Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийх үеэрээ арилжааны банкуудад хандан "Улс орон, ард иргэдийн эдийн засаг хүнд байгаа энэ үед арилжааны банкууд эх оронч байх хэрэгтэй. Зээл төлөлтийг хойшлуулахгүй бол арилжааны банкнуудын эрүүл мэндэд таагүй арга хэмжээ авна" хэмээн хэлсэн. Түүний ийн хэлсэн нь цаагуураа гадаадын банкийг Монгол Улсад оруулж ирнэ гэх утга бүхий сүрдүүлэг байсан гэж зарим улс төрч, эдийн засагч нар үзэж байна.
Учир нь энэ сарын 18-ний өдөр Засгийн газар хэрэглээний зээл болон зээлийн хүү төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулна хэмээн мэдэгдсэн. Энэ дагуу Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар буулгасан ч, арилжааны банкууд тэр даруй хөдлөөгүй нь Ерөнхий сайдыг ингэж хэлэхэд хүргэсэн юм.
Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотойгоор манай "Unuudur.mn" сайт уншигчдынхаа дунд "Гадаадын арилжааны банкуудад Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхийг өгөхийг та дэмжиж байна уу?" гэсэн ганц асуулт бүхий санал асуулгыг фэйсбүүк дэх пэйж хуудсаараа дамжуулан явуулж, олон нийтийн уур амьсгалыг тандаж үзлээ.
Санал асуулгад 4,007 иргэн саналаа өгснөөс 99.9 хувь буюу 3,953 хүн "Гадаадын банкийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байна" гэв. Харин үлдсэн 0.1 хувь буюу 54 хүн эсрэг санал өгөв.
Монгол Улсын зах зээлд гадаадын банк орж ирснээр банкны салбарт өрсөлдөөн бий болж, улмаар зээлийн хүү буурч, иргэн, аж ахуй нэгжүүдэд тулгарч байгаа хүүгийн дарамт зөөлөрнө гэж зарим эдийн засагч үздэг. Тэгвэл иргэд ч мөн үүнтэй ижил байр суурьтай байгаа нь санал асуулгаас харагдаж байна.