаж ийж байгаад ард нь гарч чадсаан. Орчуулахад их хүндрэлтэй байсан нэг том ном бол Николай Пржевальскийн “Монгол, тангад нутгаар”. Орчуулахад геологийн, биологийн, амьтан судлалын маш их мэдлэг хэрэгтэй болсон. Энэ чинь 2009-2010 он. Манайд тэр үед өвс, ургамал цэцэг, уулын чулуулгийн нэрийн толь гэхээр олигтой юм байгаагүй. Намайг тэр номоо дуусгачихаж, ашгүй гэсэн шиг дараахнаас нь тэр талын зөндөө олон тайлбар толь гарсан байна билээ. Таван шард интернэт байхгүй, ажил ч үгүй болохоор гудамжны интернэт үйлчилгээний газарт очоод л суучихдаг байлаа. Нэг цагийн 200 төгрөгийн хөлстэй ч бил үү дээ. Бас мэргэжлийн хүмүүсээс асууж лавлах, эрдэмтэд, тользүйчидтэй уулзах гээд хамаг цагаа барчихна. Жишээ нь, Пржевальский тэмдэглэлдээ тухайн үеийн шинжлэх ухаан нээж амжаагүй байсан маш олон өвс, ургамлыг орос ардынхаа нэрээр биччихсэн нь Ц.Дамдинсүрэн гуайн “Орос, монгол толь бичиг”-т ч огт байгаагүй юм. Өнөөх ургамал цэцэг нь Монгол оронд байдаггүй болохоор аргагүй шүү дээ. Тэр нэр, утгыг олох гэж номын санд сууж, эсвэл гудамжны интернэтэд очиж, толь бичиг, нэвтэрхий толь “ухна”. Тэндээс хөөж орчин үеийн орос нэрийг нь олж авна. Тэрийгээ латин болгосны дараа орчин цагийн монгол нэрийг нь олдог байлаа. Ер нь мэдэхгүй, утгыг нь ойлгохгүй үгэнд толь бичиг их тус болно. Ялангуяа цаад хэлнийх нь тайлбар толь бол орчуулагчдын гол багш. Тайлбар толь гэдэг бол хөлс нэхдэггүй профессор. Орчуулга гэдэг чинь ийм л няхуур, нарийн нандин ажил.
-Манай Монгол орчуулгын баялаг өв, уламжлалтай. Олон зуун жилийн өмнөх болон өнөөгийн орчуулгад чанарын ямар ялгаа ажиглагддаг вэ?
-Маш их байна. Хамгийн гол нь уран сайхны амт чанарын хувьд өнөө цагийнхан дэндүү ядмаг болсон. Ер нь ийм сул тал 1950-иад оны дунд үеэс л эхэлсэн гэж санагддаг. 1960-аад оноос яг одоогийнх шиг орчуулгын үер буусан. Яах вэ, дэлхийн сонгодгуудын чамлашгүй хувийг богино хугацаанд монголчууддаа уншуулж чадсан нь үнэн боловч Цэвээн Жамсранов, Хөдөөгийн Пэрлээ, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, М.Цэдэндорж гуай гээд өгүүлэхүйн арслангуудын энд хүрэх орчуулагч ховор гэдгийг дурдахаас аргагүй. Ц.Дамдинсүрэн гуайн монголчилсон Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг дурдахаа больё, VI Далай ламын “Янагийн дуулал”-ыг эргэн саная л даа.
“Зүйтэй сайхан цагаан саран
Зүүн уулын цаанаас ургана.
Зүстэй сайхан охины царай
Зүрхний дунд үргэлж ургана”
гээд л. Зүгээр л монгол шүлэг байгаа биз дээ. Иймэрхүү орчуулгыг өчүүхэн би “Тосон дээгүүр гулгаж яваа юм шиг” гэж хэлэх дуртай. Сүүл үеийнхнээс бол Г.Аким гуай уламжлалт сонгодог хэл, уран найруулгаараа “ёстой галзуу”. Дундад зууны үеийн манай дуун хөрвүүлэгч нараас огтхон ч дутахгүй. Даанч өөрөө яруу найрагч биш болохоор гадаадынхны шүлэг найргийг орчуулдаггүй юм. Юу хийж чадахгүйгээ сайн мэднэ гэдэг бол соён гэгээрүүлэгчийн онцгой чанар. Гэтэл манай 1950-1960-аад оны орчуулгын олонхынх нь найруулга тааруу, модон хэлтэй. Манай уншигчид ер нь орчуулгын чанар дээр юм хэлж чаддаггүй. Тэгээд ч орчуулгыг судлах хэмжээний гадаад хэлтэй судлаач, шүүмжлэгч байхгүй. Ялангуяа муу орчуулгыг анзаардаггүй, агуулгад нь хөтлөгдчихдөг болсон. Манайхан уран зохиолыг жинхэнэ ёсоор нь уншихдаа тааруу улс.
-Орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрч гэдэг нэрийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?
-Хэлмэрч гэж аман орчуулга хийдэг хүнийг хэлдэг байх. Хэлмэрч хүн бичгийн орчуулга хийж чадахгүй байж магадгүй. Цаад хэлээ хэчнээн сайн мэддэг ч бичгийг нь мэдэхгүй бол яах юм. Жишээ нь, кирил монгол бичиг нэвтрэхээс өмнө, зөвхөн уйгаржин үсэг мэддэг мөртлөө орос хэл сайтай хүн зөндөө л байсан байж таарна. Хэлмэрч гэдэг нь тэр үед л гарсан томьёолол байх. Харин орчуулагч гэдэг орчин цагийн хэллэг хэзээ, ямар замаар монгол хэлэнд орж ирснийг мэдэхгүй. Р, Ч гэх мэтийн авиатайг бодоход төвөдөөс орж ирсэн байж магадгүй. Утга нь ил биш, их л хуурай үг. Дуун хөрвүүлэгч гэдгийг бол би төвөд номыг аялгуулан уншиж, утгыг нь тодорхойлох болсон үед орж ирсэн үг гэж боддог. Бас л оносон үг биш. Дуун гэж авиаг хэлдэг. Гэтэл бид чинь авиа биш, үг хөрвүүлж байгаа улс шүү дээ. Бусад нь утга нэг байх. Аман, бичгийн орчуулгын алийг нь ч хийж чадна гэсэн үг. Хөрвүүлэх гэсэн утга бол аль, алиныг нь чадна гэсэн утга байх. Тэр байтугай, цаад хэлээрээ бодоод эхэлдэг юм шүү дээ. Оросоор юм ярьж зүүдэлдэг үе надад ч байсан.
Миний хувьд алийг нь ч чадна. Дорнодын Ус, сувгийн ашиглалтын газарт байхад манай орос мэргэжилтнүүдийн ахлагч, нэг их том инженер хурал дээр үг хэлэх болохоор намайг дуудаад дэргэдээ зогсоочихно. Хурлын өмнө надад “За, тийм юм тэгж ярина” гэж огт анхааруулахгүй. Сайхан ч ярьдаг хүн байсан. Нэг хэсэг юм ярьчихаад чимээгүй болоод над руу харна. Би тэрийг нь цээжилж, монголчилно. Өнөөх хэт удаан ярьчих гээд байвал би ташаа руу нь ёворно. Асуулт гарвал мөн л түүнд “оросчилно”. Одоо бол чадахгүй болсон байна билээ. Хэдэн жилийн өмнө Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Үлэмжиновын эцэг, зохиолч өвгөнийг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийнхөн хүлээж авсан юм. Эхлээд намайгаа тоолгүй өөрсдөө л тэр өвгөнтэй нэвтрэлцдэг агуучууд боллоо. Хэл мэднэ гэдэг чинь уг нь дуудлага, аялгыг нь хүртэл төгс сурахыг хэлдэг юм. Тухайн ард түмний дунд аж төрж, хоолон дээр нь ангалзаж, хорзон дээр нь агсамнаж сурсныг хэлдэг. Тэгтэл нөгөө өвгөн чинь надаар л дамжуулах гээд, зөвхөн надад яриад эхлэхээр манайхан ойлгоод чимээгүй болчихсонд жаахан дөвийж л байв. Тэгэхэд л би больж байгаагаа анзаарсан. Өнөөх орос үгнүүд залуу цагийнх шиг гэрлийн хурдаар тархинд орж ирэхээ больсныг ухаарсан.
-Зохиолоо шууд л орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд сая барьж авдаг уу?
