Дэлхийн сор болсон 60 мянга гаруй үзмэртэй, Хогарт, Гейнсборо, Клодо Моне, Сислей, Ван Гог, Дали, Энди Уорхол, Ренуар, Роден нарын “аваргуудын” бүтээлүүдийг хадгалдаг Лондоны “Тейт” галерейгаас зохион байгуулсан загварын уралдаанд монгол охины бүтээл шилдгээр шалгарчээ. Монголд төрж, Шотландад өссөн тэрбээр Глазго хотын Урлагийн их сургуулийн загвар, дизайны ангийг энэ жил төгссөн бөгөөд Америкийн загвар зохион бүтээгч Ральф Лорены Нью-Йорк дахь студид ажилласан туршлагатай.
-Томоохон уралдаанд амжилттай оролцсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Цар тахлын улмаас уран бүтээлчид бүтээлээ олон нийтэд танилцуулах боломж хязгаарлагдсан. “Ковид-19”-ийн улмаас түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон “Тейт” галерей энэ сараас үүдээ нээхдээ Британи дахь шилдэг, залуу уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж, ийм уралдаан зохион байгуулсан юм билээ. Уралдаанд сойсон 800 гаруй бүтээлээс шилдэг 48-ыг шалгаруулахад минийх багтсан. Олонд танигдсан, салбартаа нэр хүндтэй эрхмүүд шүүгчээр ажиллаж, шилдгүүдийг тодруулсан учраас нэр төрийн хэрэг. Нөгөөтээгүүр, 2020 онд их, дээд сургууль төгсөгчдийн хувьд энэ нь ховор завшаан. Уран бүтээлээ олонд таниулах боломж нээгдлээ. Бидний уран бүтээлийг Лондоны гудамж, талбайд самбарт байршуулна. Мөн залуусын хөдөлмөрийг үнэлж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгч буй. Дэлхийн соруудыг онцолдог ийм том галерейд бүтээлээ толилуулж, эх орноо төлөөлж буйдаа баяртай байна.
-Шилдэгт тунасан бүтээлийнхээ онцлогийг тайлбарлаж өгөөч?
-Нэлээд гүн агуулгатай бүтээл. Би ази хүмүүсийг, тэр дундаа эмэгтэйчүүдийг сонгодог урлагт байр суурьтай болоосой гэж хүсдэг. Өсвөр наснаасаа харж, биширдэг байсан сонгодог уран зураг, хөргүүдэд над шиг төрхтэй, тодруулбал, ази эмэгтэйн дүрийг онцлон тусгасан нь тун ховор. Харин уралдаанд сойсон бүтээлдээ энэ дүрийг тусгасан.
-Загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшихэд юу нөлөөлсөн бэ?
-Би багаасаа л уран зураг, гүн ухаан сонирхдог байсан. Харин загвар зохион бүтээгчид эдгээрийг хослуулж, ажилладаг юм шиг санагддаг. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсад үнэлэгдэх хэмжээнд бүтээл хийх нь бас нэг сэтгэл ханамж гэж боддог. Алдарт Ральф Лорены студид ажиллаж, суралцах үедээ цаашид хувцасны загвар зохион бүтээгчээр тууштай “явахаар” шийдсэн.
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ. Мэргэжлээрээ Монголд ажиллах бодол бий юү?
-Миний алсын зорилго, төлөвлөгөө бол томоохон брэндийн креатив дизайн захирал болох. Эх орондоо өөрийн бизнестэй болж, загварын урлагийг сурталчилж, ажлын байр бий болгох нь миний мөрөөдөл.