Хятадад Covid-19 халдвар авсан хүмүүсийн дөрөвний гурваас дээш хувь нь эдгэрэн, эмнэлгээс гарч, 16 мянга орчим өвчтөн эмнэлэгт хэвтэж байна гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос гаргасан тоо баримт өгүүлж байна. Эх газрын Хятад улсад коронавирусын халдвар авсан тохиолдлын тоо 80,778-д хүрч, үүнээс 61,475 хүн эмчлэгдсэн нь нийт тохиолдлын 76.1 хувийг эзэлж байгаа юм байна. Одоогийн байдлаар эмчлүүлж байгаа 16145 өвчтөний 4492 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Хубэй мужийг эс тооцвол вирус бүх Хятад даяар тархаж эхэлснээс хойш 13,000 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 112 нь нас барсан байна. Нас баралт 0.86%-тай байж. Харин тархалтын гол төв болох Хубэй мужид 67,773 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2,959 хүн нас барснаар нас баралт 4.49%-тай байв. Ухань хотод нас баралтын түвшин 4.85% байжээ. Ийнхүү нийт 3.158 хүн амь насаа алдаж, улсын хэмжээнд нас баралтын дундаж түвшин 3.9%-д хүрсэн байна. Ойрын үед тус улсад Covid-19 халдварын тархалтын байдал буурч байгаа бөгөөд сүүлийн нэг өдөр улс даяар ердөө 24 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 10 нь гадаадаас орж ирж, 13 нь Хубэй мужид бүртгэгджээ.