“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Манай монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Энэ удаагийн зочин бол яруу найрагч, дипломатч Д.Бямбаа.
-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла!
-1936 оны зургадугаар сарын 4-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын Хэрлэн цагаан талбай гэдэг газар Зэлмэ овогт малчин Дамдины гэр бүлд төрсөн. Чойбалсан сумын бага сургууль, Чойбалсан хотын дунд сургууль төгсөж, МУИС-ийг англи хэлний орчуулагч, Москва хотноо Дипломатын академийг дипломатч мэргэжлээр дүүргэсэн. 1960 оноос Гадаад явдлын яамнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, дипломат албанд 41 жил ажилласан. Ингэхдээ ГЯЯ-ны Дорнод хэлтэст референт, Хэвлэл, соёлын харилцааны хэлтсийн орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, дарга, Дөрөвдүгээр хэлтэст зөвлөх, Хэвлэл, мэдээллийн хэлтэст ахлах зөвлөхөөр ажилласан. Мөн Бүгд Найрамдах Гвиней Улсад суугаа ЭСЯ-нд орчуулагч, БНПАУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагч, атташе, БНАСАУ-д суугаа ЭСЯ-нд нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга, ГЯЯ-ны ЗХУ-д суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. 1995-2001 онд БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаад, өндөр насны тэтгэвэрт гарч, 2002-2004 онд ГХЯ-ны Ахмадын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
Өдгөө Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн. Яруу найраг, үргэлжилсэн үгийн төрлөөр голлон зохиолоо туурвиж, “Африк эхийн дуулал”, “Эвийн чулуу”, “Уул усны охин”, “Мянган хуурын эгшиг”, “Наадаж явснаа мартахгүй”, “Уулзахын ерөөл”, “Ээж хадны дуулал оршвой” зэрэг ном хэвлүүлсэн. “Төмөр нүүдлийн тоос”, “Сүлд овоо” зэрэг түүхэн сэдэвт туульсын найраглал нийтлүүлсэн. Монгол уран зохиолд уламжлагдаж ирсэн “Үг” зохиол хэмээх төрлийг сонгож, “Их дархан цаазат эцэг малын хэлсэн үгс”, “Уургын морины хэлсэн үг”, “Ноосоо хайчлуулсан хонины хэлсэн үг” зэрэг 50 гаруй зохиол нийтлүүлсэн. “ХХ зууны монгол зохиолчид” цувралаар “Дамдины Бямбаа” хэмээх судалгааны номыг академич, судлаач Х.Сампилдэндэв туурвиж, 2005 онд хэвлүүлсэн.
Англи, Америкийн хүүхдийн шүлгүүдийн эмхэтгэл “Хэрэв бүх тэнгисийг нэг тэнгис болговол...” түүвэр, Ази, Африк, Европ, Америк тивийн 28 орны 114 яруу найрагч, зохиолчийн 145 шүлэг, гадаадын 40 гаруй наргиа шог яриаг орчуулж “Орчуулгын чуулгын Баянбүрд” хэмээх түүврийг Дэлхийн яруу найрагчдын ХХVI их хурлын үед хэвлүүлсэн. Дундад зууны үеийн Английн их яруу найрагч Самуэл Тэйлор Колерижийн “Хубилай хаан” шүлэг, ХIV зууны Английн их яруу найрагч Жеоффрей Чосерын зохиол Эзэн Чингис хааны тухай “Дээдсийн үлгэр” хэмээх туульсын найраглалыг эх хэлнээс нь орчуулж, Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойгоор монгол, англи хэлээр, худам монгол бичгээр хэвлүүлсэн. Мөн Америкийн алдарт зохиолч, яруу найрагч Эдгар Аллан Погийн “Доголон Төмөр” найраглалыг орчуулсан. “Дээдсийн үлгэр”, “Хубилай хаан”, “Чингис хаан бид хоёр” зэрэг орчуулга нь Өвөр Монголд “Дэлхийн утга зохиол” сэтгүүлийн 2007 оны IV-т нийтлэгдсэн. Мөн олон улсын харилцааны сэдвээр олон өгүүлэл, тэмдэглэл, нийтлэл, судалгааны танилцуулга бичсэнээс гадна “Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс”, “Хувьсгалт Афганистан” товхимол болон “Олон улсын зохиолчийн эрхийн тухай” судалгааны нэг сэдэвт томоохон бүтээл нийтлүүлсэн.
