Хүний тархи аливаа нөхцөл байдлыг хүлээн авахад өнгө тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэж сэтгэл судлаачид тайлбарладаг. Тэр ч байтугай өнгө, мэдрэмж хоёр “төрөлхийн” холбоотой гэдэгт зарим судлаачид итгэдэг байна. Харин нөгөө хэсэг нь тухайн өнгөний талаар анх ямар ойлголттой болсон, үлдсэн амьдралдаа тэр хэвээр нь хүлээн авдаг гэнэ.
Улаан
Улаан өнгө бол тархинд аюул, айдсыг илэрхийлэх хамгийн анхны дохио юм. Мөн дур булаам байдал, сэтгэл татах чадварыг нэмэгдүүлэхээс гадна улаан өнгө нь хүний аливаад хариу үйлдэл үзүүлэх хурд, хүчийг өдөөдөг аж.
Рошестерийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хүн улаан өнгө хармагц түүний үзүүлэх хариу үйлдэл маш хүчирхэг болж буйг анзаарчээ. Гэхдээ хүчирхэг гэдэг нь зөвхөн сайн гэсэн үг биш. Муу талаараа ч хүчирхэг байж болно. Ялангуяа улаан өнгө уур, уцаарыг өдөөдөг байна. Тиймээс дэвжээн дээрх өрсөлдөгч чинь улаан хувцастай бол ялагдах магадлал нэмэгддэг гэнэ.
УЛБАР ШАР
Улбар шар бол туйлын сонирхолтой өнгө. Хүний тархинд маш олон янзын нөлөөлөл үзүүлж чаддаг.
Нэн түрүүнд, улбар өнгө халуун дулаан сэтгэгдэл төрүүлдэг. Өрөөний ханыг улбар өнгөөр будсан байхад бид байгаа хэмжээнээс илүү халууныг тэр өрөөнөөс мэдэрдэг. Наанадаж л 2-3 хэм илүү дулаан мэдрэмж төрүүлдэг. Дулаан орчинд хүний булчин суларч, амардаг. Тиймээс амралтын өрөөг улбар өнгөөр тохижуулах нь өндөр үр дүнтэй байдгийг эрдэмтэд аль эрт 1979 онд тогтоожээ.
Түүнчлэн улбар өнгө үнэ цэнийг илтгэнэ. Тухайлбал, улбар шар логотой дэлгүүр хэрэглэгчдэд хямд үнэ, сайн чанар түгээдэг мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
Улаан өнгөтэй төстэй нь, улбар өнгө ч бас аюулын дохиог илтгэнэ. Ялгаатай нь амь дүйсэн, яаралтай аюул бус харин алгуурхан, аажимдаа тулгарч болох аюулыг илтгэдэг байна.
ШАР
Шар өнгө нь баяр баясгалан, нээлттэй, ил тод бас нөхөрсөг байдалтай холбогдоно. Өнгө судлаачид шар өнгийг “хамгийн хүчирхэг” гэж тодорхойлдог. Тархинд шууд аз жаалын мэдрэмж төрүүлдэг ажээ. Тиймээс ч хошин шог, итгэл найдвар, өөдрөг бүхнийг шараар илэрхийлдэг байна.
НОГООН
Ногоон өнгөний тухай бодоход хамгийн түрүүнд байгаль дэлхий, цухуйж буй зулзаган ногоо санаанд буудаг.
Тиймээс ч ногоон өнгө бүтээлч чанарыг дээшлүүлдэг гэж сэтгэл судлаачид тайлбарладаг. Түүнчлэн аливаа асуудлыг бүх талаас нь цогцоор бодож төлөвлөх, нарийн нямбай тооцоолох чадварыг өдөөж, төвлөрөхөд тусалдаг байна.
Ажлын байрыг ногоон өнгөөр тохижуулах нь ажлын бүтээмжийг ихэсгэдэг байна.
ЦЭНХЭР
Тайван амгалан ба төвлөрөл... Улааны яг эсрэг өнгө гэж болно. Улаанаас гадна хамгийн их судлагдсан өнгө юм. Цайвар цэнхэр өнгө нь цусны даралтыг бууруулахад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс ч эмч, сувилагч нар голдуу цэнхэр хувцастай байдаг. Дийлэнх эмнэлгийн хана цэнхэр өнгөтэй байдаг нь ч үүнтэй холбоотой.
