Казахстан улсад хоёр герман хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Халдвартай нэг иргэн нь энэ сарын 9-ний өдөр Казахстанд ирсэн бол нөгөө нь 12-нд иржээ. Одоогоор тэр хоёрыг Алматы хотын нэгэн эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа юм байна.
Казахстаны хууль хяналтын байгууллагынхан нэг болон хоёрдугаар хавьтагчдыг олж тогтоохоор ажиллаж байна. Харин хоёр дахь тээгчтэй хамт ирсэн зорчигчдыг бүгдийг тусгаарлаж, хяналтад авчээ.
Коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрмэгц тус улсын Засгийн газар шуурхай хуралдаж, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн ирэх долоо хоногт олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хориглох юм байна.