Украинд бүлэг гэмт этгээдүүд бизнес эрхлэгчдээс зэвсгээр сүрдүүлэн 100 мянган амны хаалт дээрэмдсэн хэрэг гарсан тухай “Интерфакс” мэдээлэв. Гэмт этгээдүүд өөрсдийгөө Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд гэж хэлээд бизнес эрхлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг нь хураан авчээ. Тэд амны хаалтыг цааш хил дамнуулан зарахаар төлөвлөж байсан аж. Дээрэмчид бүгд баригдсан байна. Украинд сүүлийн үед хууль бус дамын наймаачид эмнэлгийн амны хаалтыг хил давуулан худалдаалах явдал элбэг болсон аж. Саяхан тус улсын Дотоод хэргийн сайд Арсен Аваков нэг тонн амны хаалтыг хил давуулах оролдлого гарсан тухай мэдэгдсэн юм. Түүний хэлснээр бол гэмт этгээдүүд тэдгээр амны хаалтыг Итали, Арабын Нэгдсэн Эмират руу гаргах гэж оролджээ. Украины засгийн газар коронавирусын тархалтын улмаас амны хаалтыг экспортлохыг хориглосон байна.