Нэлээд олон зохиол маань Орос, Хятад, Болгар, Польш, Казахстан, Унгар, Эстони, Литва, Латви, Япон, Чех, Гүрж, Герман, Узбекистан, Македон, Тайвань зэрэг оронд орчуулагдаж, “Эвийн чулуу” түүвэр Өвөр Монголд 1981 онд хэвлэгдсэн. Монголын сэтгүүлчдийн холбооны хүндэт тэмдгээр 1991 онд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналаар 2005 онд, Монголын орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” цол, тэмдгээр 2006 онд, Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүндэт тэмдгээр 2019 онд шагнуулсан.
Гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг минь төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн болон Монголын дипломат албаны 100 жилийн ойн хүндэт медалиар, мөн “Алтан гадас” одонгоор 1991 онд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2008 онд шагнаж, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат дээд цол 2007 онд хүртээсэн.
-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!
-Америк, Английн хүүхдийн шүлгийн эмхэтгэл, зурагт ном болох “Хэрэв бүх тэнгисийг нэг тэнгис болговол...”-ыг Ардын боловсролын яамнаас хэвлүүлсэн. Энэхүү номд орсон 16 шүлэг ардын аман зохиолын хэлбэрээр, хүүхдийн сэтгэхүйгээр бичигдсэн, 15 000 хувь хэвлэгдсэн. “Орчуулгын чуулгын Баянбүрд”-д Англи, Америк, Австрали, Азербайжан, Армени, Афганистан, Израил, Ирак, Куба, Латви, Литва, Мозамбик, Орос, Польш, Румын, Солонгос, Тайвань, Унгар, Энэтхэг, Эстони, Японы яруу найрагчдын 146 шүлэг, найраглалыг багтаасан. Жеоффрей Чосер “Дээдсийн үлгэр” ном монгол хэлээр, шинэ үсгээр, англи хэлээр, худам монгол бичгээр гарсан.
-Анхны номын орчуулга амархан байв уу. Алдаж осолдсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нууж, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.
-Миний орчуулсан анхны ном “Хэрэв бүх тэнгисийг нэг тэнгис болговол...”. Болзолт утга агуулга илэрхийлэх англиар if, монголоор хэрэв гэсэн үг орсон гарчигтай байгаа нь уг номын редактораар томилогдсон, Ардын боловсролын яамны хэвлэлийн ажилтан Ц.Сандагийн анхаарлыг татаж, эргэлзээ төрүүлжээ. Тэгээд if-ийг хэрэв хэмээн “махчлан” буулгасан хэмээн үзэж, хасах санал тавив. Энэ ч бас хэлж болох л санал гэж би бодсон хэрнээ “Энэ шүлэг 12-хон мөртэй хэрнээ “хэрэв” гэдэг үгийг зургаан удаа зориуд оруулсныг бодолцох үүднээс тэдгээрийг хасахгүй гэж шийдсэнээ хэлж билээ. Тэндээс миний бие Ц.Сандагийн зөвлөснөөр эрдэмтэн багш Чой.Лувсанжав, Н.Доржготов хоёроос асууж тодруулахад “If гэдэг чинь монголоор хэрэв, хэрвээ, хэрэвзээ, тэгвэл, хэдий боловч, тийм бөгөөс гэхчлэн болзолт утга санааг тодруулдаг холбоос үг мөний учир энэ номын нэрээс хасах хэрэггүй” гэж зөвлөсөн тул шүлэгт орсон “хэрэв”-үүдийг хэвээр үлдээсэн. Харин онц шаардлагагүй ба, бөгөөд, болбол, хэрэв мэтийг орхих хэрэгтэй гэдэг дээр бид санаа нийлсэн билээ. Англичууд харилцан яриандаа эргэлзээтэй зүйл гарахад “If?” хэмээн сөргөж асуух тохиолдол гардаг билээ. Энэ номын орчуулгад редакторын зүгээс өөр асуудал гаргаагүй боловч хэвлэгдэх явцад “улс төрийн” гэхээр нэг асуудал гарсан нь мөнхүү номд орсон “Америк хүүхдийн шүлэг”-т:
“Арван нэгэн сар гарах болгонд
Алс тэртээ 1917 оны
Алдарт арван нэгэн сарыг
Пионер бид дурсдаг.
Энэ газраас Зөвлөлт улсад
Эрхэм пионер та нөхдөдөө
Хандаж бид сэтгэлээ илэрхийлж
Халуун баяр хүргэдэг.
Халуун баяртайгаа хамт бас
Хатан зоригоо бид илэрхийлдэг.
