Эх барихын үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэл зүйн аудитын үр дүнгийн талаар өчигдөр эмч, мэргэжилтнүүд хэлэлцлээ. ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх, Гавьяат эмч С.Амармандах “Гүйлсэн булчирхайн цочмог үрэвслийн үед “Антибиотик 10 хоног хэрэглээрэй” гэж зөвлөхөөр таван өдөр уугаад л орхих тохиолдол их. Энэ нь өвчнийг архагшуулж, дархлаа бага зэрэг сулрах үед дахин үрэвсэх шалтгаан болдог. Шүд цоорсон бол жирэмсний үед эрүү, нүүрний буглаа үүсгэж идээлэх нь бий. Жирэмслэхэд шүдний цоорол, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, бөөр, шээсний замын халдвар зэрэг нь үжлийн эх үүсвэр болдог. Тиймээс эмэгтэйчүүд өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Үжлээр нэгэнт өвчилсөн бол хөрөнгө, хүч зарцуулаад ч тухайн хүний амийг аварч чадахгүй. Жирэмсэн эх үжлээр өвдсөн тохиолдолд эмч нар хоёр хүний амь хариуцах болдог.
Юуны улмаас эх эндээд байгааг дөрвөн жил тутамд үндэсний хэмжээнд судалдаг. Гадаадын судалгаануудад үжлийн шалтгаант нас баралт өндөр байгааг дурдсан нь бий. Үжлийн шокийн үед 10 хүний дөрвөөс илүү нь нас барах магадлалтай. Тиймээс амийг нь аврахын тулд сэргийлэх үзлэг, оношилгоонд анхаарах нь чухал. Монгол Улсад сүүлийн жилүүдэд төрөхийн эндэгдэл буурч буй. Гэсэн ч үжлийн шалтгаант эхийн эндэгдэл өндөр байна. Иймд уг өвчнөөс сэргийлэхийн тулд амны хөндийн эрүүл ахуй, гүйлсэн булчирхай, амьсгалын болон бэлгийн, бөөр, шээсний замын халдварт өртөхгүй байхад анхаарах хэрэгтэй. Сумын эмнэлэгт үжлийг оношлох багаж, тоног төхөөрөмж байдаггүй. Улсын хэмжээний томоохон эмнэлгүүдэд хангалтгүй. Зөвхөн манайд ч биш, олон улсад оношилж чадаж байгаа ч үжлийг бүрэн эмчлэхэд бэрх” гэсэн юм.
А.Дөлгөөн