-Янз, янз. Яруу найраг, үргэлжилсэн үгийн уран зохиолыг судалгаа хийх хэрэггүй, нэг сайн уншчихаад шууд буулгаж эхэлж болно. Гэхдээ Есениний шүлгүүдийг орчуулахын тулд бүтээлийг нь 40 жил унших хэрэгтэй. Зүрхнийх нь догдлолыг таньсан байх ёстой. Тэгж чадсандаа л би анхны орчуулгаа 10 хоногт дуусгасан юм. Харин аян замын тэмдэглэл, түүх шастирыг орчуулахдаа мэдлэгтээ дулдуйдах хэрэгтэй. Явцын дунд үзэж харах юм гарна, тэгэхгүй бол хэвшиж заншсан нэр томьёо, олны дунд хэлж дадсан үг хэллэгийг буруу хэрэглэчих гээд байдаг юм. Дээр хэлснээр, Пржевальскийг орчуулж эхлэхээсээ өмнө геологи, зоологи, биологийн толь бичгүүдийг олоод бэлдчихсэн бол хурдан дуусгаж чадах л байсан. Тэгээгүйгээс болоод бараг нэг жил нухсан. Ер нь орчуулахаар барьж авах гэж байгаа л бол эхлээд заавал 1-2 удаа унших хэрэгтэй. Үйл явдалд нь эхэлж өөрөө ор. Энэ чинь нэг ёсны судалгаа гэсэн үг.
-Байгаа ч олоогүй, банзаа ч шүргээгүй орчуулга олширч байгаа нь юутай холбоотой вэ?
-Сүүлийн үеийн орчуулагч нар мөн ч олон сайхан юмыг дутуу алсан могой шиг сэглэж хаялаа даа. Харамсмаар. Энэ нь монгол хэлээ муу мэддэгтэй л холбоотой. Монгол шүлгийн толгой холбодог аргыг мэддэг адуучин, Чехэд өссөн “цүнх баригч” хүртэл өөрийгөө Данзангийн Нямсүрэн, Мишигийн Цэдэндоржийн дайны тоодог болчихож. Хоёрдугаарт, цаад хэлийг нь сайн мэддэггүй. Англи хэлтэй болохын тулд МУИС-ийн англи хэлний анги төгссөнөөрөө пээдийх биш, модон хэлтэй эрлийз дээрэмчдийн Америкт магистр хамгаалснаараа сагсуурах биш, үгүйдээ л гэхэд Редъяр Киплингийн Англид дор хаяж дөрвөн жилийг борчуулын дунд “ангалзаж өнгөрөөсөн” байх хэрэгтэй. Гуравдугаарт, тархи нь хөрвөж чаддаг төрөлхийн авьяас гэж байдаг юм. Үг хөрвөх яах вэ, тархи хөрвөх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хэл дамжуулж орчуулахаас эрс татгалзах ёстой. Тухайлбал, чиний монголчлох гээд байгаа япон зохиолыг англи руу, эсвэл орос руу хачин муу орчуулсан байвал яах вэ. Гэхдээ залуучууд төрөлхийн авьяастай бол аажимдаа туршлага суугаад, сайжрах байлгүй дээ.
-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач!
-Хатахаар барах уу. Үгийн эрэлд хатаж үсээ үгтээхийн зовлон хүнд. Үгийн эрэлд хамгийн их хатдаг хүн чинь орчуулагч. Яагаад гэвэл зохиолчийн өмнөөс давхар хариуцлага хүлээж байгаа юм. Алдсан юм хэзээ хойно нь зүрх мэрдэг. Би Владимир Высоцкийн “Нерв” гэдэг дууны шүлгийн түүврийн нэрийг бодож, бодож, хүмүүсээс асууж, асууж “Бухимдал” гэчихсэн юм. Хэвлүүлээд, гар дээрээ аваад “Бухимдал” гэж уншуутаа л “Еэ, бачуурал гэхгүй яав аа, хулгайч чинь” гээд л өөрийгөө хараасан, бараг л уйлах шахсан. “Бачуурал” гэсэн нэр л Высоцкийн байр байдал, дотоод сэтгэлд илүү нийцэх байсан юм билээ.
-Та чөлөөт орчуулга, утгачилсан орчуулга, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ?
