Вьетнам улсад Covid-19 халдвартай нэг ч хүн үлдээгүй талаар тус улсын Ерөнхий сайдын орлогч Ву Дик Дам мэдэгджээ. Тэрбээр энэ тухай коронавирусийн халдварын тархалттай тэмцэх улсын комиссыг даргалж байгаагийн хувьд тус улсын ЭМЯ-д хийсэн хэвлэлийн бага хурлын үер хэлсэн байна. Covid-19 коронавирусээс үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвараар оношлогдсон 16 хүний сүүлчийнх нь бүрэн эдгэрсэн болохыг тэрээр тодрууллаа. Мягмар гарагийн өглөө тус өвчтөнд коронавирусын халдвар байгаа эсэхийг шалгасан давтан шинжилгээгээр сөрөг үр дүн гарчээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн хоёр долоо хоногт тус улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Вьетнамд 1-р сарын 23-нд Covid-19 халдварын анхны тохиолдол илэрчээ. Халдвартай хүмүүсийн дунд Вьетнам иргэдээс гадна Хятад улсын хоёр, Вьетнам гаралтай АНУ-ын нэг иргэн байжээ. Халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Вьетнамын эрх баригчид тус улсад гоц халдварт өвчний аюулын байдал зарлажээ. 1-р сарын сүүлээс Хятадтай агаарын харилцааг бүрэн зогсоож, газар нутгийн хилийг хэсэгчлэн хаасан байна.