Монгол үлэг гүрвэлийн орон. Үлэг гүрвэл хэмээх “брэндээ” олон улсад таниулж, жуулчдыг татах зорилгоор Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны 11 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музей байгуулсан билээ. Музейн анхны үзмэр нь тарбозавр батаар. Уг үлэг гүрвэлийн бүтэн хэлхээ ясанд “тулгуурлан”, байр ч үгүй музей байгуулахаар шийдсэн нь тэр. Үүнээс улбаалан “Ганцхан үзмэртэй музей” гэх шүүмжлэл тухайн үед гарч байв. Тэр үеэс хойш музей олон нийтэд танигдаж, байртай ч болж, бүтэц, зохион байгуулалт, техник, технологийн хувьд ахиж дэвшсэн. Хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх тусгай хөтөлбөрүүдтэй ч болсон юм. Тус бүрийн онцлогтой таван танхим байгуулж, тэдгээр нь хэдэн зуугаар тоологдох үзмэрээр баяжив. Гэсэн ч Монголыг төлөөлөх, үлэг гүрвэлийн орон гэдгийг илэрхийлэх үзмэрүүд музейд өдий хүртэл бараг байхгүй гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй болов уу.
ЭРДЭМТЭД ОЛДВОРУУДЫГ “ДАРЖ” БАЙНА
Үлэг гүрвэлийн баялаг олдвортой зургаан орон бий. Тэдгээрээс судалгаа, шинжилгээ, хөгжлийн түвшнээрээ Монгол Улс гуравдугаарт жагсдаг. Манайхаас урд АНУ, БНХАУ бичигддэг билээ. Үлэг гүрвэл судлаачдын олон улсын хурал өнгөрсөн зун манай улсад болсон. Түүнчлэн мөн л өнгөрсөн зун дэлхий дахинд нээлтийн хэмжээнд үнэлэгдэх олдворуудаа манай эрдэмтэд олон улсад дэлгэн харуулж, бишрүүлсэн. Ийнхүү эрдэмтэд, судлаачид ажиллаад, нээлт хийгээд буй хэр нь “үлэг гүрвэлүүд” яагаад музейд ирэхгүй байна вэ. Гадаадын эрдэмтэн, судлаачид шагшин магтаад, дэлхий гайхширч буй олдворуудыг монголчууд өөрсдөө яагаад олж харж чадахгүй байгаа юм бол. Эртний амьтан, ургамлын үүсэл, хөгжлийг харуулсан, сэргээн босгосон баримал, зураг төдийг л бидэнд үзүүлээд буйн учир юу вэ?
Эрдэмтэд судалгааны бүтээл, олдвороо музейд өгдөггүй, “дардаг” нь үүний гол шалтгаан гэдгийг музейнхэн хэлсэн. Энэ нь зөвхөн тус музейд тулгардаг асуудал биш аж. Ер нь л палеонтологи, археологи, угсаатны зүй судлаачид судалгааны бүтээл, олдвороо музейд өгдөггүй, хувийн эд хөрөнгө мэт үздэгтэй холбоотой гэнэ. Жишээ нь, палеонтологичид өчнөөн олон судалгааны бүтээл, үлэг гүрвэлийн хэлхээ ясыг улсын сан хөмрөгт өгөх бус, “Хүннү” их дэлгүүрт тавьчихсан нь утгагүй хэрэг гэдгийг тус музейнхэн хэлсэн. Эсвэл чингэлэгт хийгээд хадгалчихдаг аж. Үлэг гүрвэлийн музей нь хоосон шахуу байхад шүү дээ.
Музейн зориулалттай барилга Монгол Улсад хоёрхон бий. Нэг нь хуучнаар Лениний музей буюу тарбозавр батаарыг хадгалж буй байшин. Нэгэнт музейн зориулалттай, бас үлэг гүрвэлийн төрөлжсөн музей байсаар атал эрдэмтэд олдворуудаа өгөхгүй бол салбарын яам, агентлагийнхан, холбогдох мэргэжилтнүүд шахаж, шаардах ёстой гэж музейнхэн хэлсэн юм. Гэсэн ч үүнийг хэрэгжүүлэх албан тушаалтан өнгөрсөн долоон жил гаруйн хугацаанд огт гарч ирээгүйг тэд шүүмжилсэн.
Шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтийн үндсэн дээр сан хөмрөгөө баяжуулах ёстой гэж үзсэн учраас тус музейнхэн палеонтологич, шинжлэх ухааны доктор Я.Ариунчимэг, Чимэдцэрэн нартай хамтран ажилладаг болжээ. Туршлагатай эрдэмтэд залуусыг дагуулж, сургадаг аж. Өөрөөр хэлбэл, аргагүйн эрхэд өөрсдөө сан хөмрөгөө баяжуулах болжээ. Энэ нь ч үр дүнд хүрч, өнгөрсөн жил гэхэд 400 гаруй олдвор цуглуулсан байна. Олны хүсдэгчлэн үлэг гүрвэлийн бүтэн хэлхээ яс биш ч шинжлэх ухааны ач холбогдол өндөр олдворууд илрүүлсэн гэдгийг музейн захирлаар ажиллаж байсан Н.Жавзмаа ярилаа. Тэдгээрийг судалж, сэргээн зассаны дараа үзмэр болгох учир музейд байрлуулахад багагүй хугацаа шаардлагатай юм байна. Ийнхүү судалж, шинжилсний дараа музейд тавих олдвор 1000 гаруй бий гэнэ лээ. Энэ мэт судалгаа, цуглуулгадаа тулгуурлан Мезозойн эринийг харуулах танхимыг удахгүй ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙТЭЙ НЭГТГЭСНИЙ БАЛАГ
Өмнөх хэсэгт Үлэг гүрвэлийн төв музей хэмээн хэд хэдэн удаа дурдлаа. Гэсэн ч албан ёсоор бол ийм нэртэй музей Монголд одоо байхгүй. Эргэн сануулахад, тав дахь танхим болох “Эрт төрмөлийн эрин”-ийг нь нээсэн өдөр буюу өнгөрсөн оны долдугаар сарын 31-нд тус музейг татан буулгах гэнэтийн шийдвэр олон нийтэд түгсэн билээ. Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-нээс татан буулгах 281 дүгээр тогтоолыг Засгийн газраас гаргаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх болсон. Тэгэхээр цаасан дээр буюу албан ёсоор Монгол Улс үлэг гүрвэлийн музейгүй болж, үзмэрүүдийг нь Байгалийн түүхийн музейд харьяалуулах болсон юм. Барилгынх нь гаднах хаягийг ч Байгалийн түүхийн музей болгон өөрчилсөн.
Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаснаас хойш таван сар өнгөрчихөөд байхад өдий хүртэл хэрэгжсэнгүй. Хэдийгээр байшингийн хаяг Байгалийн түүхийн музей боловч дотор нь Үлэг гүрвэлийн төв музей үйл ажиллагаа явуулсан хэвээр. Өөрөөр хэлбэл, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдийг хараахан дэлгээгүй. Үүнээс улбаалж үзэгчид “Байгалийн түүхийн музей гэчихээд үлэг гүрвэл үзүүлээд байна” хэмээн бухимдах тохиолдол ч бишгүй гарах болжээ. Хоёр музейн ажилтнуудын аль аль нь нийлүүлж, нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг төсөөлөө ч үгүй байсан бөгөөд үүнээс болж, зөрчил, үл ойлголцол үүсэж, аль алиных нь ажил хэдэн сараар “царцжээ”. Товчхондоо, төр, засгийн шийдвэрийн үр дүнд албан хаягтай албан бус музей бий болж, урагшилдаг ч үгүй, ухрах ч үгүй гацчихаж.