-Чөлөөтийг нь эрхэмлэдэг. Ялангуяа яруу найргийн орчуулгад. Гэхдээ эхийн утга санааг гажуудуулж болохгүй. Сайхан зүйрлэлийг нь өөрчилж болохгүй. Шүлэглэх өвөрмөц аязыг нь алдагдуулж болохгүй. Тэгвэл тэр цаад найрагч маань биш болчихно. Ухаандаа Есенинийг Евтушенко маягаар буулгаж болохгүй. Энэ хоёрын чинь нэг нь шанз, нөгөө нь харанга байхгүй юу. Үргэлжилсэн үгийн зохиолд ч ялгаагүй, тухайн зохиолчийн бичлэгийн өнгө аясыг заавал баримтлах хэрэгтэй. Жишээ нь, хоёулаа тэрс үзэлтэн ч гэсэн Эдуард Тополийг Владимир Войновичийн аясаар буулгаж болохгүй. Тополь нь гайхалтай уран, Войнович нь хоржоонч. Эсвэл тэр хоёрынхыг Сольженицыний аясаар хөтөлж болохгүй. Сольженицын шүдээ зууж, Войнович жуумганаж, харин Тополь түгшиж бичдэг. Үгчилсэн орчуулгыг эрхэмлэх зайлшгүй шаардлага бас зөндөө гарна. Тухайлбал, шинжлэх ухааны бүтээлд. Утгачилсан орчуулга гэдэг бол арга ядсан ажил.
-Гётегийн нэлээд шүлгийг Лермонтов орос найраг, Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг Да багш монгол үлгэр болгосон. Яг үүн шиг зохиол орчуулна гэдэг бол өөр хэлээр дахин бүтээж буй нүсэр ажил гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Таны орчуулгаас юу нь монгол болсон бэ?
-Гайгүй юм мэддэгчүүд нь Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” гэдэг юм. Тэрийг би “Зууны мэдээ” сонинд халамцуу голдуу үедээ, ихэнхийг нь үдийн өмнө хийчихсэн юм шүү дээ. Цувралаар нийтлээд эхэлчихсэнийг хэлэх үү, өглөө хоосон хүрээд ирэхээр эх дэглэгчид “Хөөш, Нэргүй, нөгөө юмаа!” гээд тэвдүүлчихнэ. Тиймээс л “тосон дээгүүр гулгаж яваа юм шиг” болсон. Тэр үеийн “Зууны мэдээ”-гийнхэн гадарлана даа. Би өөрөө бол “Алтан Ордын улсын яруу найраг”-ийг гэж боддог. Доторх шүлгүүдийг нь гэхээсээ илүүтэйгээр, 60 хуудас өмнөх үгийг нь гайгүй монголчилж чадсан хэмээн өөртөө сүжиглэдэг.
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг мөн үү. Дуртай хүний хийх ажил мөн үү. Алдах эрхгүй мэс засал уу, сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?
-Мэргэшсэн хүний хийдэг нарийн мэс засал.
-Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно” гэж Амар гүүш анхааруулсан байдаг. Энэ тухайд таны бодол?
-Яах аргагүй үнэн үг. Би бол бүр “Яргын найраг болно” гэмээр байна.
-Орчуулгыг өөрийн уншигчдадаа ойлгомжтой буулгахын учир харь сэтгэлгээг нь монгол болгох ёстой юу. Та яадаг вэ?
-Тухайн нөхцөл байдлаас хамаарна. Жишээ нь, манай нэг нэрт орчуулагч “Сайхан ногоотой шөл байна” гэснийг монгол сэтгэлгээтэй болгоно гээд “Таван цулын шөл шиг хөлс чийхарлаа” гэж орчуулсан тухай магтан ярьдаг. Өнгөц харвал ч зөв л юм. Харин тэрийг нь монголчууд бид “Оросууд манайхан шиг малын гэдэс дотроор хоол хийдэг юм байна” гээд ойлгочихвол яах вэ. Уг чанартаа оросууд таван цулын шөл хийдэггүй. Ер нь манайхан лав л орос зүйр, цэцэн үгнүүдийг сайхан орчуулж чаддаггүй, монгол дүйц үгийг нь олж тавьдаггүй. Ямар сайндаа л “Служебный роман” гэдэг киног “Ийм нэгэн явдал” гээд буулгачихсан байх вэ. Хэн орчуулсныг би мэдэхгүй. Роман гэдэг нь уран зохиолын нэгэн том төрлөөс гадна оросуудын “учир ургуулах” гэсэн далдалсан, займчуулсан, нууцалсан хэллэг. Тэгэхээр “Аргалах гэсэн чинь амраглачихав” гэвэл мөнөөх далд инээдмийн агуулгатайгаа бүрэн уялдаж чадах байсан юм. Уг киноны найруулагчийн гол санаа нь энэ шүү дээ. Энэ мэтийн алдаа зөндөө харагддаг. Арга ядаад би “Орос, монгол зүйр, цэцэн үгийн толь” хийж эхлээд хэдэн жил болж байна. Яг ийм төрлийн толь бичиг Монголд байхгүй.
