Өчигдөр буюу Лхагва гарагт /2020.03.11/ Нью-Йорк хотын шүүх нэрт продюсер Харви Вайнштенийг бэлгийн дарамт болон хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэж үзэн 23 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай “New York Times” сонин мэдээлэв. Сонинд бичсэнээр бол Вайнштейн ял сонссоноосоо хойш хэдэн цагийн дараа зүрх нь муудан эмнэлэгт хүргэгджээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр тангарагтны шүүх Вайнштены эсрэг өдүүлсэн таван хэргээс бэлгийн шинж чанартай гэмт үйлдэл, гуравдугаар зэргийн хүчингийн хэрэг гэсэн хоёр хэргээр буруутгажээ. АНУ-ын хуулиар гуравдугаар зэргийн хүчингийн хэрэг 5 хүртэлх жилээр хорьдог бол бэлгийн шинж чанартай гэмт үйлдэлд дээд тал нь 25 жил хорих ял оноодог аж. “NBC News” сувгийн мэдээлснээр прокурор Вайнштенд хамгийн дээд хэмжээ буюу түүнтэй ойролцоо ял оноохыг хүссэн байна. Тангарагтны шүүгчид Вайнштейнийг "зэрлэг бэлгийн хүчирхийлэл" -д буруутай гэж үзээгүй байна. Хэрэв эсрэгээр нь шийдсэн бол продюсерыг бүх насаар нь хорих байсан аж. Шүүх Вайнштейнтай өмнө нь хамт ажилладаг байсан жүжигчин Хейли, Манн нарын мэдүүлэгт үндэслэн буруутгасан байна. Шүүх хуралд өөр эмэгтэйчүүд оролцож, Вайнштейнийг хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдэгдсэн хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас тэдний мэдүүлгийг хэргийн үндсэн материалуудад оруулаагүй байна. Өмнө нь “The New York Times” сонинд Вайнштейнийг 30 жилийн турш залуу жүжигчид болон компанийнхаа ажилтнуудтай дотно харилцаанд орж, үүнийх нь төлөө карьерыг нь ахиулна гэж амлаж байжээ. Үүнээс хойш Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Салма Хайек, Миро Сорвино зэрэг 80 гаруй эмэгтэй жүжигчин Вайнштейний хүчирхийлэлд өртөж байснаа мэдэгдсэн байна.
Харви Вайнштейн дүү Бобын хамт 1979 онд кино үйлдвэрлэх, түгээх чиглэлээр мэргэшсэн Miramax Films компанийг байгуулжээ. 2005 онд ах дуу хоёр “Miramax Films”-ийг орхин “Weinstein” кинокомпанийг байгуулжээ. Box Office Mojo-ийн мэдээллээр тус компани 2010 оноос хойш тус 90 гаруй киног гаргасан бөгөөд шилдэг таван бүтээл нь 1.5 тэрбум доллараас дээш орлого олсон байна. Харви Вайнштейн бол “Scream” (1996), “Robinson Crusoe” (1997), “Scary Movie” (2000), “The Lord of the Rings” (2001, 2002, 2003), “Spy Kids” ( 2001), "Kill Bill” (2003), " Inglourious Basterds " (2009), " The King's Speech" (2010) зэрэг маш олон киног продюссерлэсэн юм.