Манай улсын ажилтай, орлоготой, зээл авах боломжтой хэд нь л байранд амьдардаг. Тэрнээс биш баян цатгаландаа олон хүн амьдардаг нийтийн шахам статустай орон сууц руу хошуурдаггүй. Бараг бүгд урт хугацааны зээлтэй, түүнийгээ төлөхийн тулд нуруугаа махийтлаа, унтах нойроо хугаслан байж хөдөлмөрлөцгөөдөг. Хананаасаа халуун ус авч, түлээ, нүүрс гэлгүй ая тухтай амьдрахын л тулд шүү дээ. Гэтэл иргэдийн эл эрэлтэд дөрөөлж, олсон хэдээс нь “мөлжиж”, хумсалдаг байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн гэгддэг холбоод мундахгүй олон болжээ. Орон сууцын конторууд нь ус, дулаан, цахилгааны улсаас мөрддөг тарифыг өөрсдийн дураар нэмж, дундаас нь “цавчдаг”. Оршин суугчидтай гэрээ байгуулаагүй байхад даатгалын компанийн өмнөөс сар бүр татаас авдаг гэхчлэн иргэдийг “мэрж” ханахгүй.
...Иргэдэд бүх эрх нь бий. СӨХ, контор байгуулсан барилгын компаниудыг холбогдох албаныханд мэдэгд. Байгуулсан СӨХ-г нь татан буулга. Дээр өгүүлсэнчлэн шинэ гишүүд, Удирдах болон Хяналтын зөвлөл, даргыг халж, солих эрхийг иргэдэд хуулиар олгосон. Өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөөс чинь СӨХ, конторууд “хулгайлж” ханахгүй. Мэдээлэлгүйгээсээ болж бүү хохир....
Үүнээс гадна оршин суугчдыг хамгийн их зовоодог, хохироодог, хэл ам дагуулдаг газар нь Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) билээ. Нийслэл жил ирэх тусам хүрээгээ тэлж, орон сууцын хороолол, хотхонууд хаа сайгүй сүндэрлэж буй өнөө үед СӨХ-г тэтгэврийн хэдэн хөгшний хийх ажил гээд хяналтгүй орхиж боломгүй. Өөрөөр хэлбэл, хот, хөдөө гэлтгүй байранд амьдардаг бүх иргэний, өрх бүрийн тулгамдсан асуудал энэ болчихоод буй. Энгийнээр тайлбарлахад орон сууцын иргэд амьдарч буй гаднах, доторх орчноо сайжруулах, дундын өмчөө ариг гамтай ашиглаж, тордох зорилгоор сайн дураараа нэгдэж, бүлэг байгуулахыг СӨХ гэж нэрлэдэг. Эл үйл ажиллагааг зохицуулсан “урт нэртэй” хууль ч бий. Гэтэл хуулиас дээгүүр эрх мэдэлтэй холбоод нийслэлд хэдэн зуугаараа. Өдгөө улсын хэмжээнд 1000 гаруй СӨХ ажилладаг. Оршин суугчдын итгэл, сэтгэл, хэтэвчээр нь “тоглож”, сар бүр төлдөг мөнгийг нь хурааж авчихаад гадаад, дотоодоор аялаад алга болдог, засвар, үйлчилгээ ч хийдэггүй. Байрных нь бус, СӨХ-ны гишүүдийнх нь л амьдрал, ар гэрийнхэн хөлжөөд байхад хянах ёстой байгууллагууд нь “Тэгж л байдаг юм” гэсэн шиг тоохоо ч болилоо.
Сүүлдээ бүр барилгын компаниуд хүртэл СӨХ байгуулж, мэдээллээс хол, ажил ихтэй, завгүй иргэдийн тархийг нь “угааж”, төөрөгдүүлэх болж. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд “Орон сууцаа хувьчилж авсан дөрөв буюу түүнээс олон иргэн нэгдэж, СӨХ байгуулах эрхтэй” гэж заасан. Харин барилгын компани СӨХ байгуулахыг эл хуулиар зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн компани барилгаа Улсын комисст хүлээлгэж өгснөөр тэдний иргэдэд үзүүлэх үйлчилгээ нэг талаар дуусгавар болох учиртай. Бүр тодруулбал, ашиглалтад оруулсан байранд тухайн гүйцэтгэгч компани харин ч гурав хүртэлх жилийн баталгаа өгдөг. Энэ хугацаанд тухайн байранд үүссэн доголдлыг бүрэн хариуцдаг тул иргэд СӨХ-ны төлбөр төлөх ёсгүйг хуульчилсан байдаг. Айлуудын цонх цантаж байвал түүнийг барилгын компани сольж өгөх үүрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь, иргэд энэ мэт наад захын хуулийн заалтуудыг мэддэггүйгээс шинэ байранд нүүж ормогцоо л сар бүр татаас өгсөөр байна.
Хуулийн дээрх цоорхойг барилгын компаниуд овжин ашиглаж, өөрсдөө СӨХ байгуулчихдаг. Даргаар нь танил тал хүмүүсээ томилон, байрныхаа дутуу засварыг оршин суугчдын мөнгөөр хийлгэдэг жишиг хэдийн тогтжээ. Өөрөөр хэлбэл, баталгаат хугацааны ашиглалтын зардлаас ингэж зайлсхийдэг аж. Зарим оршин суугч булхайг нь мэдээд хэл ам гаргахаар луйврын аргаа улам “нарийсгаж” хамаатан садныхнаа тухайн барилгадаа түр амьдруулж, СӨХ-гоо удирдуулаад, баталгаат хугацаагаа дуусахаар хаяад явсан хэргүүд ч нэлээд бүртгэгдсэн байна.