ХӨХ
Цайвар цэнхэртэй төстэй нөлөө үзүүлнэ. Мэдрэлийн эсийг тайвшруулдаг. Дээр нь элдэв таагүй санаа бодлоос ангижруулахад тусалдаг болохыг тогтоосон судалгаа бий. Тиймээс өнгөний нөлөөллийг үр дүнтэй байдлаар ашиглахаар Японд туршиж байжээ. Гудамжны гэмт хэрэг, амиа хорлолтыг бууруулахын тулд хотын хөл ихтэй метроны буудлуудад хөх гэрэл суурилуулж байжээ. Энэ арга ч үр дүнгээ өгч, хөх гэрэлтэй метроны буудлуудад амиа хорлохыг завдсан тохиолдол гарсангүй, бас гэмт хэрэг есөн хувиар буурсан гэнэ.
Энэ логикийг Лондонд ч мөн туршиж, голын ус руу үсэрч, амиа хорлох явдлыг багасгахын тулд гүүрийг хөх өнгөөр будаж байжээ.
НИЛ ЯГААН
Дүгнэлт хийхэд түвэгтэй. Хүнд хэрхэн нөлөөлдөг талаас нь тайлбарлавал цэнхэр ба улаан өнгөний холимог гэж болно. Гэхдээ нил ягаан өнгө судлагдсан нь харьцангуй ховор.
Улбар өнгө халуун дулаан мэдрэмж төрүүлдэг бол нил ягаан өнгөөр тохижуулсан өрөө эсрэгээрээ хүйтэн мэдрэмж төрүүлдэг.
Шалтгаан нь тодорхойгүй ч эмэгтэйчүүдийн хамгийн дуртай өнгө нил ягаан байх нь олонтаа. Гэтэл эсрэгээрээ эрчүүдийн хамгийн дургүй өнгө нил ягаан байх нь бас элбэг ажээ.
ЯГААН
“Baby” өнгө гэдэг. Харин орчин үед бол эрчүүдийн богино өмд ч ийм ягаан өнгөтэй байх болсон. Маш сонирхолтой өнгө. Хүний зан авирт шууд нөлөөлж чаддаг. Сэтгэл судлаачдын дунд “ягаан шорон” гэх хэллэг ч бий.
1979 онд хийгдсэн судалгаагаар шоронгийн хоригдлуудыг ягаан ханатай өрөөнд хориход тэд идэвхгүй болж, булчин нь суларч байжээ. Бухимдал, зовлон шаналал нь ч буурсан байна. Харин өнөөдөр Швейцарийн шоронгуудын 20 хувь нь дуулгаваргүй ялтнуудад зориулсан тусгай ягаан өрөөтэй байдаг аж.
Сэтгэл судлаачид мөн ягаан өнгөний тайвшруулах чадвар хүүхдэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардиньо дахь засан хүмүүжүүлэх газар ягаан өрөөг туршиж үзсэн байна. Гэтэл уйлж, орилж, чарлаж, хашхичиж байсан хүүхдүүд ягаан өрөөнд ороод ердөө 10 минут өнгөрөхөд л тайвширчээ. Зарим нь бүр унтаад өгсөн гэнэ.
ЦАГААН
Цагаан өнгөнөөс эрэмгий, дайчин чанар хайгаад ч хэрэггүй. Гэтэл цагаан хувцастай эрчүүд илүү сэтгэл татам харагддаг.
2010 онд хийгдсэн судалгаагаар элдэв зураг, дүрсгүй энгийн цагаан футболктой эрийг бүсгүйчүүд хамгийн сэтгэл татам залуугаар сонгожээ. Эрчүүд улаан даашинзтай бүсгүйг сонгодог бол хүүхнүүд цагаан цамцтай залууг илүүд үздэг байх нь.
Цагаан өнгө нь цэвэр ариун байдлыг илтгэнэ. Түүнчлэн уйтгартай, гунигт бодолд хөтөлдөг.
ХАР
Бум түмэн бодол толгойд нь эргэлдсэн, шилжилтийн үедээ яваа өсвөр насныхан хар хувцасны цаана бүх проблемоо “нуудаг”. Жаахан байхдаа хар өнгөнөөс айдаг байсан бид насанд хүрмэгцээ туранхай харагдана гэх шалтгаанаар хар хувцас сонгох нь элбэг. Яагаад заавал хар гэж?
Хар өнгийн хувцас эмэгтэй хүний сэтгэл татам байдлыг сэргээж, загварлаг, хүчирхэг болгож харагдуулдаг. Хамгийн хачирхалтай нь хар өнгө хүнийг маш идэвхтэй болгодог байна.
Түүнчлэн хар, цагаан зураг, дүрс бүхий сурталчилгаа хүнд илүү хүрдгийг тогтоосон судалгаа байдаг аж