Шинэ нийгмийг та нар байгуулахад
Энэ хуучнаа бид эвдэх болно.
Зориг санаагаар шударга
Золбоо чадлаар аварга
Хэцүү пионерууд бид
Хэзээд бэлхэн явна.
Өсвөрийн пионер бидэнд
Өргөн түмэн баяр хүргэнэ.
Ажилчин анги хүний төлөө
Аль чадахаа бид хийнэ гэж Октябрийн хувьсгалыг америк хүүхдүүд талархаж байдаг гэсэн санааг тодруулсан буй.
Ийм шүлгийг Америкийн хүүхдүүд 19З0-аад онд зохиосон гэж би гэдэгт эргэлзсэний учир Зөвлөлтөд хэвлэгдсэн жинхэнэ англи эх, орос орчуулгыг нь тулгаж нягтлан үзэв. Ур муутайхан энэ шүлгээс бусад нь “Нийтлэг хэл”, “Ах, дүү хоёр”, “Намар”, “Нэг охиныг танина би”, “Бороо бороо тогтоорой”, “Ээжтэйгээ тоглоход...”, “Би туслагч”, “Арслан”, “Цагаан баавгай”, “Залхуу Мари”, “Арван хоёр сар”, “Бяцхан охин байж гэнэ”, “Хачин”, “Галт тэрэг” хэмээх шүлгүүд хүүхдийн уянгын гэнэн цагаан сэтгэлээс гарсан гэхээр байсан учир ном саадгүй хэвлэгдсэн болой. Орчуулгын анхны номын тухайд ийм байна.
Эзэн Чингис хааны тухай “Дээдсийн үлгэр” хэмээх найраглалыг дундад эртний болон орчин үеийн англи хэлнээс орчуулах ажил миний хувьд мэдэхгүйн бэрхшээл, бас олж мэдэхийн таашаал хүртээсэн нэн дурсгалтай цаг хугацаа байлаа. Дундад эртний англи хэл дуудлагаар ч, бичлэгээр ч одоогийнхоос нэлээд өөр учир glossary буюу дүймэнг ашиглаж хөрвүүлэх яггүй хэцүү ажил хийснээ дурдалтай.
-Орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?
-Ер нь орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрч хэмээх үгс хэлэхэд, бичихэд, үйлдэхэд ч багагүй ялгаатай. Хэлмэрч гэж хоёр буюу хэд хэдэн хүний хоорондын яриаг хэлмэрчлэх буюу аман орчуулага хийдэг хүнийг хэлнэ. Хөрвүүлэгч гэж дээр үед нэг их ярьж, бичдэггүй байсан. Харин эдүгээ цагт ярих, бичих нь олон болсон мэт. Хөрвүүлэгч бол орчуулагч мөн. Орчуулагч гэж орчуулга хийдэг хүний ажил үйлсийн түгээмэл нэр. Жишээлбэл, Элчин сайдын яаманд орчуулагч гэсэн албан томилолттой ажилтан байх. Дуун хөрвүүлэгч гэж аман ба бичгийн мэргэжлийн орчуулагч. “Та аль нь вэ?” гэж надаас асуухад би эргэлзэж ядаад, нэг эрхэм хүнээс лавлахуйд тэрбээр “Та Монголын орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” цолтойгоо мартаа юу гэж асууж билээ. Манай зарим нөхөд орчуулсан зохиолынхоо ард монголчилсон тэр гэж нэрээ тавих удаа олон байдаг. Тиймээс монголчлогч бол орчуулагч мөн.
-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?
-Олж сонгосон зохиолоо шууд орчуулна гэсэн ойлголт надад байдаггүй. Эхлээд зохиолчийнх нь тухай, зохиол бичигдсэн цаг үе, зохиолын тухай бусдын үнэлэлт, дүгнэлтийг уншиж судлах ёстой гэж үздэг. Тэгээд орчуулж чадах, эсэхээ нарийн тооцоолох нь зүйтэй.
-Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширсон нь юутай холбоотой вэ?
-“Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширч байна” гэж зарим хүн ярихыг сонссон. Би өөрөө ч орчуулгын нэлээд хэдэн ном үзээд голох, гонсойх сэтгэгдэл төрж байсан. Энэ нь орчуулж байгаа хүний монгол хэлний болон нөгөө хэлний мэдлэг, орчуулах авьяас, ерөнхий боловсрол муу, дээр нь биеэ ихэд тоож, орчуулгыг амархан ажил гэж эндүүрсэнтэй шууд холбоотой байх аа.
