“Төрт ёс, хаадын сан”-гийн эрдэмтэд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран “Чингис хаан” шүтээн хөрөг бүтээжээ. Уг хөрөгт түүх, соёлын бэлгэдлүүдийг шигтгэснээрээ онцлог аж. Их хааны дээр 10 цагаан сүлд байх аж. Энэ нь нэгэн их туг, түүнийг тойроод есөн элч сүлд байсан түүхэн сурвалжтай холбоотой. Сэнтийн дээр монголчуудын эртний бэлгэдэл болсон цагаан шонхор, хүлэг морьд, үндэсний онцлогтой хээ, чимэг урлажээ. Хаантны хажуу талд гэрэгэний хээ дүрсэлж, голд нь нүүдэлчдийн соёлын бэлгэдэл болох газар, тэнгэр, галыг төлөөлүүлж гурван эрдэнийг шигтгэсэн байна. Их эзний түшлэгийг мөнгөн товруугаар даруулж, тоонолжлон дүрсэлсэн нь монгол гэрийн ханыг бэлгэджээ. “Монголын нууц товчоо”-нд Харгуна Жадун гэж гардаг ба энэ нь Их Хянганы нуруу юм байна. Их Хянганы нуруунд бар байсныг бодолцон, нөгөө талаас дэлхийн хамгийн хүчирхэг амьтан тул арьсыг нь хааны суудалд дэвсжээ. Хааны хөлийн доор цагаан эсгий дэвссэн байна. Цагаан эсгийн дээр таван тив бүхий дэлхийг төлөөлүүлсэн дугуй хээ бий. Сэнтийн доод хэсэгт эзнээ хамгаалан хоёр тийш хандсан арслан барсын дүр бүхий Хүн (Хүннү) гүрний үеийн чимэглэлтэй. Энэ нь Их хаан монгол үндэстнийг Хүн гүрний үеэс залгамж бүхий хэмээн Чаньчунь бумбад бичсэн захидалдаа дурдсаныг сануулж, хэдэн мянганы тэртээгээс тээж ирсэн түүх, соёл монгол үндэснийх гэдгийг бэлгэдсэн байна. Хаантны дээл хувцас, малгай, бүс тэргүүтнээс монгол дээдсийн болон үндэсний хувцасны соёлыг харах боломжтой. Харцага малгайн дээр монголчуудын эртний бэлгэдэл нар, сар, гал дүрсэлсэн нь байгальтай зохицон амьдарч ирсэн үндэстэн эх дэлхийгээсээ эрч хүч, сүр сүлд үүтгэхийн бэлгэдэл аж. Шүтээн хөргийг тус сангийн зураач А.Далантай эрдэмтэн, судлаачдын заавар зөвлөгөөг баримтлан бүтээсэн юм байна.