-Та урьд нь орчуулсан зохиолыг дахин орчуулсан уу. Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?
-Ер нь өөр хүний орчуулсан юмыг, ялангуяа том хэмжээний зохиолыг дахин орчуулах нь орчуулагчийн ёс зүйд таардаггүй гэж үздэг бичигдээгүй хууль бий. Тэр тусмаа түүнийг нь уншигчид өндрөөр үнэлсэн бол. Харин яруу найргийн бүтээлийн бүрэн эмхэтгэл биш, олноо ихэд алдаршсан зарим алдартай бүтээлийг янз бүрийн хүн чадлаа сорихын үүднээс “бөмбөчүүлэх нь” ёс зүйн хувьд зөвшөөрөгддөг. Тухайлбал, Европын хэлнүүдийн хувьд яруу найргийн оргил болсон Шекспирийн сонетуудыг Пастернак, Маршак, эцэг Гумилёв, Набоков гээд Орос-Зөвлөлтийн агуучуудаас “бөмбөчүүлээгүй” найрагч ховор. Гэтэл жинхэнэ сонгодог хэлбэрээр орчуулсан нь Пастернак, олонд хүрсэн энгийн хэлбэрээр орчуулсан нь Маршак гэж үздэг. Миний хувьд гэвэл 1961 онд Ш.Цэндгомбо орчуулаад “Сергей Есенин. Шүлэг” нэрээр бие даасан түүвэр хэвлүүлснийг мэдэлгүй Есенинийг цоо шинээр орчуулан 2009 онд хэвлүүлж гаргасан нэг “нүгэлтэй”. Тэр түүврийг надад дараа нь Отгонбаатар гэж яруу найрагч залуу авчирч өгсөн. Би их ичсэн. Гэхдээ бас өөрийгөө зөвтгөх тал байна. Ш.Цэндгомбын түүвэрт 33 шүлэг (үүнээс зургаа нь М.Цэдэндоржийнх), нэг найраглал орсон бол миний 2009 оны “Сонгомол шүлгүүд”-д 103 шүлэг, хоёр найраглал, 2010 оны хоёр дахь хэвлэлд 112 шүлэг, гурван найраглал орсон.
-Таны орчуулгыг хаанахын хэн юу гэж үнэлсэн бэ. Бас шагнал урамшуулал юу хайрласан бол?
-Манайд судлаачид байхгүй болохоор өөрөө л ярьж онгирохоос. Сергей Есенинийг гарсны дараа Дарамын Батбаяр гуай “Чи яах гэж тэр сайхан үгнүүдээ Есенинд хэрэглэж байгаа юм!” гэж загнахаар нь “Яагаад” гэтэл “Өөрийнхөө шүлгэнд хэрэглэнэ биз, чи чинь сайн яруу найрагч шүү дээ” гэсэн. Бас Долгорын Нямаа “За, Нэргүй ээ, баяр хүргэе! Манай зохиолчдоос Есенинийг “бөмбөчүүлээгүй” хүн байхгүй дээ, чи л ганцаараа жинхэнэ аясыг нь олсон байна” гэж сүйд болсон. Д.Урианхай гуай бас таараад “Чи тэр Есенинээ надад өгөөч. Би залуудаа “Шаганэ”-г нь орчуулсан юм, харьцуулж үзье” гэхээр нь өглөө. Хэд хоногийн дараа таарсан чинь “Чи ч аргагүй л хийжээ. Би өөрийнхөөсөө ичлээ” гэсэн. Шаравын Сүрэнжав гуай “Өнөөдөр” сонинд байх аа, “Есенинийг жинхэнэ ёсоор нь монголчилсон Ж.Нэргүй” гэсэн гарчигтай бүтэн нүүр сэтгэгдэл гаргасан байсан.
