Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хашаатай мал руу таван чоно сүрэглэн дайрчээ. Сүрэглэсэн чоно 103 мал сэгчсэнээс 80 нь үхэж, 23 бог шархадсан байна. Иймд хээрийн боохой ихтэй бүс нутгийн иргэдийг сэрэмжтэй байхыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
Тус аймагт сүүлийн үед айлын хотонд чоно сүрэглэн орж, иргэдийн амь, эд хөрөнгөд ихээхэн хохирол учруулах болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан Засаг дарга Д.Батмагнай ахуйн зориулалтаар чоно агнуулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ мал сүргийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор саарал чоныг ахуйн зориулалтаар агнуулах, үүний тулд ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхөөр шийдвэрлэсэн аж. Уг ажлыг өнөөдрөөс ирэх сарын 10 хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.Цэцэгсүрэн