Дэлхий даяар 121 мянган хүн шинэ төрлийн коронавирсээр халдварласан тул ДЭМБ уг өвчний тархалтыг “царт тахлын” хэмжээнд хүрлээ гэж Лхагва гарагт /2020.03.11/албан ёсоор мэдэгдлээ. Сүүлийн хоёр долоо хоногт Хятадаас гадна халдварын тохиолдлын тоо 13 дахин, халдвар тархсан орны тоо гурав дахин өссөнийг мөн цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус онцолжээ. Covid-19 халдварын тархалтыг “царт тахлын” хэмжээнд хүрсэн гэж тодорхойлсноор ДЭМБ улс орнуудад хийх ёстой зүйлийн тухай өгсөн зөвлөмжөө өөрчилнө гэсэн үг биш. Энэ нь дэлхий даяараа асар өндөр эрсдэлтэй тулгарч байгааг мэдэгдэж, хамгийн дээд түвшний сэрэмжлүүлгийг зарлаж байгаа аж. Үүнээс гадна ДЭМБ-аас гаргасан уг мэдэгдэл улс орнуудын удирдлагыг Covid-19 халдварын тархалтын эсрэг яаралтай илүү хурц арга хэмжээнүүдийг авахад түлхэц болох юм. "Дэлхийн улс орнууд эрүүл мэндийг хамгаалах, эдийн засаг, нийгмийн цочролыг багасгах болон хүний эрхийг хүндэтгэхийн хооронд тэнцвэрийг хадгалах ёстой" гэж ДЭМБ-ын тэргүүн ерөнхий захирал уриалжээ.