-Зарим өгүүлбэр, үг, нэр томьёонд тайлбар, зүүлбэр хийдэг үү?
-Миний хамгийн эрхэмлэдэг зүйл. Орчуулагч хүн угаасаа л соён гэгээрүүлэх үүрэгтэй. Тухайн зохиол дотор монгол уншигчдын мэдэхгүй шинжтэй зүйл байвал тайлбар, зүүлбэр хийхээс аргагүй. Жишээ нь, Оссендовскийн “Ленин” романд дурдагдаж буй тухайн үеийн хувьсгалчдын товч танилцуулгыг зүүлбэр болгож оруулсан. Тэр номыг уншсан юм байлгүй, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Төрийн ордонд таарчихаад бүр гүйн ирж “Тайлбарууд маш хэрэгтэй юм байна” гэж баяр хүргэсэн. Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”-д нэг сойрыг “Карузо” гээд биччихсэний учрыг ойлгосонгүй ээ. Ухаад үзтэл тэр нь 1873 онд төрөөд 1921 онд тэнгэрт хальсан Италийн дуурийн алдарт тенор Энрико Карузотой адилтгасан зүйрлэл байж билээ.
-Ч.Чимид, Б.Энэбиш нар “Евгений Онегин”-ыг орчуулсны дараа Р.Чойномын “Хүн” роман гарсан. Б.Ринчен Галидасын “Үүлэн зардас” найраглалыг гайхамшигтай яруу сайхан орчуулсан нь манай шүлэгчид жинхэнэ уран найрагч болоход нөлөөлсөн дөө. Таны орчуулгын нөлөө юу вэ?
-Уран зохиолчдод ийм үлгэр жишээ болсон гэчихээр юм одоохондоо алга. Ирээдүйд гарна аа. Ер нь уншигчид анзаарсан бол өчүүхэн би залуу зохиолчид олж уншаад ингэж бичиж сураасай гэж шимтсэн номоо л орчуулдаг. Уран сайхны зохиолын хувьд шүү дээ. Дурсамж, аян замын тэмдэглэлүүд бол яах вэ. Урьд нь албан ёсоор дардаг байсан монголчуудын түүхийн зурвас үеүдийг л тодруулахад тус болж буй хэрэг. Япон зохиолчдын юмыг би нэг их агууд үздэггүй. Мо Ян, Маркес, Набоков ч ялгаагүй. Харин Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй” л гэхэд ямар уран бичлэгтэй, зоримог өрнөлтэй гээч. Михаил Веллерийн “Авсанд хэвтээ хүн” ч ялгаагүй, ямар гээчийн зоримог үгтэй билээ. Аль эсвэл Войновичийн “Цэрэг Чонкины адал явдал” ямар хоржоонтой гээч. Хоржоон гэдэг чинь хошин, шог гэсэн үг биш, түүнээс дээгүүр юм байхгүй юу. Веллер, Тополь, Войнович гурвыг би анх Монголд танилцуулаа. Тэднийг маань ирээдүйн залуучууд дуурайна гэж горьддог. Манай зохиолчид 90 гаруй жилийнхээ түүхэнд ийм юм бичиж чадаагүй шүү дээ. Манайхны зохиолууд дэндүү ноомой, унтаа, ерөнхийдөө хуурайдуу, ганц авах юм нь реализм сайтай. Байгалийн байдал, амьдрал хоёрыг сайн хуулбарладаг. Өрнө, Дорнынхны бүтээлүүдийг орчуулагч нар сайн танилцуулж чадаагүй учраас уран зохиол гээч ямар байдгийг манай зохиолчид мэдэж, сурч амжаагүй. Уран зохиол биш, зөвхөн утга зохиол л бичсээр ирж. Энэ хоёр чинь маш их ялгаатай.
-Монголд дан ганц орчуулгын хөдөлмөрөөр аж төрөх боломж бий юү?
-Над шиг
Амин зуулгадаа цаашилдаггүй
Авгай, хүүхдэдээ зуслангүй
Хоосон алдартай
Хонгилдог түрийвчтэй хүнд л тийм боломж бий.