Саяхан ойрын танил маань шинэ байр худалдан авсан. Нүүж ороод хоёр ч хоноогүй байхад нь СӨХ-ны дарга гэх эмэгтэй утсаар ярьж. “Танайх дараа сараас СӨХ-ны төлбөрөө төлнө шүү. Сарын 28 000 төгрөг” гэжээ. Шинэ байр, засвар, үйлчилгээ хийх шаардлагагүй хэрнээ яагаад ийм өндөр төлбөр авч байгааг нь тодруулахад цахилгаан шат ашигласны, орц, хонгилын гэрэлтүүлэг зэрэг хэд хэдэн хураамж төлөх ёстойг шаардсаар утсаа “салгасан” гэнэ. Хөршүүдээсээ СӨХ-ны үйл ажиллагааны талаар лавлахад байр авахад нь л байгуулагдсаныг хэлжээ. Энэ жишээн дээр бол хэн, хэзээ, хаанаас байгуулсан нь тодорхойгүй тохиолдолд оршин суугчид СӨХ-гоо татан буулгаж, өөрсдөө байгуулах ёстой. Эрх нь тэдэнд бий. Хяналтын болон Удирдах зөвлөл гээд бүгдийг шинээр томилох нь луйвардуулахгүй байх ганц арга.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т иргэдээс ирүүлдэг санал, гомдлын 35-45 хувийг барилга, СӨХ, орон сууцын контортой холбоотой маргаан эзэлдэг байна. Тус газрынхны иргэдийн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтаар барилгын компаниуд СӨХ байгуулж, иргэдээс мөнгө хураасан, техникийн давхруудыг зарсан тохиолдол бишгүй гарчээ. Дээр дурдсанчлан барилгын компаниуд дутуу үлдээсэн ажлаа өөрийн хөрөнгөөр бус, иргэдийн мөнгөөр хийдэг зөрчил хавтгайрсан гэнэ. Баталгаат хугацаагаа дуусгаад оршин суугчдын дундын өмчийг зардаг, СӨХ-д хүлээлгэж өгөх ёстой тоног төхөөрөмжүүдээ үлдээдэггүй тохиолдол ч гарсаар байгаа аж. ШӨХТГ-ынхан өнгөрсөн онд 3100 гаруй иргэний гомдлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу барагдуулсан гэнэ лээ. Цаашид СӨХ, харилцаа холбоо, ахуйн үйлчилгээтэй хамааралтай гомдол, санал, зөрчил ихсэх хандлагатайг албаныхан хэлсэн.
Барилгын компаниудын мөнгө “угаах” өөр нэг арга нь орон сууцын контор гэнэ. Иргэд СӨХ-нд бус, конторт илүү итгэдгийг далимдуулан өөрсдийн барьсан хороолол, хотхонуудынхаа дунд хамаарал бүхий, эсвэл охин компаниа “оруулдаг” байна. Гүйцэтгэгч компаниуд барьсан барилгаасаа холдож чаддаггүй, СӨХ, контор байгуулдаг нь их хэмжээний мөнгө иргэдээс халааслах боломж учраас тэр шүү дээ. Баянгол дүүрэгт гэхэд 10 гаруй СӨХ-г “атгасан”, нэг сумын төвийн хүн амаас ч олон иргэний ус, дулааны хэрэгцээг хангадаг гэх контор бий. Орон сууцын 100 гаруй барилга, 5000 орчим өрхийн цахилгаан, ус, дулааны мөнгийг хураадаг. Хариуцдаг барилгуудын олонх нь толгой компанийнх нь барьсан орон сууц байх жишээтэй. Охин компаниараа дамжуулан орон сууцын контор байгуулж, иргэдээс байрны мөнгө гэх нэрийдлээр янз бүрийн төлбөр, хураамж нэмж авдаг байж. СӨХ-дыг их хэмжээний өрөнд “албаар” унагадаг хувийн статустай контор нийслэлд цөөнгүй байгаа нь холбогдох албаныхны шалгалтаар энэ мэт илэрсэн байдаг. Орон сууцын контортоо 10-50 хүртэлх сая төгрөгийн өртэй СӨХ ч олон бий гэнэ. Ингэхдээ хогны төлбөр дээрээ “ажиллуулсан”, зоорийн давхрын дулаан болон нийтийн эзэмшлийн орц, хонгилын халаалтын төлбөрийг илүү авдаг, цэвэр, бохир усны тариф нэмэх шийдвэр гараагүй байхад хэдэн сарын өмнөөс урьдчилж авах зэргээр СӨХ-дыг өрөнд оруулдаг. Байж болох бүхий л аргаар мөнгө завшдаг гэсэн үг.
Иргэдэд бүх эрх нь бий. СӨХ, контор байгуулсан барилгын компаниудыг холбогдох албаныханд мэдэгд. Байгуулсан СӨХ-г нь татан буулга. Дээр өгүүлсэнчлэн шинэ гишүүд, Удирдах болон Хяналтын зөвлөл, даргыг халж, солих эрхийг иргэдэд хуулиар олгосон. Өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөөс чинь СӨХ, конторууд “хулгайлж” ханахгүй. Мэдээлэлгүйгээсээ болж бүү хохир. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага өдгөө тулгараад байгааг албаныхан ярьдаг ч ажил хэрэг болгосон нь үгүй. Дээрх асуудлуудыг нэг мөр шийдэхийн тулд хуульд заавал нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Тэр болтол иргэд тус хуулийг сайн уншиж, судлах хэрэгтэй. Бидэнд ашигтай заалтууд ч бий. Түүгээр эрх ашгаа хамгаалж, луйврын компаниуд, ажлаа хийдэггүй СӨХ, байрны мөнгө завшдаг орон сууцын конторуудтай чадлынхаа хэрээр тэмцэх хэрэгтэй.