-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд их хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач.
-МУИС-ийн III дамжааны оюутан байхдаа Оскар Вайлдын “The Selfish Giant” хэмээх богино үлгэрийг орчуулах гэж оролдохдоо “Хувиа бодогч Мундаг” гэж үгчилснээ эрдэмтэн багш М.Гаадамбынхаа сануулсны дагуу нэлээд толь үзэж, эрж хайсны ачаар “ер бусын том биетэн”, “аварга”, “асар том хүн”, “лут том амьтан”, “үлэмж биетэн” зэрэг тодотгол бүхий үгээс “үлэмж биетэн” гэдэг үгийг авч “Хувиа бодогч Үлэмж биетэн” хэмээх гарчиг тавиад баярлаж явснаа дурсалтай. Энэ бол М.Гаадамба багшийн минь ач.
-Та чөлөөт, утгачилсан, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ. Яагаад?
-Чөлөөт, утгачилсан орчуулгын аль алиныг эрхэмлэдэг. Гэхдээ чөлөөт орчуулга илүү сайхан л даа. Үгчилсэн орчуулгыг дэмий гэж үздэг. Гэхдээ зарим үгэнд тайлбар дагуулж байж утгыг нь тодруулах арга байхыг үгүйсгэхгүй. Миний орчуулгуудаас Эдгар Аллан Погийн “Доголон Төмөр” найраглалыг үзээд эрдэмтэн, зохиолч Л.Түдэв “Эдгар По монголоор ярив” гэж бичсэн билээ. Бас нэлээд орчуулга минь монгол зохиол болсон байх аа.
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг уу. Дуртай хүний хийх ажил мөн үү. Алдах эрхгүй мэс засал уу. Сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг биш, хэн дуртай хүний хийх ажил ч биш. Орчуулах олон арга байдгийн дотор хийсвэрлэх аргыг хэрэглэж болно. Алдах эрхгүй мэс засал шиг бэрх хөдөлмөр мөн, улмаар нарийн шинжлэх ухаан ч мөн. Учир нь орчуулга хэл шинжлэлтэй мэргэн багш, сайн шавь хоёр шиг холбогдоно.
-Орчуулах явцад үгийн байтугай өгүүлбэрийн дэс дараа солих шаардлага гардаг уу?
-Зарим өгүүлбэрийн дэс дарааг солимоор санагдах үе бий ч тэгэхийг би хувьдаа зохиогчийн эрхэд халдсан хэрэг гэж боддог.
-Орчуулгын үйлсэд оноо, алдааны аль нь дийлдэг бол?
-Оноо нь дийлэнгэ, алдаанаас ангид байх ёстой. Би орчуулсан зохиолоо хэвлэгдэхээс нь өмнө барханд очиж, хуудас бүрээр нь уншиж, алдаа гарсан, эсэхийг хянасан тул харамсал гарч байгаагүй.
-“Орчуулсан зохиолыг тань хэвлэхдээ хуудасны дугаарт солиг гаргах, үг өгүүлбэрийг буруу бичих алдас гардаг уу. Миний хувьд өөрийнхөө тархи руу биш, хэвлэн нийтэлсэн бархны эзэн өөд хутга шидмээр санагддаг.
Нэг үгийг минь буруу бичсэнээс
Нэг шүдийг минь булга цохисон нь дээр!
Нэг бадгийг минь гээснээс
Нэг нүдийг минь сохолсон дээр гэж нэг дүүд хэлсэн минь хатуу үг биш шүү! Таны бүтээлийг тэр мэт зэмдэглэсэн үү. Яаж залруулсан бэ?
-Эрхэм мэргэн Өөлд өвгөнийхөө энэ асуултад ноцтой гэмээр нэгэн жишээ татъя. Английн их яруу найрагч Самуэл Тэйлор Колерижийн “Хубилай хаан” найргийн орчуулгыг маань Монголын хаадын цувралын нэг “Хубилай хаан” ботид оруулж хэвлэхдээ хагасыг нь дур мэдэн хассанаас гадна орчуулагчийн нэрийг бичээгүй. Энэ хэвлэлийн гол хариуцагчаар нь Д.Гүн-Үйлс гэдэг эрдэмтэн нэрээ тавьсан байдаг. Нэгэнт том ботид хэвлэгдэж, номын санд залагдсан тул яах ч арга алга мэт. Гэвч хутга шидэх нь юу юм. Зохиогчийн эрхийн асуудлын хүрээнд хууль шийдэх ёстой биз ээ.
