Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авснаа өөрийн биеэр зарлалаа.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ "Сүүлийн 24 цагийн хугацаанд миний бие бага зэрэг зовиургүй санагдсан. Ингээд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарлаа. Хэдийгээр би одоо гэртээ тусгаарлагдаж байгаа ч коронавирусийн эсрэг тэмцлээ зогсоохгүй. Засгийн газрын хуралдаандаа цахимаар оролцоно" хэмээн мэдэгдсэн юм.
Энэ сарын эхээр Европ тивд уг халдвар эрчимтэй тархаж эхлэх үед Их Британийн Засгийн газар хөл хорио тогтоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан.
Тодруулбал, "Британийн арал дээр хөл хорио тогтоохгүй. Өвчин бол хүмүүсийн асуудал. Бид эдийн засгаа л нэгдүгээрт тавина" хэмээн Борис Жонсон мэдэгдсэн. Гэвч энэ сарын 23-нд ханхүү Чарльз, Альберта нараас коронавирусийн халдвар илэрсэн нь Засгийн газрын баримталж байсан бодлогыг өөрчлөхөд хүргэсэн байна.
Улмаар дараах өдөр нь буюу гуравдугаар сарын 24-нд тус улсын Засгийн газар Их Британид хорио цээрийн дэглэм тогтоосноо зарлажээ. "Хатуу хязгаарлалтын арга хэмжээ даваа гаргийн оройноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дор хаяж гурван долоо хоног үргэлжилнэ" хэмээн Борис Жонсон мэдэгдсэн юм.
Их Британийн иргэдэд зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, үндсэн хэрэгцээт зүйлс, биеийн тамирын дасгал хийх (өдөрт нэгээс илүүгүй удаа ганцаараа эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ хамт), эрүүл мэндийн шалтгаанаар, эсвэл маш чухал гэж үзсэн ажлаар гадагш гарахыг зөвшөөрч байгаа аж.
Хүнсний бүтээгдэхүүн болон нэн түрүүнд шаардлагатай барааны дэлгүүрүүдээс бусад бүх дэлгүүрийг хаахаар болсон байна. Нэг гэр бүлийн гишүүдийнх л биш бол нэг дор цугларах хориотой. Жонсоны хэлснээр, одооноос эхлэн спорт, тоглоомын талбай, мөн шашны байгууллагууд хаагдана. Мөн оршуулгаас бусад хурим, загалмай зүүлгэх зэрэг ёслолуудыг хоригложээ. Эдгээр журмыг дагаж мөрдөхгүй байгаа хүмүүст өндөр торгууль ногдуулах шийтгэл эдлүүлэх гэнэ.