Н.ЖАВЗМАА: ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН
Уг асуудалтай холбоотой зарим зүйлийг Байгалийн түүхийн музейн Үзмэр, үзүүллэгийн хэлтсийн дарга Н.Жавзмаагаас тодрууллаа. Тэрбээр музейн салбарт 30 орчим жил ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн юм.
-Та урьд нь Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар ажиллаж байсан. Юутай ч төр, засгийн шийдвэрээр хоёр музей нэгдлээ. Үлэг гүрвэлийн музей хэзээ “жинхэнээсээ” Байгалийн түүхийн музей болох вэ?
-Үлэг гүрвэл бол зөвхөн Монголын бус, дэлхийн брэнд. Монголоос илрүүлсэн олдворуудын 98 хувь нь унаган буюу манайхаас өөр оронд байхгүй. Энэ утгаараа бид үлэг гүрвэлд зориулсан бие даасан музей байгуулсан. Тийм гоё музейгээ сөнөөчихлөө. Маш харамсалтай. Гэхдээ би хэзээ ч үлэг гүрвэлийн музейг татан буулгуулахгүй. Яагаад гэвэл дэлхий нийт үүнийг сонирхож байна. Би Үлэг гүрвэлийн төв музейн концепц боловсруулсан. Түүнийхээ дагуу жил бүр шинэ танхим ашиглалтад оруулж, энэ онд чихмэлийн болон сэргээн засах лабораторитой болох гэж байлаа. Гэтэл төлөвлөсөн бүх ажил гацсан.
-Хоёр музейг нэгтгэх нь буруу гэж үү?
-Манай улс музейн хүний нөөцийн асуудалд анхаарахаа больсон. Энэ салбарыг хариуцсан хүмүүс маш сул дорой байна. Төрийн алба хашиж буйгаа умартах боллоо. Энэ бол маш том саад, гацаа. Яамны мэргэжилтнүүдээс “Та нар ямар судалгаа хийсэн учраас хоёр музейг нийлүүлэв ээ” гэж би асуусан л даа. Логикийн хувьд Байгалийн түүхийн музейн анхдагч үзмэрүүд нь эртний амьтан, ургамал байж болно. Дараагийн түвшинд орчин үеийн амьтан, ургамлыг тавих боломжтой. Гэхдээ гэнэт нэгтгэх бус, ядаж хоёр захирлыг нь уулзуулаад, ямар ч зөрчил гаргахгүйгээр, асуудлыг шийдэж болох байсан. Гэтэл төр, засаг гэнэт шийдвэр гаргаснаас маш их зөрчил үүссэн. Хоёр байгууллагын ажилтнууд итгэлцэхгүй байна. Анхнаасаа бүх асуудлыг зохицуулсны дараа шийдвэр гаргасан бол бид бүтэн дөрвөн сар гаруйн хугацаа алдахгүй, ажлаа хэвийн үргэлжлүүлэх байлаа.
-Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг гаргаж тавихгүй юм уу?
-Байгалийн түүхийн музей гэчихээд дотроо үлэг гүрвэл үзүүлээд байж болохгүй. Энэ бол залилан. Үзэгчдийг хуурч буй нэг хэрэг. Тиймээс бид үүнд ихэд анхаарч, ач холбогдол өгч буй. Энэ маягаараа удвал бид монголчуудаа залилсан хэрэгт орно. Тиймээс Байгалийн түүхийн музейд байрлуулах шаардлагатай бүх үзмэрээс “амсуулсан”, нэг том танхим гаргах сэдэвчилсэн төлөвлөгөө боловсруулж, захирлаараа батлуулсан. Уг ажлыг өдгөө ид хэрэгжүүлж байна. Цагаан сараас өмнө бид Байгалийн түүхийн музейн эд эс бүрийг “шингээсэн” танхимтай болно. Байгалийн түүхийн музей нийт үзмэрийнхээ 40 гаруй хувийг гаргаж тавьдаг байсан. Тэдгээр нь манай дээд талын танхимд хангалттай багтана.
Бэлтгэсэн: М.Оч