-Орчуулгыг уншигчдад ойлгомжтой буулгахын тулд харь сэтгэлгээг нь монгол болгох ёстой юу?
-Харь сэтгэлгээг нь монгол болгох ёстой. Гэхдээ энэ ажил, тухайлбал, зохиолын баатруудын хэл соёл, зан заншил, ахуй орчин, түүхийн толь болсон харь сэтгэлгээг монгол болгох амаргүйгээс илүү амаргүй гэдэг. Харин боломжийн хэрээр сайн тайлбар зүүлт хийх хэрэгтэй биз ээ.
-Та бусадтай оюуны хүч хавсран орчуулга хийсэн үү?
-Манай барилгын нэрт инженер, миний дотно нөхөр, мажар хэлтэй Д.Бат Унгар улсын Төрийн сүлд дууллын үгийг хамтарч орчуулъя гэсэн санал хэлэв. Учир юун гэвэл, БНУУ-ын Төрийн сүлд дуулалд монголчуудын тухай дурсагддаг, түүнийг Д.Бат монгол хэлэнд үгчилэн хөрвүүлсэн боловч шүлэг болгож чадахгүй байгаагаа хэлсэн юм. Эхлээд би Д.Батынхаа орчуулгыг, Унгарын тухай, сүлд дууллын үгийг 1844 онд зохиосон яруу найрагч Келчей Ференц, хөгжмийн зохиолч Эркэл Ференц нарын тухай, өнгөрсөн хугацаанд Унгарт олон төр солигдож, нийгэм өөрийнхөө хуулиар удаа дараа хувирч хувьсаж ирсэн хэдий ч энэ дууллын үг, ая өөрчлөгдөөгүй тухай нэлээд зүйлийг уншиж мэдэв. Унгарын сүлд дууллын үгэнд монголчууд дурсагддаг нь бүр ч сонин.
...Нүгэл хийснийг маань цээрлүүлэхээр
Нүсэр хилэнгийн дөл бадруулж Тэнгэр
Нүүгэлтсэн үүлнээс хүчит аянгаар
Нүүр нүдгүй балбаж билээ л.
Дайнч монголчуудын мэргэн гилбэрээр
Даран залхаахаар исгэрүүлж билээ л.
Дараа нь бас Түрэгийн дарлалыг
Дааж давшгүйгээр овоолж билээ л...
гэхчлэн 64 шад бүхий үгийг Д.Батынхаа тэрлэсэн эх бичвэр дээр түүхийн шүлгийн хэв маягт оруулан оноож орчуулсан. Бүхэл бүтэн уран зохиолын орчуулгыг бусадтай хүч хавсран хийсэн тохиолдол үгүй.
-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан байдаг. Энэ зөв үү. Та урьд орчуулсан зохиолыг дахин орчуулсан уу. Яагаад. Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?
-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан тохиолдол (уралдаан зарлах маягаар) манайд хэд хэдэн удаа гарсан. Энэ бол орчуулга хөгжүүлэхэд тустай, сонирхолтой л ажил. Миний хувьд бусдын орчуулсан зохиолыг дахин орчуулж байгаагүй.
-Зарим өгүүлбэр, үг, нэр томьёонд тайлбар, зүүлбэр хийдэг үү. Яагаад?
-Орчуулсан зохиолд гарч буй зарим өгүүлбэр, үг, нэр томьёонд тайлбар, зүүлбэр хийх зайлшгүй шаардлага гардаг. Яагаад гэвэл, уг зохиолыг монгол уншигчдадаа ойлгомжтой болгох үндсэн зарчимд захирагдсан хэрэг. Жишээлбэл, ХIV зууны үед бичигдсэн Ж.Чосерын “Дээдсийн үлгэр” зохиолд гардаг Сарай хот, Апулиа, Ломбардиа, Пегасын морь, Трой хот, Аристотель, Ахилл зэрэг нэрэнд зүүлт бичихээс аргагүй байсан. Америкийн их зохиолч, яруу найрагч Эдгар Аллан Погийн “Доголон Төмөр” найраглалын орчуулгад Юлий Цезарь, Таглэй, Эйнжэл, Самарканд зэрэг үгэнд товч тайлбар бичсэн. Оросын аугаа их зураач, сэтгэгч, судлаач, зохиолч, аялагч, соён гэгээрүүлэгч Н.К.Рерихийн Эзэн Чингис хааны амьдрал тэмцлийг эртний уламжлалт түүхэн домогт үндэслэн бичсэн “Жолоодогч” хэмээх шүлгийг ёстой нэг “чадан ядан” орчуулаад түүхч, академич Ц.Ишдоржид хандаж хүсэмжлэн, дэлгэрэнгүй тайлбар бичүүлээд “Өнөөдөр” сонин, “Mongolica” сэтгүүлд 2014 онд нийтлүүлж билээ. Энэхүү шүлэг түүхэн гэхээсээ хэтэрхий их үлгэр, домогт суурилсан учир тийнхүү тодорхой тайлбар дагуулах шаардлагатай байсан.
-Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд гай тарьдаг уу, гавьяа цогцлоодог уу?
-Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд гай тарих ёсгүй. Харин орчуулах эрдмийг эзэмшиж чадваас эх хэлээ баяжуулах гавьяа цогцлоох буянтай. Ингэх нь орчуулагчийн оюун ухаан, эрэл хайгуул, үгийн баялгаас шалтгаална. Гол нь харь хэлнээс үг зээлдэх бус, эх хэлнийхээ баялаг үгсийн хүдрийг ухах хэрэгтэй, эрж олоод тунгаах ёстой.
-Таны орчуулгыг хаанахын хэн юу гэж үнэлсэн бэ. Бас шагнал, урамшил юу хайрласан бэ?
-Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн бичиж нийтлүүлсэн “Гурвалсан морьтон”, “Доголон Төмөр монголоор ярив” өгүүлэл, академич Х.Сампилдэндэвийн “ХХ зууны монгол зохиолчид” цувралаар гаргасан “Дамдины Бямбаа” товхимол зэрэг бүтээлийг дурдъя. Бай шагнал, урамшлын талаар товч намтарт дурдсан билээ.
-Таны алган дээр ямар бархан хамгийн их шан тавьсан бэ. Горьдоосон, гомдоосон хар харамч байхгүй биз?
-Социализмын үед таны хийсэн орчуулгын шагнал хэмээн сонин, сэтгүүлийн газар бүгд хувь хэмжээнд нь тохирсон шагнал өгдөг байсаан. Харин нийгмийн шинэ харилцаанд шилжсэнээс хойш ямар ч шан тавихгүй, нийтэлсэн нь их юм болоод өнгөрдгийг нуух юун. Орчуулагч өөрөө бархан бүхэнд мөнгө төлөхөөс аргагүй болсон. Ингэх нь зах зээлийн нийгэмд зохицож байгаа журам гэх.
-Монголд дан ганц орчуулгын хөдөлмөрөөр аж төрөх боломж бий юү. Гадаадад ямар байдаг бол?
-Монголд дан ганц орчуулгын хөдөлмөрөөр аж төрөх боломж одоогоор хомс байгаа. Харин баян бархны захиалгыг авч чадвал, орчуулга нь тэдний таалалд нийцвэл шагнал хүртэх талтай гэлцэнэ. Гадаадын олонх оронд уран зохиол орчуулсны төлөө мөнгөн шагнал олгодог хуультай. Харин тэр хуулийн өгөөжийг хүртэх, эсэх нь орчуулагчийн чадвараас л шалтгаалдаг гэлцэнэ.
-Ц.Жамсран, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ц.Хасбаатар, Ч.Чимэд, Д.Чойжил, Г.Амар, Х.Мэргэн нарын сор орчуулагчийн өвийг Монголын орчуулагчдын холбоо түмэн олонд хүргэх, түүхийн аянд өртөөлүүлэх талаар юу хийж байгаа бол. Юу хийх ёстой вэ?
-Монголын орчуулагчдын эвлэл манай нэрт соён гэгээрүүлэгч, аугаа их орчуулагчдын “нар өв”-ийг түмэн олонд хүргэх, түүхийн аянд өртөөлүүлэх талаар юу хийж байгааг молхи хүмүүн би мэдэхгүй гэдгээ нуугаад яах вэ. Харин “Юу хийх ёстой вэ” гэвэл үзэг нэгт андуудтайгаа хамт сэтгэвээс тов тодорхой хариу гаргаж чадна аа.
Монголдоо л өгөөжтэй юм бүтээх сэн гэж үсээ шингэлж, чөмгөө дундалж явдаг хамгийн дотно, эрхэм хүндэт өөлд өвгөнийхөө чин сэтгэл зүтгэлд гүн талархал илэрхийлье.